Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дээд зөвлөл хуралдаж тоглоомонд донтолтыг албан ёсоор сэтгэцийн өвчлөлд бүртгүүлж, гишүүн орнуудад зөвлөмж хүргүүлэх шийдвэр гаргалаа. Судалгаагаар тоглоомонд донтох нь хүүхдийн сэтгэц болон оюун санаанд хүчтэй нөлөөлж, шийдвэр гаргаж чадахгүй, нийгмээс тусгаарлагддаг учир ийнхүү өвчин болгон бүртгэжээ.
Тоглоомоос шалтгаалсан өвчлөл гэж албан ёсоор ангилсан уг өвчнийг АНУ-ын Принстон болон Вашингтоны их сургуулийн эрүүл мэндийн хүрээлэн нарийвчилсан судалгаа хийхээр болсон байна. Өмнө нь АНУ-ын сэтгэцийн эрүүл мэндийн холбоо уг өвчнийг тусдаа ангилалтай бус сэтгэцийн өвчин гэсэн ангилалд багтаан үзэх шаардлагатай гэж үзэж байсан юм. Мөн АНУ-ын хэвлэл мэдээлэл, технологиос шалтгаалсан сэтгэцийн эмгэг судлалын холбоо ДЭМБ-ын гаргасан шийдвэрийг буруу гэж үзэж байна.
Судалгаагаар нийт сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн гурван хувь нь тоглоомонд донтох өвчтэй бол, 0,3 хувь нь интернет тоглоомонд донтох өвчтэй гэсэн дүн гарчээ. Сүүлийн үед цахим болон видео тоглоом хурдацтай хөгжиж үүнээс шалтгаалан зөв зохистой хэрэглээ алдагдсан тул эцэг эхчүүдийг хүүхдээ дээрх өвчнөөс сэргийлэх мэдлэгтэй болохыг мэргэжилтнүүд зөвлөж байна.