Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх бодлогын явцын үнэлгээг Сэлэнгэ аймагт хийж эхэллээ.
БОУАӨЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Буяннэмэхээр ахлуулсан үнэлгээний баг, Ойн газрын ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна. Үнэлгээ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг нийт газар нутгийн 8.8 хувьд хүргэх зорилтын бодит үр дүнг үнэлж, цаашид хийх ажлыг тодорхойлох зорилготойг БОУАӨЯ мэдээлэв.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж ажлын хэсгийг хүлээн авч уулзаад, хамтран ажиллаж, шаардлагатай дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. Бодлогын явцын үнэлгээ, “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд хийсэн ойжуулалт, ой нөхөн сэргээлт, үрслэг бэлтгэл, усалгаа, арчилгааг үнэлж, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, БОГ, сумдын ЗДТГ, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй уулзалт зохион байгуулна. Мөн бодит байдал, дунд хугацааны үр нөлөөг тодорхойлж, цаашид үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж, сайжруулахад чиглэсэн, нотолгоонд суурилсан, хэрэгжүүлэх боломжтой зөвлөмж боловсруулах ажээ.



