ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар 11 цагийн ээлжит мэдээллээ хийж, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү коронавирусийн халдварын шинжилгээнд хамрагдсан хүмүүс болон гадаад улсаас ирэх иргэдээ хүлээж авах талаар мэдээлэл өглөө.
Д.Нямхүү: "Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Өчигдөрийн байдлаар ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийт 266 хүнд шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй. Үүнд ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа 7, ажиглах байранд тусгаарлагдсан 242, тандалтын зорилгоор 5 хүнд шинжилгээ хийсэн. Алтанбулаг боомтоор орж ирсэн 12 ачаа, тээврийн жолоочийг шинжилгээнд хамруулсан.
Одоо бид ОХУ-аас ирэх оюутнуудыг хүлээж авах ажлыг зохион байгуулж байна. Маш өндөр голомтлон тархаж байгаа улсаас ирж байгаа тул бид онцгой анхаарч ажиллана" гэлээ.