Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Манай улсад 2020 оны гуравдугаар сарын 7-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван тохиолдлын шинжилгээнээс коронавирус илрээгүй буюу хариу нь сөрөг гарчээ. Мөн олон улсын хуралд оролцоод ирсэн Ремакс компанийн 16 хүнийг гуравдугаар сарын 7-нд ажиглалтад авсан бөгөөд эхний шинжилгээгээр тэднээс коронавирус илрээгүй байна. Эдгээр хүнийг үргэлжлүүлэн тусгаарлаж, ажиглалт хяналтыг хийж байна.
Мөн гуравдугаар сарын 8-нд Япон улсаас ирсэн хоёр сэжигтэй тохиолдол тусгаарлажээ. Нэг нь ХӨСҮТ-д, нэг нь Дархан-Уул аймагт тусгаарлагдсан байна.
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: “Япон, Солонгос улсад ажиллаж амьдардаг иргэд эх орондоо буцах хүсэлтээ гаргаж байна. Солонгос дахь Монгол Улсын ЭСЯ-нд 120 гаруй иргэн буцах хүсэлт гаргажээ. БНХАУ, Япон, Солонгос, Итали, Иран улсаас ирэх гадаад иргэнийг хүлээн авахгүй. Харин Монгол Улсын иргэн 14 хоног өөрийн зардлаар тусгаарлагдах журмыг мөрдөн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар гадаад орноос ирсэн иргэдийг тусгаарлах байрны хүрэлцээ хангалтгүй байна. Өмнө нь ирсэн иргэд тусгаарлах байрны журам зөрчих, төлбөрөө төлөхгүй байх зэргээр хүндрэл учруулсан. Япон, Солонгос улсаас ирэх иргэд Москвагаар дамжин эх орондоо ирэх боломжтой.
БНСУ-д ажиллаж сурдаг иргэдийн хувьд визний хугацаа хэтэрсэн асуудал бий. Энэ чиглэлээр бид ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн. Солонгос улсаас оюутнуудын визийг сунгах боломжтой гээд хоёр тал тохирчихсон.
Нэгдүгээрт, тус улсад сурахаар болоод, визээ авсан ч явж амжаагүй оюутнууд байгаа. Эдгээр оюутан Монгол дахь БНСУ-ын ЭСЯ-нд хандах боломжтой. Хоёрдугаарт, амралтаараа ирчихээд буцаж чадахгүй байгаа оюутнуудын хувьд сургуульдаа нөхцөл байдлаа хэлээд, сургуулиараа дамжуулан цагаачдын албанд хандаж визээ сунгуулах боломж нээлттэй. Тиймээс оюутнуудын хувьд сандрах, тэвдэх зүйлгүй. Гэрээт ажилчдын хувьд ч гэсэн визийг нь сунгах боломжтой. Хамгийн хүндрэлтэй нь 90 хүртэлх хоногийн визтэй очсон иргэдийн асуудлаар бид Солонгосын талтай хэлэлцээр хийж байна” гэв.
Сэтгэгдэл (2)