Японы нийслэл Токио хотод арван хоёр өдөр үргэлжилсэн Дифлимпын наадам лхагва гарагт хаалтаа хийлээ. Дэлхийн сонсголын бэрхшээлтэй тамирчдын хамгийн том спорт арга хэмжээний нэгийг Япон улс түүхэндээ анх удаа зохион байгуулсан бөгөөд хаалтын ёслол Tokyo Metropolitan Gymnasium спортын цогцолборт болж өнгөрөв.
Энэ удаагийн наадам илүү хүртээмжтэй, тэгш оролцоот нийгмийг бий болгох зорилготойгоор зохион байгуулагдсан. Наймдугаар арван улсын гурван мянга орчим тамирчин спортын хорин нэгэн төрөлд өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаагаа сорив. Японы баг анх удаа бүх төрлийн уралдаан тэмцээнд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, нийт тавин нэгэн медаль хүртсэн нь тус улсын Дифлимпын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Японы Сонсголын бэрхшээлтэй иргэдийн холбооны мэдээлснээр багийн амжилт нь арван зургаан алт, арван хоёр мөнгө, хорин гурван хүрэл медалиас бүрджээ.
Хаалтын ёслолын үеэр Токио хотын захирагч Коикэ Юрико “Сонсголын бэрхшээлтэй тамирчдын гайхалтай гүйцэтгэл дэлхийн олон мянган хүнд урам зориг өглөө” хэмээн онцлов. Олон улсын сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын хорооны тэргүүн Адам Коса “Тэдний спорт боломжгүй зүйл гэж үгүйг харууллаа” хэмээн наадам албан ёсоор өндөрлөснийг зарлав.
Спортын хүчирхэг гүрэн Украин улс гучин хоёр алтан медалиар медалийн чансааг тэргүүлж, дараагаар нь АНУ арван долоо, Япон арван зургаан алтан медалиар бичигдэв. Наадмын олон тэмцээн Токио болон түүний ойр орчны байгууламжид болсон бол дугуйн уралдаан Шизүока мужид, хөл бөмбөгийн тэмцээн гамшгийн дараах сэргэлтийг бэлгэдэн Фүкүшима мужид зохион байгуулагдлаа.
Наадмын бүх тэмцээн иргэдэд үнэ төлбөргүй нээлттэй байсан нь сонсголын бэрхшээлтэй хүмүүс, дохионы хэлний талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж зохион байгуулагчид дүгнэжээ.
Эх сурвалж: Kyodo News



