Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болсноор улсын хэмжээнд сум, хороо бүрт хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийт 833 нийгмийн ажилтан хоёрдугаар сараас ажиллах боломж бүрдээд байна. Шинээр томилогдсон эдгээр ажилтнуудад нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох, хүүхэд хамгааллын үйлчилгээний арга зүйд сургах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 21 аймаг, 9 дүүргээс 150 нийгмийн ажилтан хамрагдаж байна.
Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнууд нь хүний эрхийг хамгаалагч, олон нийтийн манлайлагчид бөгөөд хүн бүрийн язгуур эрх, нэр төрийг хамгаалж, нийгмийн шударга ёсыг дэмжих ажлын эхний шугамд ажилладаг мэргэжлийн төлөөлөл хэмээн тодорхойлогддог. Түүнчлэн аймаг, дүүргийн Засаг дарга болон орон нутгийн удирдлагууд хуулиараа Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн тул нийгмийн ажилтнууд тэднийг хүүхдэд ээлтэй бодлого, шийдвэр гаргахыг шаардах, шахах бүрэн эрхтэй.
Одоогийн байдлаар боловсруулагдаж буй Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн ажилтнуудын эрх зүйн орчин илүү баталгаажиж, салбар хоорондын уялдаа сайжирснаар нийгмийн ажлын үйлчилгээ чанартай, хүртээмжтэй, шуурхай, тасралтгүй хүрэх тогтолцоо бүрдэхээр байна. Мөн албан хаагчдын санал, дуу хоолойг хуулийн төсөл боловсруулах үйл явцад тусган ажиллахыг салбарын холбогдох байгууллага онцолжээ.



