Мьянмарын сонгуулийн хороо ирэх арван хоёрдугаар сарын сүүлээр бүх нийтийн сонгууль явуулах шийдвэр гаргасан тухай мэдэгдэв. Холбооны сонгуулийн хороо “олон намын оролцоотой ардчилсан” сонгууль арван хоёрдугаар сарын 28-нд эхэлнэ гэж албан ёсоор зарласан байна.
Энэ бол 2020 оны бүх нийтийн сонгуулийн дараа гарсан цэргийн эргэлтээс хойших анхны сонгууль юм. Тухайн үед сонгуулийн дүнг луйвардсан хэмээн цэргийнхэн эсэргүүцэж, 2021 онд төрийн эрхийг булаан авч, ардчиллын төлөөх удирдагч Аун Сан Су Чиг хорьж саатуулсан билээ.
Цэргийнхэн өнгөрсөн долоодугаар сард онц байдлыг цуцалсан боловч хилийн бүс нутаг болон дотоодын зарим газарт ардчиллыг дэмжигч хүчнийхний эсэргүүцэл, тулалдаан үргэлжилсээр байна. Цэргийн удирдагч Мин Аун Хлаин өмнө нь сонгуулийг арван хоёрдугаар эсвэл нэгдүгээр сард зохион байгуулна гэж мэдэгдэж байсан.
Гэсэн хэдий ч ардчиллын төлөөх хүчнүүдийн эсэргүүцэлтэй тулгарч буй энэ сонгуулийн санал хураалт товлосон ёсоороо явагдах эсэх, мөн түүнийг хууль ёсны хэмээн олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй хэвээр байна.
Эх сурвалж: NHK