Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Тусгаарлагдаж байсан сэжигтэй тохиолдлуудын шинжилгээнээс коронавирусийн 13 шинэ тохиолдол бүртгэгдсэнийг мэдээллээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Дөрөвдүгээр сарын 13-нд үдээс хойш нэг өвчтөн эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа. Ингээд 5 хүн эдгэрч, эмнэлгээс гарч байна. Өмнө эдгээд 14 хоног ажиглалтад байсан хоёр иргэн гэртээ гарч, өрхийн эмнэлгийн хяналтад шилжлээ. Эдгээр иргэдээс тусгаарлалтад байх хугацаанд нь хэд хэдэн удаа шинжилгээ авсан. Хариу нь сөрөг гарсан.
Өчигдөр ХӨСҮТ-д 502 хүний шинжилгээ хийгдсэн. Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн 261 иргэнээс болон тандалтын зорилгоор хийсэн 19 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан.
Гэвч өчигдөр хийсэн шинжилгээнээс коронавирусийн 13 тохиолдол илэрлээ. Нэг тохиолдол нь Дархан-уул аймагт илэрсэн. ХӨСҮТ-ийн баг тухайн иргэнийг авчирч, хяналт тандалт хийх ажилдаа орсон. Эдгээр иргэд бүгд нэг нэгээрээ өрөөнд тусгаарлагдаж байгаа. Халдвар илэрсэн хүмүүс нь 19- 23 насны оюутнууд" гэлээ.
Ингэснээр Монгол улсад илэрсэн шинэ коронавирусийн тохиолдол 30 боллоо. Үүнээс эдгэсэн 5 тохиолдол байна.