Сэлэнгэ аймаг гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-тай боловсролын салбарт төдийгүй эрүүл мэндийн чиглэлд ч хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Энэ удаад аймгийн төв Сүхбаатар суманд орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн шинэ эмнэлэг байгуулах асуудлаар БНСУ-ын “Эдвольчунхаб” компанийн төлөөлөгчид аймагт айлчилж, удирдлагуудтай уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр талууд төслийн хэрэгжилтийн боломж, хөрөнгө оруулалтын хүрээ, барилгын загвар, техникийн шийдлийн талаар дэлгэрэнгүй санал солилцсон бөгөөд шинэ эмнэлэг баригдсанаар бүсийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанар үлэмж сайжрах боломжтойг онцолж байв. Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж энэ төслийг бүх талаар дэмжиж, орон нутгийн зүгээс хамтын ажиллагаанд нээлттэй гэдгээ илэрхийллээ.
Тус компанийн төлөөлөгчид төслийн эхний бэлтгэл ажлыг хангалттай түвшинд бүрдүүлж чадвал 2026 оны гуравдугаар сараас барилгын ажлыг эхлүүлэх боломжтой гэдгийг мэдэгдэж, хамтын ажиллагааг үргэлжлүүлэх санал дэвшүүлсэн юм.



