Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Монгол улсад коронавирусийн дахин нэг тохиолдол шинээр бүртгэгдэж, батлагдсан 32 тохиолдол боллоо.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: "Өдрийн мэнд дөрөвдүгээр сарын 18-н буюу өчигдөр Монгол улсад хэмжээнд коронавирус халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-ийн хоёр лабораториар 104 хүнд шинжилгээ хийж хяналаа.
Замын-Үүдэд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдол болон түүнтэй хамт Замын-Үүд боомтоор орж ирсэн 58 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
Тусгай үүргийн онгоцоор дөрөвдүгээр сарын 8-нд олон хүнд өвчтэй хүмүүс ирсэн. Засгийн газрийн шийдвэрийн дагуу ирсэн эдгээр хүмүүсийг хоёр удаа шинжилж, хянаж үзлээ. Энэ дотор хавдрын оноштой хүмүүс ч ирсэн. Тэдгээр хүмүүсийн бид онцгой анхаарч шинжилгээ авч, хянаж байгаа, эдгээр хүмүүсийн дунд коронавирус илрээгүй.
Монгол улс дотроо алдчихсан юм бишүү гэж зарим хүмүүс үймүүлээд байгаа. Бид давхар судалгаа, шинжилгээ хийж байгаа. Эмнэлгүүдэд уушигний хатгалгаагаар өвдсөн улсуудаас сорьц авч шинжилж байгаа. Түүгээр коронавирус илрээгүй. Хяналт, тандалтын шугамаар 7 хүнд, ХСҮТ-д хавдраар хүнд өвчилсөн хүмүүс дунд судалгааны зорилгоор шинжилгээ авсан, нийт 35 хүний шинжилгээ авахад коронавирус илрээгүй.
Энэ нь ямар учиртай вэ гэхээр бид Монголд халдвар орж ирсэн байна уу гэдгийг тандаж, судалж байна.
ОХУ-аас ирж тусгаарлагдсан 30 хүнийг сонгож авсан. Тэр дотроос дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр нэг тохиолдлоор нэмэгдлээ.
Туркийн хоёр иргэн эдгэрсэн. Таван төрлийн сорьцоор гурван өдөр дараалж шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Гэвч тэр хоёр иргэн ХӨСҮТ-өөс гарч өөр байранд тусгаарлагдах ёстой боловч өөрсдийн хүсэлтээр ХӨСҮТ-д үргэлжлүүлэн хянагдаж байна.
Бид үргэлж хянаж, судалж, тандалт хийж байгаа. Өнгөрсөн гурван сар яг ингэж ажиллаж байна" гэлээ.
Монгол улсад коронавирусийн бүртгэгдсэн тохиолдлууд:
-
Гуравдугаар сарын 10-нд Монгол улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч анхны тохиолдол бүртгэгдсэн.
-
Гуравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван иргэнээс коронавирус илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан.
-
Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн илэрсэн.
-
Гуравдугаар сарын 18-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрсэн.
-
Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрсэн.
-
Гуравдугаар сарын 26-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн.
-
Гуравдугаар сарын 28-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн.
-
Дөрөвдүгээр сарын 1-нд ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрсэн.
-
Дөрөвдүгээр сарын 6-нд ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн.
-
Дөрөвдүгээр сарын 8-нд Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан нэг монгол иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн.
-
Дөрөвдүгээр сарын 13-нд ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан нэг иргэнээс коронавирус илэрсэн.
-
Дөрөвдүгээр сарын 14-нд ОХУ-аас орж ирж тусгаарлагдаж байсан 13 монгол иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн. Нэг нь Дархан-Уул аймагт, 12 нь "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан.
-
Дөрөвдүгээр сарын 16-нд ОХУ-аас ирж тусгаарлалтад байсан нэг монгол иргэнээс коронавирус илэрсэн.
-
Дөрөвдүгээр сарын 19-нд ОХУ-аас ирж тусгаарлалтад байсан нэг монгол иргэнээс коронавирус илэрсэн.
Ингэснээр Монгол улсад илэрсэн шинэ коронавирусийн тохиолдол 32 боллоо. Үүнээс эдгэсэн 7 тохиолдол байна.