x

Н.Цэрэнбат: Нэг хүний биш, нийтийн эрх ашигт захирагддаг цаг ирсэн

Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшилж өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм нь зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг нэгэн байх учиртай билээ. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа энэ удаагийн зочноор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатыг урилаа.

-Байгаль орчин, ая­лал жуулч­лалын яам онцлогтой. Таны хувьд энэ сал­барыг багагүй хуга­цаанд удирдаж, тамгыг нь атгахдаа ямар бодлого чиглэл баримталж, хэр ажил амжуулав?

-Яривал их олон зүйл бий. Ерөнхий бодлогын хүрээнд өмнөх цаг хугацаанд бий болсон алдаа дутагдлыг арилгах, ирээдүйд байгаль орчинд бий болох хохирлыг бууруулах чиглэлд анхаарч ажиллалаа.

Аль алиныг нь үр дүнтэй байлгахын тулд “Хандлагаа өөрчилье” багц ажлыг орон даяар зарласан. Хүн бүр цэвэр агаараар амьсгалж, тунгалаг ус уух эрхтэй. Тэр эрхийг хэн зөрчөөд байгааг ухааруулахын  тулд "Хандлагаа өөрчилье" багц ажлыг санаачилсан. Дэлхий нийт хаягдалгүй эдийн засаг руу шилжиж нөөцийг дахин ашигладаг болж байна. Өнгөрсөн хугацаанд энэ жишгээр усыг дахин ашиглах, байгаль орчны нөхөн сэргээлтийг шинэ түвшинд хийх жишгийг дэмжиж ажиллалаа.

Хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй уул уурхай болон бусад аж ахуйн нэгжид хариуцлага тооцож, хуулийн дагуу дэмжиж ажиллах механизмыг бүрдүүлж чадсан. Цаашид ч энэ ажлыг үргэлжлүүлэх ёстой. Харин байгальд ээл­тэй тех­ноло­гиор үйл ажил­­лагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг яам дэмжих бодлого баримталж байгаа.

Ирээдүйд бий болох эрсдэлээс сэргийлэхийн тулд өрх бүрт нэг байгаль хамгаалагч бий болгох зорилгоор байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аяныг санаачилж, 700 орчим ЕБС-ийн 150 гаруй мянган сурагчийг хамруулаад байна. Үр дүнд нь сурагчид  ус, эрчим хүчээ хэмнэдэг, мод тарьдаг, хогоо ангилан ялгадаг болж байна. Өөрөөр хэлбэл, “Ногоон паспорт” эзэмшигчид маань уур амьсгалын өөрчлөлтөөс бий болж байгаа гамшиг осол, байгалийн доройтлыг багасгах үүргийг шууд бусаар хүлээж байгаа юм. “Ногоон паспорт” аяны үр дүнд экологид ээлтэй ирээдүй хойч үе бэлтгэгдэхээс гадна байгаль орчны чиглэлийн үргүй зардал багасна. Сурагчид маань нэг аяга ус хэмнэх, эзэнгүй өрөөний гэрлийг унтраах, гар утас, компьютерийн цэнэглэгчийг салгахад л усаа хэрхэн хэмнэж, эрчим хүчний хэрэглээ хэд дахин багасдгийг мэдэж, гэрийнхэндээ энэ талаар танилцуулаг.

Ганцхан жишээ хэлэхэд “Ногоон паспорт” аянд хамрагдсан Баянгол дүүргийн сурагчид анги, танхимынхаа гэрлийг тогтмол унтрааснаар эрчим хүчний зардлаа зургаан сая төгрөгөөр хэмнэж чадсан.

Байгальд уусдаггүй хог хаягдлыг бууруулах үүднээс нэг удаагийн нийлэг уутыг хориглосон. Хог тарьсны дараа цэвэрлэх бус урьдчилан сэргийлэх үүднээс “Цэвэрхэн шинэлцгээе”, “Цэвэрхэн наадацгаая” аянг хоёр жил дараалан амжилттай зохион байгуулж, 200 орчим мянган тонн хогийг хаяхаас урьдчилан сэргийлж, зориулалтын хогийн цэгт хаясан тооцоог гаргасан. “Цэвэрхэн наадацгаая” аяныг зохион байгуулсан анхны жилтэй харьцуулахад дараагийн жил нь наадмын талбайг цэвэрлэх цаг зургаагаар багассаныг холбогдох тохижилт үйлчилгээний ком­паниуд тайландаа дурдсан байсан. Товчхондоо бол энэ хэдэн жилд иргэд болон аж ахуйн нэгжүүдийн байгаль хамгаалалтад хан­дах хандлагыг өөрчлөх нө­лөөл­лийн ажлуудыг үнд­сэн бодлогынхоо ажлын хажуугаар анхаарч ажиллалаа.

-Хариуцсан салбарын алдаа, оноо тантай хамт яригддаг. Тэр ч утгаараа хариуцлага үүрэх гол хүн нь байх. Тиймээс хамт олноо удирдан чиглүүлэх арга барил, ажлын тань зарчмыг сонирхож байна?

-Бүх асуудал тодорхой байх ёстой гэдэг зарчмыг баримталдаг хүний хувьд салбарын өмнө тулгамдаж буй алдаа, дутагдлаа бүү нуу. Ил тод ярилцаж, үнэхээр болохгүй зүйл байна уу, яагаад иргэд гомдолтой байна гэдгийг нээлттэй авч хэлэлцдэг. Яаманд ирүүлсэн бүх санал, гомдлыг жагсааж бичээд аль түвшинд мэдээллийн буруу урсгал байгааг яамны удирдлагуудтай сууж байгаад нягталдаг. Асуудлыг аль болох хурдан хугацаанд засч сайжруул гэдэг шаардлагыг анх ирэхдээ тавьж байсан одоо ч хэвээрээ байгаа. Хийх ажлаа сар бүрээр нь календарчилж байгаад л шахна даа. Салбарт байгаа алдааг нуух биш ил гаргаж байж залруулах учиртай. Алдаагаа нуугаад гоё харагддаг цаг үе өнгөрсөн. Энэ эрин үед илүү нээлттэй, тодорхой байж дутагдлаа дор бүр нь залруулахыг нийгэм, цаг хугацаа шаардаж байна шүү дээ. Хүндрэл ярьж бухимдахын оронд анхан шат, нэгж болгон дээр зүтгэлтэй хүмүүсийг сургаад ав гэсэн бодлого баримталдаг. Мөн хамт олондоо ажлын найман цагтаа үр бүтээлтэй ажиллаад бусад цагт нь өөрийгөө хөгжүүл гэдэг шаардлагыг тавьж ажилладаг.

-Байгаль орчны салбар ахмадууд, эрдэмтэн судлаачдынхаа үгийг хэрхэн сонсож, ажил хэрэг болгож байна вэ?

-Манай салбарын онцлог их. Тиймээс байгалийн хуулийг чухалчилдаг. Хэн нэгний эрх ашигт тохируулж хууль батлаад яаж мухарддаг, ямар хүндрэл гардгийг өнгөрсөн хугацаанд харлаа. Хүндрэл болгоныг шийдэх гарц нь шинжлэх ухаан л байдаг. Ирээдүйд учрах хүндрэл, зардлыг бууруулахын тулд шинжлэх ухаан судалгаанд суурилахаас өөр аргагүй. Энэ утгаараа сайдын зөвлөл ажлын хэсгүүдэд салбарын эрдэмтдийг оролцуулж шийдэл эрэлхийлдэг. Хими технологи, сорилын биологийн хүрээлэнтэй хамтрахаас гадна залуу эрдэмтдийг дэмжиж байна. Үүний нэг илрэл нь иргэд ойжуулалт, ногоон байгууламж хийхдээ бортгонд суурилуулсан, газар зүйн байрлалд илүү дасан зохицсон амьдрах чадвартай мод, модлог ургамлыг тарьдаг боллоо. Ажлыг үр дүнтэй болгоход шинжлэх ухаан тусалж байна. Эрдэмтэн судлаачидтайгаа илүү өргөн хүрээнд хамтарч ажиллах хүсэлтэй ч улсын төсвийн хүндрэлээс болж судалгаа шинжилгээнд зориулах хөрөнгө хомс байна.

-Манай улсад цөлжилт дээд цэгтээ хүрсэн. Цөлжилтийг бууруулахгүй, ойжуулахгүй бол ирээдүйд юу болохыг төсөөлшгүй. Энэ чиглэлд хэрхэн ажиллаж байна вэ? 

-Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн даац хэтэрснээс цөлжилт эрчимтэй явагдаж байна. Тиймээс цөлжилттэй тэмцэх хамгийн эхний ажил болгож малын таваарлаг чанарыг нэмэгдүүлж, мал аж ахуйн түүхий эд боловсруулдаг үйлдвэрт хөрөнгө оруулах ёстой. Зөвхөн малын тоо авч үзэхэд 10 гаруй жилийн өмнө 5800 толгой мал усалдаг байсан худагнаас өнөөдөр 13500 мал ус ууж байна. Аливаа юмс үзэгдэл зохистой харьцаатай байж гэмээнэ асуудал үүсэхгүй. Цөлжилтийг бууруулахын тулд үер, цас борооны усыг хуримтлуулдаг далан хөв цөөрмүүдийг бий болгож гадаргын ус ашиглалтыг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлсэн. Удахгүй Орхон, Онги голын урсацыг тохируулах төслийн ТЭЗҮ-ийн ажлыг хийнэ. Мөн сүүлийн жилүүдэд улсын төсөв, орон нутгийн болон аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгөөр 11752.8 га талбайд ойжуулалтын ажил, 2551 га талбайд байгалийн сэргэн ургалтад туслах ажил нийт 1518063 га талбайг нөхөн сэргээсэн. Энэ онд элсний нүүдлийг сааруулах механик хаалт хийх ажлыг дөрвөн аймгийн нутагт тус бүр 50 га талбайд зургаан аймгийн есөн булаг, шандын эхийг хамгаалах, нөхөн сэргээх, Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд 10 га талбайд нутгийн ургамал болох суль, цулхирыг тариалах, таван жил тутмын цөлжилтийн мониторинг судалгаа хийн цөлжилтийн атлас, зураглал, тайлан гаргах ажлыг хийсэн. Үүнээс гадна Монгол орны байгалийн ургамлын үрийн нөөц бий болгох ажлыг эхлүүлээд байна.

-Дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийн гол цөмийг усны нөөц хэмээн тодорхойлж байна. Салбарын ойрын 5-10 жилийн дараах өөрчлөлт ямар байх вэ. Хэрхэн төсөөлж байна?

-Өнөөдөр усыг шинээр үйлдвэрлэсэн ямар нэгэн техник, технологийн шийдлийг хүн төрөлхтөн зохион бүтээгээгүй, ердөө л савлан борлуулж байна. Тиймээс усны нөөцийг арвилан хэмнэдэг технологийг урамшуулах ёстой. Тиймээс усыг бохирдуулж байгаа аж ахуйн нэгжүүд илүү төлбөр төлөх ёстойг Ус бохирдуулсны төлбөрийн тухай  хуульд тусгаж өгсөн. Мөн Усны агентлагийг байгуулахаар боллоо. Салбар дундын уялдаа, усыг зохистой ашиглах бодлогыг энэ агентлагаар дамжуулан хэрэгжүүлнэ.

Нөгөөтэйгүүр, өрхийн усны хэрэглээг багасгах нь чухал. Ярилцлагынхаа эхэнд дурдсан байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аянд хамрагдаж ус, эрчим хүчээ хэмнэх зөв дадалд сурсан хүүхдүүд өрх бүрт нөлөөлж чадвал байгаль орчны салбарын үргүй зардлыг жилд 60 тэрбум төгрөгөөр хэмнэх боломжтой гэсэн тооцоо гарсан. “Ногоон паспорт” үлгэр жишээ хөтөлсөн хүүхдүүдийг олон улсад аялуулж туршлага судлуулж байна. Монгол Улсаас анх удаа НҮБ-ын хүүхэд залуучуудын ассамблейд “Ногоон паспорт” аяны шилдэг сурагч оролцож, НҮБ-ын индэр дээрээс Монголын хүүхдүүд хэрхэн байгаль орчноо хамгаалдаг талаар олон улсын хүүхдүүдэд танилцууллаа. “Ногоон паспорт” эзэмшиж байгаа хүүхэд бүр нэг өөрчлөлтийг хийвэл их зүйл өөрчлөгдөнө гэж харж байгаа. Бид мэдэхгүй, хэнэггүйгээсээ болж нөөц бололцоогоо бууруулж байна. Нөгөө талаас өнөөдөр та байгаль орчноо хайрлаж, зохистой хэрэглээнд дадахгүй бол хүүхдийнхээ ирээдүйгээс хулгай хийж байна гэсэн үг. Уулын мод хөрөөдөж  байгаа нь хүүхдийнхээ амьсгалах агаараас хулгайлж байгаагаас өөрцгүй. Таны бохирдуулсан усыг ирээдүйд үр ач нар чинь л ууна гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүнийг ойлгуулахын төлөө бид ажиллаж байна.

Салбарын ирээдүйг илүү сайхан болгох хичээл зүтгэл  чин сэтгэлээр манай хамт олон ажиллаж байна. Монгол Улс байгаль хамгааллын чиглэлээр хийж байгаа үйлдлээрээ олон улсад жишиг болсон зүйлс бий. Байгаль орчны гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үүд­нээс Экологийн цагдаагийн албатай боллоо. Байгаль орчны чиглэлээр өмнө нь ажил­лаж байсан, мэргэж­лийн шинжээчдээр багаа бүрдүүлсэн учир богино хугацаанд үр дүн гарч байна.

 -Аялал жуулчлалын салбарт цоо шинэ хандлага, бодлого үгүйлэгдэж байна. Үүнийг танай хамт олон хэрхэн мэдэрч ажил хэрэг болгож байна вэ?

-Намайг ажил авахад аялал жуулчлалын салбарт төсвөөс жилд 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг байсан бол өнөөдөр 8.3 тэрбум болгож өсгөсөн. “Аялал жуулчлал гэдэг бол үйлчилгээ, аюулгүй байдал, тав тух юм. Аялал жуулчлалаар дамжуулж Монгол орны өвөрмөц онцлогийг сурталчилъя” гэж мэргэжлийн холбоодтойгоо ойлголцож, нэг зүгт харж чадсан. Өнгөрсөн хугацаанд аялал жуулчлалын салбарын дэд бүтцэд томоохон хөрөнгө оруулалт хийж байгаагүй. Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд агаарын тээврийг либералчилъя гэж олон жил ярьсан ч ажил хэрэг болоогүй. Харин өнгөрсөн жилээс эхлэн “Асиана эйрлайнс” компани Монгол, Өмнөд Солонгосын чиглэлд гуравдагч авиа компани болон орж ирснээр нислэгийн үнэ тодорхой хэмжээнд буурлаа. Турк, Казахстантай шууд нислэг үйлдэж эхэллээ. Манай байгалийн сайхныг үзэх гэж ирж буй жуулчин Улаанбаатарт буугаад машинаар сэгсчүүлж байж зорьсон газартаа очдог байж болохгүй. Тиймээс байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлж буй зургаан аймгийн нисэх буудлыг олон улсын статустай болгох ажлыг эхлүүлсэн. Жуулчдыг шууд орон нутагт нь тосчихвол тэндээ ажлын байр бий болж орлого нэмэгдэнэ. Ирж байгаа жуулчин бүрийг мах, сүү, бэлэг дурсгалаар хангадаг хүнс экспортлогч орон болохыг зорьж байна.

Аялал жуулчлалын салбарыг жилийн дөрвөн улиралд хөгжүүлэх ёстой. Өвлийг үзээгүй дэлхийн хүн амын гуравны хоёр хувь нь Монголоос таван цагийн нислэгийн зайд байна. Дэд бүтцээ сайжруулчихвал өвлийн хүйтнийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож гадаадад зарж болно. Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг нөхөхийн тулд 21 аймаг, есөн дүүрэгт 10.6 мянган хүнд зочлох үйлчилгээний сургалтыг үнэ төлбөргүй хийж, гэрчилгээ гардуулсан. Энэ жил үргэлжлүүлэн цахим контент бэлтгүүлж байна. Энэ жишгээр хүний нөөцийг 3-4 жил бэлтгэхэд орон нутаг аялал жуулчлалын мэргэжилтнүүдтэй болох боломжийг төр нээж өгч байгаа юм. Цаашид байгалийн өвөрмөц цэг бүхий тусгай хамгаалалттай газар нутгийг түшиглэж тогтвортой ажлын байр, шинэлэг үйлчилгээтэй аялал жуулчлал хөгжүүлэхийг зорьж байна. Энэ жил  хоёр газарт туршилтын журмаар эхлүүлэхээр бэлтгэж байгаа. Коронавирусын хүнд нөхцлийг өөрсдийгөө тордож, үйлчилгээ, ариун цэврийн байгууламж, тав тухаа  сайжруулах боломж болгож ашиглая хэмээн манай салбарынхан ярьж байна.

-Засгийн газар шийдвэр гаргаж орон нутагт уул уурхайн зөвшөөрлүүдийг багагүй цэгцэллээ. Үүн­тэй уялдуулаад асуухад байгаль орчныг хамгаалах урт хугацааны бодлого, зорилтыг хэрхэн тодор­хойлсон бэ?

-Дур зоргоороо явж ирсэн уул уурхайг цэгц­лэхэд Засгийн газрын тогт­вор­той байдал нөлөөл­сөн. Энэ Засгийн газар хуримт­лагдсан олон асуудлыг шийд­вэрлэхийн төлөө ажилласны үр дүн ч гарлаа. БОАЖЯ-аар ахлуулсан ажлын хэсгийнхэн байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа аж ахуйн нэгжүүдийг  тогтоож, зөвшөөрлийг нь цуцлуулах дүгнэлтийг АМГТГ-т өгснөөр  27 аж ахуйн нэгж, байгууллагын 35 тусгай зөвшөөрлийг цуцлууллаа. Мөн Хэнтий аймгийн Гутайн даваа орчмыг улсын тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байна.  Ийнхүү дээрх компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь аж ахуйн нэгжүүд дахин  алдаа гаргахаас сэргийлнэ.  Хууль бус үйлдэл нь төр, засаг ард иргэдэд төвөг удахаас гадна эцэст нь өөрсдөд нь эрсдэл учруулж байгааг бусад компани энэ жишээнээс ойлгох ёстой. Уул уурхайн компаниудад нутгийн иргэдийг ажлын байр, амьдрах орчноор хангаж, байгальд ээлтэй байх шаардлага тавьж байна. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахад 80 хувиар тооцдог байсан бол одоо 90 хувь болсон. Үйл ажиллагаагаа 90 хувьд хүргэхгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах үндсэн үзүүлэлт болох юм.

Мөн шилжилтийн үед гарсан хууль тогтоомжийн хариуцлагын заалт хөнгөн байгаа учир ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин өсгөсөн. Нэг га ойн сан бүхий газрын экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин өсгөснөөр торгууль төлөөд аргалчихдаг  үе ард хоцорно.  Нэг мод тарьж ургуулах, ногоон орчин бий болгоход хэр хэмжээний арга ажиллагаа, цаг хугацаа шаардах билээ. Мөнгийг нь төлөөд зугатах биш цаг хугацааг нь нөхөх торгуулийн хэмжээ нэмэгдэх ёстой. Байгаль орчныг сүйтгэж байгаа этгээдтэй ирээдүй хойч үеийн өмнөөс хатуу зарга хийж хариуцлага тооцож байна гэсэн үг.

-Ан агнуурын квоттой холбоотойгоор үе үеийн сайд нар шүүмжлэлд өртдөг. Энд нэлээдгүй эрх ашиг яригддаг байх шүү? 

-Үндсэн хуульд газрын хэвлийн баялаг, ой, ус, ан амьтан төрийн хамгаалалтад байна гэсэн заалт байдаг ч Амьтны тухай хуульд агнуурын бүс нутгийг менежмент хариуцагчтай байна гэсэн заалт бий. Энэ хоёр заалт зөрчилддөгөөс асуудал үүсдэг. Ер нь олон жил ангийн бизнес хийж нэгэндээ “Их, бага өглөө” гэж хэрүүл хийдэг 6-7 гэр бүл бий. Өнгөрсөн жил БОАЖЯ, Байгаль орчны иргэний зөвлөлтэй хамтраад АНУ-д дуудлага худалдаанд нэг аргаль оруулж үзэхэд 125 мянган ам.долларын үнэ хүрсэн. Тиймээс удахгүй үүнтэй холбоотой хуулийн төсөл өргөн барьж дуудлага худалдаа  зохион байгуулдаг болно. Тэр орлогоор нь менежмент хийнэ. Бусад төрлийн ан агнуурыг хөгжүүлж ангийн аж ахуй байгуулах талаар хувийн хэвшлүүдтэй нээлттэй хамтарч ажиллах байр суурьтай байгаа. Тооллого хийхэд гурван жилд 105-6 мянган шувуу цахилгаанд цохиулж үхэж байна гэсэн судалгаа гарсан.

-Байгаль орчин бол хам­­гийн их мөнгө эргэл­дэж, тэр хэрээр эрх ашиг яригддаг салбар. Тэр болгонд энэ бүхний өөдөөс хэрхэн сөрж ажиллаж байна вэ? 

-Эрх ашиг хөндөгдөх болгонд муулуулж, шүүмж­лүүлнэ. Сайдын суудалд хэр удахыг харна л гэдэг юм. Хэн нэгэнд таалагдах биш Монгол төрийн хуулийг биелүүлэх үүрэгтэй албан тушаал гэж ойлгодог. Айж буцаад бусдын аманд ороод байвал ирээдүй хойч үе  намайг яллана. Тэр үед ядаж ус бохирдуулсны төл­бөрийн хууль баталж, тус­гай хамгаалалттай газарт үйл ажил­лагаа явуулж буй ир­гэн, ААН-үүдийн үл хөдлөх хөрөнгөөс татвар авах хуулийн төсөл санаа­чилж, байгалиа хамгаалсан. Агаарын бохирдлыг бууруулахад гар бие оролцсон юм шүү гэж хэлэх үгтэй байх хэрэгтэй. Ер нь нэг хүний биш нийтийн эрх ашигт уягддаг цаг ирсэн.

-Таны нэр бас ЖДҮ-тэй холбогдоод нам жим болсон?

-УИХ-ын гишүүний эрх, үүргийн дагуу тойргийн иргэдийн санал гомдлыг холбогдох байгууллагад дамжуулан шийдвэрлүүлэх ёстой. Энэ дагуу надад ирсэн 13 аж ахуйн нэгжийн хүсэлтийг өөрийн албан бланк дээр бичиж ЖДҮХС руу явуулсан. Зээл авсан компаниудын дунд надтай хамаарал бүхий аж ахуйн нэгж байхгүй. Хамаатуулахын тулд хамаатуулах үйлдэлд өртчихөөд байдгийн жишээ энэ л дээ.

-Тусгай хамгаалалттай газарт амьдарч буй айлууд татвар төлөх хуулийн төсөл санаачилсан нь сонирхол татаж байна. Бас багагүй шүүмжлэлтэй тулж байх шиг?

-Дархан цаазат газарт аялагч зөвшөөрөл бүхий бусад хүн түр отоглох, ажиглалт судалгаа, шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглана гэж хуульд заасан байдаг. Өөрөөр хэлбэл, түр отоглохоос өөр барилга байгууламж барихыг хориглодог. Гэтэл Дархан цаазат газарт эмнэлэг, сургууль, Үндсэн хуулийн цэцийн байр гээд хууль зөрчсөн олон барилга байгууламж бий. Ужгирсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө хэн нэгэн эрсдэл үүрч зориг гаргах ёстой учраас хуулийн төсөл өргөн барихдаа Богдхан уулийн дархан цаазат газарт байгаа үл хөдлөх хөрөнгөөс татвар авна гэсэн заалт нэмсэн. Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд амьдарч байгаа бол татвараа төл гэж байгаа юм. Хуулийн төсөлд нэг мкв тутамд 1000-3000 төгрөг гэсэн санал оруулсан. Хүмүүст сонголтыг нь өглөө. Өөр ямар асуудал байна. Татвараар олсон орлогыг дархан цаазат газрын хамгаалалт, эко системийг хадгалж үлдэхэд зарцуулна.

 -Та Орчны бохирд­лыг бууруулах үндэсний хорооны дарга. Агаарын бохирдлыг бууруулах ажил хэрхэн үргэлжлэх вэ?

-Хийсэн ажлын маань үр дүн нь нүдэнд харагдаж байгаа нь сайхан. 2019-2020 оны өвөл агаарын бохирдол 50 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Цаашид ч бууруулна. Сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлд­вэрийн шавыг тавилаа. Цахилгаан, хийн халаагуурыг нэвтрүүлж,  ду­лаа­ны алдагдлаа бууруулах хүсэлтэй иргэдэд жилийн есөн хувийн хүүтэй 40 хүр­тэлх сая төгрөгийн ногоон зээлийг олгож эхэллээ. Мэргэжлийн хүмүүсийн зөв гэсэн шийдлийг зориглож хийж чадвал асуудлын ард гарч чаддагийг сайжруулсан шахмал түлшний жишээ харууллаа. Агаарын бохирд­лыг бууруулахад хүчээ нэгтгэсэн 4000 гаруй хэсгийн ахлагч, шахмал түлш борлуулсан хүмүүстээ бүгдэд нь талархал гардуулж урам өгсөн.

Хуучирсан автобус­нуудад бүрэн шаталтыг дэм­жих 400 гаруй төхөөрөмж суул­гаснаар хар утаа хаяхаа больсон. Харин одоо хөрс­ний бохирдлыг бууруулах цогц ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. 

-Уур амьсгалын өөрч­лөлт энгийн сорилт бус харин онцгой байдал гэдэг­тэй улс орнууд санал нэгдсэн. Төр, иргэд хамтарч тэмцэхгүй бол ирээдүйд ямар аюул авчирахыг олон нийт төдийлөн ойлгохгүй байна. Энэ чиглэлд олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, үр дүнтэй ажиллахад юу чухал вэ?

-Уур амьсгалын өөрч­лөл­тийн нөлөөгөөр цөлжилт, хуурайшилт,  дулаарал эрчимтэй явагдаж мөнх цаст уул, мөсөн голууд хурдацтай хайлж байна. Манай орны хувьд эдгээр байгалийн үзэгдэл бодит асуудал болоод байгаа учир бодлогын түвшинд шат дараатай зохицуулалт хийж эхэлсэн. Төрийн бодлогыг иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил, олон улсын болон мэргэжлийн байгууллагууд хүлээн зөвшөөрч, дэмжин ажиллаж байгаа. Уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтнийг амьдралын хэв маягаа өөрчилж, байгальд ээлтэй байхаас өөр аргагүйд хүргэж буй учир ирээдүй хойч үеэрээ дамжуулан эх дэлхийгээ хайрлахыг олон нийтэд уриалаад байгаа юм. Байгалийн хуульд дасан зохицдог эрин үе ирсэн учраас хандлагаа өөрчилж, ногоон ирээдүйд хамтдаа хөрөнгө оруулах нь чухал болоод байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа 5 цаг 35 мин “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүлэв 7 цаг 9 мин Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хуралдаан боллоо 7 цаг 34 мин Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү! 7 цаг 52 мин П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй 8 цаг 10 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 8 цаг 28 мин ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 20 цаг 52 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 21 цаг 2 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 22 цаг 5 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 22 цаг 22 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 22 цаг 22 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 22 цаг 30 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 22 цаг 42 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 22 цаг 56 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 22 цаг 59 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 23 цаг 12 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 23 цаг 16 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 23 цаг 29 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь Өчигдөр 16 цаг 41 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна Өчигдөр 14 цаг 27 мин
iИх уншсан
Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б... Японд болсон газар хөдлөлтөөс хүчтэй хөдлөлт манай оронд дөр...
Top