УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд биечлэн оролцож, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлал гуйх ёстой гэх шаардлага тавьсан. Гэвч Ерөнхий сайд чуулганы хуралдаанд оролцоогүй тул тус намын бүлэг тавьсан шаардлагынхаа дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авлаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-"Даваа гаригт УИХ-ын чуулган хуралдах болно. УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд бие биедээ харилцан хүндэтгэлтэй хандах учиртай. Бид төрийн ажлыг тасалдуулахгүй явуулах үүрэг хүлээсэн. УИХ дээр маргалдаж, мэтгэлцэх олон зүйл өмнө нь гарч байсан. Цаашдаа ч ийм асуудал гарна. Гэхдээ харилцан хүндэтгэлтэй байж, төрийн ажлыг явуулах зарчим дээр суурилж ажиллах ёстой. УИХ-ын гишүүдээс гомдол ирдэг. Байнгын хороо, чуулганы хуралдаанд албан тушаалтан оновчтой хариулт өгөхгүй, ихэрхэж байна, хариултаас бултаж байна гэдгийг гишүүд хэлж байгаа. УИХ бол ард түмнээс сонгогдсон бага ард түмний үүргийг гүйцэтгэж, төлөөлж байгаа институци. Тэр утгаараа бүх асуудалд хариуцлагатай хандах ёстой. Гишүүд үүнийг анхаарах нь зүйтэй.
Энэ мэтчилэн УИХ-ын хэлэлцэх асуудалд саад тотгор учирдаг, төрийн ажил явахад бэрхшээл тулгардаг байж болохгүй. Цаашид ийм зүйлийг хүлээж авах боломжгүй. УИХ-ын гишүүд хуулиар хүлээсэн эрх үүргийн асуудал байдаг. Чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүйгээс бие биенийхээ нэр төрд халдаж болохгүй. Нөгөө талаасаа УИХ-ын гишүүд хэт эмзэг байх хэрэггүй. Улс төрийн ажил янз бүрээр явагдаж байдаг. Дотор, гадна талдаа гүтгэх доромжлуулах гээд олон нөхцөл байдлыг улстөрчид туулж, давж чадах нь давдаг. Давж чадаагүй хүн нь байрандаа очдог гэх юм уу. Олон нийтээс ирж байгаа санал, гүтгэлгийг тэвчиж гарч чаддаг байх нь улстөрч хүнд байх ёстой зан гэдгийг харах нь зүйтэй" гэв.