x

Д.Цогтбаатар: Хөрөнгө оруулалтын хуулиар Үндсэн хуулиасаа давсан эрх олгочихоод явж байгаа

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай ярилцлаа.

-Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацааны отгон чуулган хэдхэн хоногийн дараа эхэлнэ. Ер нь парламентын отгон чуулганы гол онцлог юу вэ?

-Миний хувьд 2016 оноос парламентад сууж байгаа. Өмнөх парламентын отгон чуулганаар бол Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг эцэслэн батлаад, дагалдах хуулиуд болон цар тахлын зохицуулалтуудыг хийгээд л сонгуульд орж байсан. Харин одоо бол Хууль зүйн байнгын хорооны дарга хийж байгаа учраас тодорхой хуулиуд дээр ажиллаж байна. Өнгөрсөн намрын чуулганаас үлдсэн асуудлууд маань үргэлжлэн хэлэлцэгдээд явах учиртай. Гэр бүлийн тухай, Шүүх байгуулах тухай зэрэг гол хуулиуд бий. Мөн Үндсэн хуулийн Цэцийн тухай, Газрын тухай хууль байгаа. Дээрээс нь Хөрөнгө оруулалтын тухай хуультай холбогдуулан газартай холбоотой асуудал тогтоол юм уу, хуулийн төсөл болон орж ирэх байх. Учир нь D-parliament-д энэ асуудлаар 100 мянган иргэн санал өгчихсөн. Тийм болохоор УИХ-аар уг асуудал хэлэлцэгдэж таарна. Энэ парламентын отгон чуулганы нэг гол онцлог бол 76 гишүүнтэй парламентын үе дуусч байгаа явдал. Цаашдаа 126 гишүүнтэй болоод явна. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт орж, байнгын хороодын хуралдааны дэгтэй холбоотой эрх зүйн өөрчлөлтүүд орж ирж таарна. Үүнийг нь хийж өгөөд явахгүй бол болохгүй.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн заалтыг өөрчилснөөр газрыг эзэмшүүлэх ч үгүй, ашиглуулах ч үгүй болчих гээд байгаа юм шиг ойлголт яваад байна. Гэтэл энэ нь гадаадын хөрөнгө оруулалтыг хааж боосон үйлдэл болохгүй юу?

-Ажлын хэсэгт нь манай байнгын хороог оруулсан. Тэгэхээр миний хувьд гарч байгаа хуулиуд Үндсэн хуульдаа л нийцэж байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн үүднээс энэ хуулийн тогтолцоо жигд, харилцан уялдаатай явагдах дээр л анхаарч ажиллана. Ер нь газрын харилцаа гэдэг Үндсэн хуультайгаа шууд уялдаж явах ёстой. Өнөөдөр бол 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулиар Үндсэн хуулиас давсан эрх олгогдчихсон явж байгаа. Үүнийг Үндсэн хуульдаа нийцүүлэхгүй бол болохгүй. Яагаад гэхээр өнөөгийн мөрдөгдөж байгаа энэ хууль гадны хөрөнгө оруулагч нарт тус болох биш, харин ч төөрөгдүүлээд хор болж байгаа байхгүй юу. Тухайн хуулийг нь хараад би ийм эрхтэй юм байна гэж тэд боддог. Гэтэл Үндсэн хуулиасаа давсан эрх олгочихсон заалт учраас хэрэгжих боломжгүй. Тэгэхээр гадны хөрөнгө оруулагч нартаа шударга хандах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор маргаан гарахад Үндсэн хуулиа л барьдаг. Иймд тэдний тооцоолж байсан эрх эхнээсээ байгаагүй болж таардаг.

-Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг та саяхан өргөн барьсан. Уг нь ажлын хэсэг нь аль 2021 онд байгуулагдсан. Гэтэл яагаад ингэж удаж байж хуулийн төслөө оруулж ирж байгаа юм бэ?

-Үндсэн хуулийн Цэцийн асуудал өөрөө тийм амар, нэг далайлтаар шийддэг асуудал биш. Миний хувьд өнгөрсөн 12 дугаар сард Хууль зүйн байнгын хорооны дарга болсон болохоор өмнөх зүйлийг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ өдий хүртэл удаашрах шалтгаан байсан байлгүй дээ. Би сайн мэдэхгүй байна. Нөгөө талаас ийм суурь хуулиудыг хөндөхүйц нийгмийн зохицуулалттай холбогдсон хуулиуд бол хэлэлцэгдэхэд амаргүй явдал бий. Дээрээс нь 126 гишүүнтэй болчихвол бүр л удааширна. Би чинь 126 гишүүнтэй болоод хэрэггүй гэсэн байр суурьтай байсан. Миний байр суурь буруу байсан байгаасай гэж боддог.

Хэрвээ зөв байвал би харамсана, баярлахгүй. Одоо 76 гишүүнтэй байхад ингэж удаж байгаа юм чинь 126 болж нэмэгдэхээр маш олон хууль илүү л удааширна гэж бодож байгаа. Удах тухай ярьсных би Төрийн өмчит аж ахуйг нэгийг ч нэмж байгуулахгүй тухай тогтоолын төсөл өргөн барьсан. Даанч өдий хүртэл батлагдахгүй байна. Уг нь нийгмийн суурь хандлагыг би өөрчлөх гээд байгаа юм. Тархинд суучихсан большевик сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй. Одоо чинь ийм большевик хүмүүс зөндөө байгаад байна. Төрийн өмч дээр маш их хулгай гарч байна. Төрийн өмчтэй байх нь маш их эрсдэлтэй юм байна гэдгийг үүнээс өөрөөр яаж илүү нотлох юм бэ. Одоо байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжийг алга болгох гээгүй. Харин дахиж шинээр байгуулахгүй тухай л ярьж байгаа. Үүнээс цаашаа хувийн салбараа дэмжээд яв гэдэг л юм яриад байгаа юм.

Энэ тогтоолын төслийг анх санаачилсан нь нүүрсний хулгай илрэхээс 11 сарын өмнөх явдал. Төрийн өмчит аж ахуйн нэгж дээр хамгийн том хулгай гарна гэдгийг тэгэхэд хэлж л байсан. Бидний байгуулж байгаа нийгэмд чинь уг нь хувийн салбар давамгайлах ёстой. Гэтэл ДНБ-д төрийн өмчит аж ахуйн нэгж болон төсвийн эзлэх хувь хэмжээ чинь хамгийн багадаа 60 хувь байгаад байна. Харамсалтай нь Их хурал дээр надаас хувийн өмч давамгайлсан байх ёстой гэсэн хууль тогтоомж, бичиг баримт хаана байгаа юм гэж асуусан гишүүн хүртэл байна. Өдийг хүртэл хувийн салбар давамгайлсан улс орон болно гэсэн Үндсэн хуультай явж байгаагаа ойлгоогүй хүн УИХ-д сууж байна шүү дээ. Хөх, ягаан тасалбарт хувьчлалыг 1990-ээд оны туршид яах гэж хийсэн гэж боддог юм бэ. Үүнийг өөрчлөх гэсэн боловч одоог хүртэл шийдэгдээгүй л байна. Асуудлыг гацаагаад л байна. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд ийм нөлөөтэй болтлоо томорсон байхгүй юу. Барьж, зогсоож чадаж байна.

-Нийслэлийн газрын асуудал, ногоон автобус, эмийн чанар гээд олон сонсгол хийх тухай ярьж байна. Эдгээр сонсголуудыг бүрэн эрхийн хугацаандаа амжиж хийж чадах уу?

-Асуудлууд маш их хуримтлагдаж байна. Яригдаж байгаанууд нь бодитоор амжихгүй байх. Гэхдээ сонсголууд явж магадгүй. Миний хувьд утааны талаар сонсгол явуулъя гэсэн санаачилга гаргаад нэлээд шахсан. Харин сая нүүрсний сонсголтой хамтатгаад явчихлаа. Гэтэл утаагаа арилгаагүй байж өөрсдийгөө шагнасан зэргээс эхлээд олон асуудал яригдсан. Тиймээс миний хувьд сонсголууд явах ёстой гэж бодож байна. Яагаад гэхээр нийгэм, ард түмэн мэдэх эрхтэй. Зарим нөхөд нь яаж дураараа тонгочиж байгааг олон нийт мэдэх хэрэгтэй.

-Сонсгол хийхийн ач холбогдол нь юунд байдаг юм бэ. Бидний өмнө хийсэн сонсголууд үр дүнгээ өгсөн үү?

-Хүссэн хэмжээнд үр дүнгээ өгөөгүй байж болно. Энэ чинь шинэ зүйл шүү дээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад УИХ-ын хянан шалгах эрхийг илүү бодитой болгож нэмэгдүүлсэн. Үүний дагуу л анхны сонсголууд явагдаж байгаа. Мэдээж наана, цаана гэж бодох асуудлууд бий. Гэхдээ нэг чухал зүйл байна. Сонсголуудаар гарч ирж байгаа маш олон асуудлыг нүд аниад өнгөрөх боломжгүй болсон. Зарим нөлөөтэй нөхдүүд өөрийн асуудлаа авч үлдэхээр оролдож байж мэднэ. Өнөөдөр нөлөөлж чадаж байж болох ч маргааш чадахгүй. Учир нь энэ бүхэн чинь нэгэнт УИХ дээр сонсогдоод, нотлох баримтын хүрээнд яригдчихсан. Нотлох баримт гэдэг чинь шүүх дээр баримталдаг хамгийн гол зүйл шүү дээ. Үүнийг шалгахгүй байна гэдэг том асуудал. Өнөөдөр та ч надаас асууж байна. Тэгэхээр энэ асуулга хэзээ ч зогсохгүй.

Хамгийн гол үр дүн бол олон нийт мэдээд авчихсан. Энэ мэдлэг, мэдээлэл хаашаа ч алга болохгүй. Тэр утгаараа үр дүнгээ шууд өгч байгаа. Олон нийтэд шууд хүрч байгаагаараа ямар ч шүүх хурлаас илүү. Тийм болохоор хүмүүсийг аливаа үйлдэл хийхээсээ өмнө хоёр дахин боддог болох шаардлагыг бий болгож байгаа юм. Гэхдээ бас асуудал байна. Хууль, хяналтын байгууллагуудын ажил эхлэхээс өмнө энэ сонсголууд хийгдэж байх ёстой юм шиг санагдсан. Тэгэхгүй бол хууль, хяналтынхан ажлаа эхлүүлчихсэн байхад төрийн ямар ч байгууллага хөндлөнгөөс шууд болон шууд бусаар орох ёсгүй. Зарим нөлөөтэй нөхөд сонсгол дээр ирж попроод бултаж мэдэх гарц бий болчихоод байж мэднэ.

-Сонсгол нэг талаараа улс төрийн зэвсэг болох магадлалтай. Өрсөлдөгчөө харлуулах, намнах арга хэрэгсэл болох вий гэсэн болгоомжлол байна?

-Хэдүүлээ нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Сонсгол бол улс төрийн л институци. Яагаад гэвэл УИХ чинь улс төрийн байгууллага шүү дээ. Үүн дээр аливаа нэгэн улс төрийн нөлөөгүй хийгдэнэ гэж горьдоод хэрэггүй. Хийж байгаа хүмүүст нь чин сэтгэл байж болно. Гэхдээ дандаа тэгж хийх үү, үгүй юү. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй. Харин улс төрийн аргаар хэргээ шалгуулахыг зогсоогоод байгаа дэгээг нь улс төрийн аргаар гаргах тухай л асуудал. Тэгээд дараа нь тэр хууль хяналтын байгууллага нь шалгаад эхлэх хэрэгтэй.

-Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энэ чуулганаар хэлэлцэн батлах боломж бий юү?

-Өнөөдөр Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бүгд шүгэл үлээж болж байгаа шүү дээ. Энэ том хэргүүд чинь бүгд л шүгэл үлээж гарч ирж байгаа. Харин энэ хууль дээр сайжруулах, засах зүйлүүд байна. Хүн чин сэтгэлээсээ шүгэл үлээж, нийгмээ засах гээд явах нэг асуудал. Үүнийг харин ашиг орлогын эх үүсвэр болгох гэж байгаа бол хаашаа ч эргэж магадгүй. Хууль нь зөв ч зарим заалтыг нь сайжруулахгүй бол ийм эрсдэл явж байгаа юм.

-Өндөр мөнгөн дүнтэй авлигын хэргийг илчилсэн бол тодорхой хувиар урамшуулах тухай заалтыг хэлээд байна уу?

-Үүнийг сайжруулж өгөхгүй бол үнэн, худлаа нь мэдэгдэхгүй маш их тоонууд яригдана. Энэ зарчмыг нь бид эхнээсээ шударга болгож өгөх ёстой. Жишээлбэл, өнөөдөр улстөрчид өөрсдөө мөнгө төлж, “Шүгэл үлээлгэж” байгаа тохиолдол бишгүй. Цаашид төсвийн мөнгөөр бие биенээ гүтгэх нь байна шүү дээ. Үүнийг мартаж болохгүй л гэсэн байр суурьтай байгаа. Түүнээс биш зарчмын хувьд Шүгэл үлээгчийн хуулийг анхнаас нь дэмжиж ирсэн. Хүний үгээ хэлэх эрх чөлөөг хамгаалж байгаа хүмүүс тэртэй тэргүй Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуулиар хамгаалагдаж байгаа. Шүгэл үлээсэн бүх хүмүүс хамгаалагдана. Би өөрөө энэ хуулийг санаачилж оруулж ирсэн хүний хувьд Шүгэл үлээгчийн тухай хуулийн цаад санаа, агуулгыг эхнээс нь дуустал дэмжиж байгаа. Харин оруулж ирсэн төсөл дээр нь сайжруулах шаардлагатай зүйлүүд байна.

-Гишүүд зудтай холбоотойгоор малчдад өвс, тэжээлийн хандив, тусламж аваачиж өгч байгаа нь Сонгуулийн тухай хууль зөрчиж байгаа хэлбэр мөн үү. Дараа нь нэр дэвшихээр бүртгэхгүй байх нөхцөл болох уу?

-Өөрийн чинь ярьж байгаагаар УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж болохгүй болчихож байгаа биз. Яагаад гэхээр сурталчилгаа гэж үзэх гээд байна. Ингэвэл УИХ-ын гишүүний бүрэн эрх 3.6 жилээр баталгаажих гээд байна. Гэтэл ард түмэн дөрвөн жилээр сонгосон. Дараагийн УИХ-ын гишүүн тангаргаа өргөтөл тэр хүний бүрэн эрх Үндсэн хуулиараа байж байгаа.

-Тэгэхээр сонгуульд тэгш гараанаас оролцох байдал алдагдаад одоо УИХ, Засгийн газрын гишүүд нь илүү давуу байдалтай байна гэсэн шүүмжлэл яваад байна л даа?

-Энэ чинь 30 жил байсан зүйл. Ард түмэн зургаахан сарын ажилд хууртдаггүй юм. Тэр бүү хэл дөрвөн жилийн хугацаанд ажлаа худлаа хийсэн бол хууртахгүй. Сонгогчид аль хэдийнэ дүнгээ тавьчихсан байдаг. Сүүлд нь мянга хичээж ажиллаад, мөнгө төгрөг тараагаад ямар ч нэмэргүй. Улам л хүмүүсийн дургүйг хүргэнэ. Тэгэхээр миний барьдаг зарчим бол шударга л байх ёстой. Та угаасаа хийж байсан бол хэн ч гайхахгүй. Хийдэггүй байж гэнэтхэн үзэгдээд эхэлбэл асуудалтай.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж, өөд болжээ 5 цаг 39 мин АНУ амласан зэвсгийн хангамжаа Украинд явуулж эхэлжээ 5 цаг 52 мин Сагсан бөмбөгийн 3х3-ын олимпын эрх олгох тэмцээн маргааш эхэлнэ 6 цаг 24 мин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ 6 цаг 49 мин Эрэлт буурч Европын томоохон автомашин үйлвэрлэгчид хүнд цохилттой учрав 7 цаг 27 мин "Оюун ухаан"-ы Х.Хатанбаатар Азийн покерийн аваргад хүч сорьж байна 8 цаг 7 мин "Тавантолгой түлш" компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно 8 цаг 24 мин БНСУ “AUKUS” түншлэлд нэгдэх боломжийг хэлэлцжээ 8 цаг 48 мин БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгоно гэх худал мэдээлэлд автахгүй байхыг анхааруулав 9 цаг 17 мин Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн үгэндээ хүрээсэй билээ 9 цаг 44 мин Л.Чинбатад "худал мэдээлэл тараасан" хэргээр зорчих эрх хязгаарлах ял оногдуулав 10 цаг 31 мин Б.Жавхлан: Хуримтлалын санд төвлөрөх 500 тэрбумаар 10.000 айлд ипотекийн зээл олгоно 10 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан 11 цаг 1 мин Улсын хэмжээнд лавлагаа шатлалын төвүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг зөөврийн компьютероор хангаж байна Өчигдөр 18 цаг 19 мин Ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байна Өчигдөр 17 цаг 31 мин Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцжээ Өчигдөр 16 цаг 29 мин “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Өчигдөр 15 цаг 32 мин Хуурамч баримтаар НӨАТ-ын 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан бүлэг этгээдээр хохирлыг төлүүлэхээр болжээ Өчигдөр 15 цаг 15 мин Н.Учрал: Монгол Улсад долоо хоногт 77,000 кибер халдлага гарч байна Өчигдөр 15 цаг 13 мин "Т.Чимгээгийн нэхэмжилсэн 48 тэрбум төгрөгийг төрөөс төлөх шаардлагатай" гэв Өчигдөр 14 цаг 56 мин
iИх уншсан
Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил...
Top