ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэжигтэй тохиолдол болон Тува улсын Кызыл хотын Кадетийн сургуулийн есөн сурагчийн шинжилгээний хариуны талаар мэдээлэв.
Тэрээр "Өмнөговь аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол Шивээ хүрэн боомтод тусгаарлагдсан байгаа. Шинжилгээ нь өчигдөр наашаа гарч, өглөө үүрээр ирсэн. ХӨСҮТ-ийн лабораторид шинжилгээ хийгдэж байна.
Эмчлүүлж байгаа 28 хүний биеийн байдал тогтвортой, дунд байна. Хоёр хүн нь хүнд байгаа" гэв.
Мөн Улсын онцгой комиссын шийдвэрээр тавдугаар сарын 4-ний өдөр ОХУ-ын Тува улсын Кызыл хотын Кадетийн сургуулийн есөн сурагчийг Боршоо боомтоор татан авсан билээ.
Тэдний шинжилгээний талаар "Сурагчдыг хамгаалалттайгаар Улаанбаатар хотод авчирч, шинэ коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулсан байна. Есөн сурагчийн шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдвар илрээгүй" гэлээ.