Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани “Galaxy Buds 3” чихэвчнийхээ үндсэн функцуудыг хадгалсан, харьцангуй хямд үнэтэй шинэ загвар болох “Galaxy Buds 3 FE”-г танилцууллаа.
Энэхүү шинэ төхөөрөмж есдүгээр сарын 5-наас эхлэн АНУ болон Европын зах зээлд худалдаалагдаж эхлэх бөгөөд дараа нь Өмнөд Солонгос зэрэг бусад зах зээлүүдэд үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
“Galaxy Buds 3 FE” нь өмнөх “Galaxy Buds FE”-тэй харьцуулахад илүү том спикертэй болж, гүн басс болон тод дуугаралт өгөх чадвартай болсон байна. Мөн микрофоны байрлалыг шинэчилснээр дуудлага хийхэд илүү ойлгомжтой, хялбар болжээ.
Шинэ загварт хиймэл оюун ухааны үндсэн функцууд багтсан бөгөөд ухаалаг утсан дээрх “Galaxy AI Interpreter” орчуулгын аппликейшнийг ашиглах боломжтой. АНУ-д ойролцоогоор 150 ам.долларын үнээр худалдаалахаар төлөвлөсөн бол дотоодын үнийг хараахан зарлаагүй байна. Харин өмнөх “Galaxy Buds 3” чихэвчийг 2024 онд Өмнөд Солонгост 219 мянган воноор (ойролцоогоор 157 ам.доллар) худалдаалж байжээ.
Эх сурвалж: Yonhap