Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалт, авч буй арга хэмжээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Хөл хорио тусгаарлалтын Ковид-19-тэй тэмцэхэд хамгийн чухал арга хэмжээ гэж үзэж байгаа. Хөл хориог нэг л өдөр алдахад халдварын тархалтыг 40 хувь нэмэгдүүлнэ гэж үзсэн. Энэ нь яагаад чухал вэ гэвэл маш олон шинж тэмдэггүй хэлбэр явж байгаа. Бид хараад энэ хүн өвчтэй байна гэж дүгнэж чадахгүй. Үүний улмаас халдвартай хүнээс халдвар авч магадгүй юм. Хятад улсад 1541 шинж тэмдэггүй хүнийг өвчлөлийн тоонд бүртгэсэн. Амны хаалт зүүх нь хамгийн чухал" гэлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "Токио-Улаанбаатрын тусгай нислэгээр ирж ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 25 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Мөн тандалтын шугамаар 23 хүнд шинжилгээ хийсэн коронавирус илрээгүй. Уушигны хатгаагаар өвчилсөн иргэдэд түүврийн аргаар шинжилгээ хийсэн гэсэн үг. Давхар хяналт юм.
Тусгаарлагдан хянагдаж байсан Турк улсын хоёр иргэнээс коронавирус илэрлээ. Ойрын хавьтал болох 10 хүнд тандалт судалгаа, шинжилгээ хийж байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 221 хяналтанд байна" гэлээ.