Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд хэд хэдэн чухал шийдвэрийг гаргалаа.
Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг урьдчилан шалгаж, туршилт хийж, баталгаажуулах, гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна. Уг ажлын хэсэгт Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Тагнуулын ерөнхий газар, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам, “И-Монгол академи”, “Үндэсний дата төв” УТҮГ зэрэг байгууллагын төлөөлөл багтаж ажиллана.
Мөн нөхөн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хороодын дэргэд ажиллах Мэдээллийн технологийн багийн бүрэлдэхүүнийг 59 төрийн албан хаагчаас бүрдүүлэн баталсан бөгөөд эдгээр мэргэжилтнүүд нь мэдээллийн аюулгүй байдал, техник хэрэгслийн ажиллагааг шуурхай, найдвартай хангаж ажиллах юм.
Энэхүү арга хэмжээ нь сонгуулийн ил тод, найдвартай зохион байгуулалтыг хангах, техник технологийн найдвартай байдлыг баталгаажуулахад чиглэж байгаа аж.
Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо