Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалт, авч буй арга хэмжээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "Өдрийн мэнд хүргэе. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 192, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 42, Замын-Үүд суманд тусгаарлагдсан 34, хяналт тандалтын шугамаар 5 нийт 273 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Дөрөвдүгээр сарын 1-нд Сэлэнгэ аймагт 1, Дархан-Уул аймагт 1, нийт хоёр сэжигтэй тохиолдлыг тусгаарлан, тандалт судалгаа шинжилгээ хийж байна.
Өнөөдрийн байдлаар Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор ирсэн 26 хүнийг ХӨСҮТ-ээс гаргаж байна.
Ингээд дараагийн онгоцоор ирэх иргэдээ авахаар бэлдэж, ХӨСҮТ-д 76 ор бэлэн болоод байна" гэлээ.