Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа: “ДЭМБ-ын мэдээллээр дэлхий дахинд COVID-19-ийн 827419 тохиолдол бүртгэгдэж, 40777 хүн нас барсан байна. Шинээр Африкийн гурван улсад халдвар бүртгэгдлээ.
БНХАУ дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн шинж тэмдэггүй тохиолдлыг өдөр тутам тоондоо оруулан мэдээлж байна.
Тус улсад 24 цагийн зайтай авсан хоёр удаагийн лабораторийн шинжилгээ сөрөг гарсан тохиолдолд тусгаарлалтаас гаргаж, тэдгээрийн ойрын хавьтлыг 14 хоног тусгаарлаж байна.
Уханв хотод анхны зөөвөрлөгдөж ирсэн тохиолдол бүртгэгдсэн. Мөн Хятад улсад шинж тэмдэггүй 130 тохиолдол шинээр бүргэгдэжээ. Ингэснээр шинж тэмдэггүй нийт 1541 тохиолдол гарснаас, 205 нь гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдол болж байна.
Сүүлийн тав хоногийн хугацаанд шинэ тохиолдлын тоо огцом нэмэгдэж, дэлхийн бүх улс, орныг халдвар тархаад байна.
Өнгөрсөн долоо хоногт нас баралт хоёр дахин нэмэгдсэн харамсалтай долоо хоног өнгөрч байна. Нас баралтын хувь өвчлөл өндөр байгаа гурван оронд харилцан адилгүй байна. Италид 12, Испанид 8.6, АНУ-д 1.3 хувьтай байна.
Хэдхэн өдрийн дараа халдварын тохиолдлын тоо нэг сая, нас баралт 50 мянгад хүрэхээр байна.
Одоогоор Төв, Өмнөд Америк болон Африкийн орнуудад өвчлөл харьцангуй бага байгаа ч эдгээр улсад өвчлөл нийгэм, эдийн засаг, улс төрийн ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй байна.
ДЭМБ-ын ерөнхий захирал эмзэг бүлгийн иргэдэд "Хоол хүнс болон амьдралын нэн шаардлагатай зүйлсээр хангах нийгмийн халамжийн арга хэмжээ авах" шаардлагатай гэж уриалсан байна" гэлээ.