Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламж болон таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна. Энэхүү төслийн эхний ээлжийн 2.4 км авто замыг асфальтбетон хучилтаар бүрэн хийж дуусгах шатандаа оржээ. Зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2025 оны зургаадугаар сард багтаан нээхээр төлөвлөсөн байна.
Үлдсэн 1.5 км авто замыг эхний хэсгээ нээсний дараагаар үргэлжлүүлэн хучих бөгөөд бүтээн байгуулалтыг “Монгол зам групп” ХХК хэрэгжүүлж байна. Тус компанийн Ерөнхий инженер Б.Нямдагвагийн мэдээлснээр, нийт зургаан эгнээ бүхий гүүрэн байгууламж, нүхэн гарц, борооны ус зайлуулах шугам сүлжээ, хиймэл байгууламжуудын ажил 70–80 хувийн гүйцэтгэлтэй, авто замын суурь болон хашлага суурилуулах ажил 70 гаруй хувийн явцтай байна. Мөн хоёр талдаа тус бүр 3 метр өргөнтэй явган хүний болон дугуйн зам баригдаж байгаа ажээ.
Энэхүү авто зам, гүүрэн байгууламжийг ашиглалтад оруулснаар Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсгийн авто замын ачааллыг 30–50 хувиар бууруулах боломжтой бөгөөд хотын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх, шинэ төвлөрлийг бий болгох томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалт болж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар