x

Х.Нямбаатар гишүүнийг гүтгэсний учир

Хөөрхий биднийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийн тэрбум тэрбум төгрөгт таварцаглаж байх хойгуур Засгийн газар дахиад нэг алхчихлаа. Арваннэгдүгээр сарын 2-нд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг (Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж, Засгийн газар өргөн барьсан) байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн байна. Төсөлд “Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг захиргааны шүүх хянахгүй” байхаар (төслийн 3.1.7) тусгажээ. Чоно борооноор гэж энэ. 

Гэхдээ энэ удаагийн хэлэлцүүлэг УИХ, Засгийн газрын гишүүд ЖДҮХС-гийн мөнгөөр гараа угаасан нь илэрч, дээлээ нөмрөх үгүйдээ тулчихаад байхтай давхацсанаараа онцлог юм. Хуулийн төсөл энэ хэвээр батлагдвал ЖДҮХС-ийн зээлээр намынхнаа тэтгэсэн сайд лав шүүхэд дуудагдахгүй нь. Учир нь “Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага” гэдэгт ХХААХҮЯ болон ЖДҮХС хоёулаа багтаж байгаа. Нэмж хэлэхэд, ЖДҮХС-г “тонох” энэ ажиллагаа нэлээд эртнээс, төлөвлөгөөтэйгээр эхэлсэн байх магадлалтай.

Уг нь 2007 онд баталсан Жижиг дунд үйлдвэрийн тухай хуульд “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах асуудлыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулах”-аар тусгасан байв. Гэтэл УИХ 2017 оны хоёрдугаар сарын 9-нд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14-р зүйл, “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” гэсэн хэсэгт өөрчлөлт оруулж, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын жижиг дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу ХХААХҮ-ийн сайд батлахаар (хуулийн 14.6) болжээ.

Харин үүнээс гурван сарын өмнө буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 09-нд сайд нь “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журам”-ыг батлаад, зээлээ олгоод эхэлчихсэн байв. (Ж.Энхбаяр нарын олон гишүүн 2017 онд анх ЖДҮХС-гаас зээл авч эхэлснийг санана уу) Журмаа баталчихаад араас нь хуульд өөрчлөлт оруулсан гэсэн үг. Тэрхүү журмын 1.5-д “зээл олгохдоо банкаар дамжуулж, эсхүл сангаас шууд санхүүжүүлнэ” гэсэн нь УИХ, Засгийн газрын гишүүдийг ийнхүү сангийн хөрөнгө лүү санаан зоргоор гараа дүрэх боломжийг олгосон хэрэг. Гэтэл бид “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авахын тулд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах гэж байна хэмээн “чулуу” хөөв.

Өмнөх хууч

Одоогоос дөрвөн сар гаруйн өмнө буюу 2018 оны зургадугаар сарын 27-нд бичигч “У.Хүрэлсүхийн Засгийн газар унах нүхээ өөрөө малтав” гэсэн малгайтай бичвэрийг inews.mn сайтад нийтэлжээ. Засгийн газраас боловсруулсан Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, төслийг хэлэлцүүлэгт оруулахаар Хууль зүйн байнгын хороо дэмжчихээд байсан үе. “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн өмчид авсан Засгийн газрын тогтоол захиргааны хэргийн шүүх дээр гурван удаа унаад, Хууль зүйн сайд Ц.Нямдорж “Энэ хуулийг батлах шалтгаан нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах явдал юм” гэж ил цагаан хэлсний дараахан.

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаагүй цоо шинэ хуулийн төсөл яагаад өргөн баригдангуутаа хэлэлцүүлэгт шууд орсныг гайхаж, хуульчид ч “Энэ хууль чинь буруу шүү. Үндсэн хуулийнхаа эсрэг явж байна” хэмээн үг нэмэрлэж байлаа. Бичвэрийн агуулга нь, хэрэв Засгийн газар “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн өмчид авахыг хүсвэл үүнийгээ хуулийн хүрээнд хийх ёстой, хуульд өөрчлөлт оруулах замаар шүүхийн шийдвэрийг үгүйсгэж болохгүй л гэсэн санаа. Хэрвээ Засгийн газар, түүний харьяа байгууллагын шийдвэрүүд бүгд захиргааны шүүхийн хяналтаас гарчихвал төрийн байгууллагын дур зорго, хууль бус шийдвэрээс болж хохирсон иргэд, аж ахуйн нэгжүүд эрхээ сэргээлгэхээр шүүхэд гомдол гаргах боломж хаагдаж, Үндсэн хуулиар хамгаалсан хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх болно шүү гэдгийг л сануулсан хэрэг.

Уг нийтлэлд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын нэр хавчуулагдсан нь ч санаандгүй зүйл биш. Мань хүн C1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо “Захиргааны хэргийн шүүгчид бүгд авилга авдаг. “Шударга байцгаая” гэсээр байгаад хийсэн шүүх шинэчлэлийн чинь бодит үр дүн энэ” гэх мэтчилэн бурсан билээ. Энэ ч гэсэн санаандгүй үг биш, шүүгчдийн нэр төрд халдах замаар шүүхийг татан буулгах, Засгийн газар ямар ч хяналтгүйгээр дур зоргоо хэрэгжүүлэх гэсэн Ц.Нямдорж сайдын зорилгод үйлчилсэн хэрэг бөгөөд шууд утгаараа “утсан хүүхэлдэй” нь болжээ гэсэн билээ. Учир нь өчүүхэн бичээч би хүртэл Монголын шүүх шударга байхын зэрэгцээ мэргэшсэн, чадварлаг байх ёстой гэж үздэг. Харин УИХ-ын эрхэм гишүүн шүүхтэй ямар өс хонзонтой болоод ингэж хэлснийг мөхөс би мэдэхгүйн дээр үүнээс өөрөөр үнэлж цэгнэх нөхцөл байдал тухайн үед үүсээгүй байсан хэрэг.

Тиймээс шүүхийг “авилгажсан” хэмээн мэдэгдсэн эрхэм гишүүн өөрөө өмнө нь гэр бүлийн хамт 38 саяын орлоготой, 25 саяын машинтай, 15 сая төгрөгийн малтай, нэг байртай, иргэн бүрийн адил “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаатай байснаагишүүн болоод жилийн дотор 160 саяын орлоготой, 50 саяын малтай, 90 саяын lexus 570 машин, хоёр тусдаа байр, 100 хувь эзэмшдэг гурван компанитай болсон (АТГ-ын ХОМ хэсгээс үзнэ үү) орлогын эх үүсвэрээ тайлагнахыг хүссэн төдий.

“Гомдлын орон”-д

Мэдээжээр Х.Нямбаатар гишүүн уг нийтлэлийг гүтгэлэг хэмээн үзэж (би ч гэсэн Ц.Нямдорж биш, Х.Нямбаатар нь гомдсонд гайхдаг л юм), зөрчлийн хэрэг үүсгүүлэхээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан нь одоо тав дахь сартайгаа золгож байна. ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас (Өмнө дүүргүүд дээр шалгагдаж байсан төрийн өндөр албан тушаалтантай холбоотой гомдлыг Нийслэлийн прокурорын 2018 оны наймдугаар сарын 3-ны өдрийн 11 тоот тушаалаар уг хэлтэст татан төвлөрүүлж, тэгшитгэн шийтгэл оногдуулдаг болсон) зөрчлийн хэрэг нээн шалгаж, хоёр сая төгрөгийн торгууль оногдуулсныг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хянаж үзээд шийтгэлийг хэвээр үлдээжээ. Өөрөөр хэлбэл үүнийг бичигч нь Зөрчлийн тухай хуулийн 6.21.1-д заасан “Хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн” гэмт хэрэг үйлдсэн болж таарав. Одоо ч гэсэн энэ “гүтгэлэг” үргэлжилж байх шиг байна л даа. Учир нь бичигч өөрөө “гүтгээгүй” хэмээн өөрийгөө өмгөөлсөөр байгаа учраас. Хэрвээ хэн нэгэнд Х.Нямбаатар гэдэг хүн хэн нэгний “утсан хүүхэлдэй биш” гэдгийг батлах баримт байгаад энд бичигдсэн үйл баримтууд бүгд худлаа гэдгийг нотолж чадахаар бол шүүхэд хандсан ч болно.

Харамсалтай нь Х.Нямбаатар бид хоёрыг бие биенээ харилцан “гүтгэж” байх зуурт Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-аар батлагдаж, Засгийн газар дур зоргоо тогтоох боломж дахиад нэг алхам урагшилчихлаа. Хууль батлагдвал Засгийн газар “Эрдэнэт”-ийн 49 хувийг авч чадахгүй байлаа ч ЖДҮХС-гаас зээл авсан, өгсөн УИХ, Засгийн газрын гишүүд лав шүүхэд дуудагдахгүй юм байна. Өмнө хэлж байсанчлан “Бид мэдээлэлд ойр байсан учраас зээл авсан” гэж дээрэлхээд, эсвэл “Баталсан журмынхаа дагуу зээл өгсөн” гэж гүтгээд өнгөрөх нь л дээ. Яагаад гэвэл Засгийн газар болон захиргааны бусад байгууллагуудын шийдвэр хуульд нийцэж буй эсэхийг хянадаг ганц газар нь Захиргааны хэргийн шүүх. Хэрвээ Засгийн газрын байгууллагууд захиргааны шүүхийн хяналтаас гарчихвал Захиргааны хэргийн шүүх ч яваандаа шаардлагагүй болно. Бид жинхэнээсээ ёроол руугаа явж байх шиг...

Б.СЭМҮҮН  2018.11.12

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • са (66.181.161.37)
    Дараагийн УИХ бас шударга шүүх байгуулах гэж одоо байгуулсан шудага шүүхийг татан буулгах том ажил үлдэх нь дээ.
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
  • са (66.181.161.37)
    Дараагийн УИХ бас шударга шүүх байгуулах гэж одоо байгуулсан шудага шүүхийг татан буулгах том ажил үлдэх нь дээ.
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ардчилсан намын ЕНБД-аар С.Баярцогтыг сонголоо 4 цаг 10 мин Түүврийн аргаар 27 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу сөрөг гарчээ 8 цаг 16 мин Завсарлагааны дараа ЕНБДаргад нэр дэвшигч дээр санал хураана 8 цаг 17 мин “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ хийлээ 9 цаг 12 мин Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулж, зардлыг бууруулах тогтоол батлагдлаа 9 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа 9 цаг 28 мин Стратегийн ордуудын төрийн эзэмшлийг тогтоох хуулийн төсөл боловсруулахыг даалгав 9 цаг 30 мин Оюутолгойн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээр үр дүнд хүрч байна 9 цаг 30 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн болжээ 9 цаг 31 мин Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн хуримтлал байна 9 цаг 51 мин ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр дэвшүүлжээ 10 цаг 10 мин Д.Амарбаясгаланг АН-ын ЕНБД-аар томилох санал хураалтыг хүчингүй болгожээ 10 цаг 21 мин Намын жагсаалтын гишүүнийг эгүүлэн татах хууль өргөн барив 10 цаг 36 мин Нийслэлд он гарсаар 897 удаагийн гал түймэр гарч, 9 хүн амиа алджээ 11 цаг 28 мин “Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай” асуудлыг хэлэлцэн батлав 11 цаг 29 мин Тархинд шууд үйлчлэх цус харвалтын эсрэг хамрын цацлага бүтээжээ 11 цаг 29 мин Амстердам хот мах болон чулуужсан түлшний сурталчилгааг хориглолоо 11 цаг 32 мин "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд мод тарих аян, үзэсгэлэн худалдаа эхэллээ 11 цаг 35 мин Эмнэлгүүдэд дроноор цус тээвэрлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ 11 цаг 36 мин “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана 11 цаг 37 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ...
Top