Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын X бага хурал 2025 оны зургаадугаар сарын 5–6-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Монгол Улс 1980-аад оноос бүс нутгийн яриа хэлэлцээний механизмыг бий болгохыг зорьж, 2013 онд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлсэн. Энэ санаачилгын хүрээнд олон улсын бага хурлыг 2014 оноос хойш тогтмол зохион байгуулсаар ирсэн бөгөөд бүс нутгийн тогтвортой байдал, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг Гадаад харилцааны яам онцолжээ.
Энэхүү бага хурал нь Монгол Улсын энх тайванч, нээлттэй, бие даасан гадаад бодлогын зарчимд нийцсэн бөгөөд бүс нутгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх яриа хэлэлцээний уламжлалт тавцан болон төлөвшсөн юм.
Энэ удаагийн хурлаар Зүүн хойд Азийн улс төр, аюулгүй байдлын орчин, итгэлцэл, хамтын ажиллагаа, бүс нутгийн ирээдүйн төлөв зэрэг сэдвийг хөндөж, улс орнуудын төрийн байгууллага, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөллүүд идэвхтэй оролцохоор төлөвлөж байна.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам