Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "Өдрийн мэнд. Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторид нийт 373 шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 194 хүний давтан, ажиглах байранд тусгаарлагдсан 164 хүний, тандалтын орилгоор цуглуулсан 15 хүний сорьцонд шинжилгээ хийсэн.
Сэлбэ, Ивээлэн, Баянхангай, Батсүмбэр, Баянбайгаль амралтад байсан 164 хүний тусгаарлалтын хугацаа дуусаж, хоёр удаа лабораторийн шинжилгээ хийгээд сөрөг буюу коронавирус илрээгүй тул гэрийн ажиглалтад шилжүүлсэн.
2020 оны нэгдүгээр сарын 27-ноос өдийг хүртэл 1124 хүнд тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн. Манай улс 2004 оноос хойш АНУ-ын халдварт өвчний төвтэй хамтарч томуугийн тандалтын тогтолцоог эхлүүлсэн юм. Ингэснээр Монгол орны 156 цэгээс томуугийн шинж тэмдэг бүхий хүмүүсээс хамар, залгиурын сорьц авч шинжилгээ авдаг. Монгол улс дотор байгаа халдварыг тандалт шинжилгээ хийдэг том систем юм.
Үүний дагуу нийслэлийн болон дүүргийн эмнэлгүүд, төрөлжсөн эмнэлэг буюу Улсын нэгдүгээр, гуравдугаар эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсийг тандаж 120 хүний сорьц цуглуулан, PCR шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 243 хүн эмчилгээ хийлгэж, хяналт тандалтад байна.
Замын-Үүдээр орж ирсэн 58 хүнээс нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлан, сорьцыг ХӨСҮТ-ийн төв лаборатори илгээсэн. Эдгээр хүмүүсийг тэнд нь ажиглалтад авсан. Хятадын талаас шинжилгээ бүрэн хийгээд явуулсан байсан хүмүүсийг татаж авсан юм" гэв.
Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.