Өнөөдөр дэлхийн тамхигүй өдөр тохиож байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ассамблейн 1988 оны хурлаар жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийг олон улс даяар тамхигүй өдөр болгон зарлаж байсан түүхтэй. Энэ жилийн хувьд “Тамхи зүрх өвчлүүлдэг: Тамхийг бус эрүүл мэндээ сонго” уриан дор тэмдэглэж байна.
ДЭМБ-ын судалгаагаар дэлхий даяар тамхи татдаг нэг тэрбум хүн байгаа бөгөөд дийлэнх нь дундаж, дунджаас доогуур төвшний иргэд эзэлдэг байна. Тамхинаас шалтгаалсан өвчлөлөөр жил бүр долоон сая хүн өвчилж, нэг сая гаруй нь амьсгал хураадаг гэсэн судалгаа гарчээ. Цаашлаад ДЭМБ-аас тамхины борлуулалтыг бууруулах, онцгой албан татварын орчинг сайжруулах, тамхины экспорт, импортыг тогтоон барих зэрэг шат дараатай ажил эхлүүлнэ гэдгээ мэдэгдээд байна. Тус байгууллага тамхи үйлдвэрлэгчид болон улс орнуудын Засгийн газартай тамхины хайрцгийг нэг ижил загвартай болгох талаар хэлэлцэж байна. Хэдийгээр зарим улсад энэ практик нэвтэрсэн ч дийлэнх улсууд үүнийг хэрэгжүүлэхгүй байгаа юм.
Олон мянган хүмүүс тамхины хор уршгийг мэддэг атлаа өдөр бүр утаагаа уушгилсаар л байдаг нь тогтоогджээ. Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс 2010 онд хийсэн судалгаагаар хүн амын дийлэнх хувь нь тамхи эрүүл мэндэд хортойг мэддэг гэж гарчээ. Тэдний 7.7 хувь нь хоногт нэг хайрцгаас олныг татвал, 8.5 хувь нь өдөр бүр тамхи хэрэглэвэл эрүүл мэндэд хор нөлөө үзүүлнэ гэж ойлгодог байна.
Монгол Улсын 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг нь буюу 27 хувь нь тамхи татдаг гэжээ. Өөрөөр хэлбэл бид тамхины хайрцаг дээрх "Тамхи таны эрүүл мэндэд хортой“ гэсэн сануулга бүхий аймшигтай зургийг хардаг, хортой гэдгийг мэддэг ч татсаар л байна. Судалгаагаар эрчүүд 49 хувийг эзэлж, эмэгтэйчүүд таван хувийг эзэлж байна. Нэг ёсондоо монголчуудын таван хүн тутмын нэг нь, хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татдаг гэсэн үг юм. Тиймдээ ч Монгол эрчүүд эмэгтэйчүүдээсээ богино насалдаг нь судалгаагаар тогтоогджээ. Тамхичдын дундаж наслалт ердөө л 52 гэнэ. Сүүлийн арван жилийн хугацаанд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах тохиолдолд хоёр дахин нэмэгджээ. Одоогоос таван жилийн өмнө буюу 2013 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлдэг болсон. Энэ хуулийн хүрээнд баар, паб, ресторан зэрэг үйлчилгээний байгууллага, олон нийтийн газарт тамхи татахыг хориглон, тусгай цэгт татдаг болсон юм.