Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалт, авч буй арга хэмжээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "Гуравдугаар сарын 30-нд тусгаарлагдсан долоон хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Уушигны хатгаатай иргэдэд тандалтын шугамаар 12 сорьц цуглуулж шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 218 хүн тусгаарлагдаж, эмчилгээ, шинжилгээ, ажиглалтад хамрагдаад байна. Мөн эмнэлэгт байгаа халдвартай монгол болон франц иргэнд захианууд ирж байна.
"Сайхан сэтгэл гаргаж эх орондоо иргэдээ авчраад эдгээж, эрүүл мэндэд нь анхаарч байгаад төр засагтаа баярлалаа. Зөв шийдвэр гаргаж байна. Өөрсдийн иргэддээ тусалж чадахгүй байгаа дэлхийн улс орнуудыг бид харж байгаа.
Гадаадад байгаа гар мухардсан иргэдээ авчирч ах, дүүтэй нь ойртуулж, эх оронд нь авчирч байгаа нь төр засгийн гавьяа юм" гэж захидалд бичсэн байна.
Эмчлэгдэж байгаа хүмүүст хандан хэлэхэд "та нар халдвартай ирсэн ч цөөхөн монголчуудын нэг учраас та нар ирэх ёстой" гэсэн сайхан захидлууд ирж байна. Ингэж бие биендээ сэтгэлийн дэм өгч байна. Ингэж сэтгэлийн дэм гэдэг эмчилгээний хувьд бараг 50 хувь. Сайхан дэмжлэг авна гэдэг нь монгол хүний хувьд хувь заяа аз юм. Хэдхэн монголчууд бас их хувь заяатай шүү гэж хэлье.
Бие биенээ муулж ажил үйлст нь болон нөхцөл байдалд муугаар нөлөөлөхийн оронд намайг муулаачээ гэж коронавирус сануулж байна" гэлээ.