Монголд эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад нийт 39 өвчин бүртгэлтэй байдгаас 7 өвчнийг эх орондоо эмчлэх боломжтой болсныг саяхан Эрүүл Мэндийн яам олон нийтэд танилцуулсан.
Ходоод гэдэсний хавдрын үеийн хими эмчилгээ, Түлэгдлийн улмаас үүссэн талбай ихтэй соривын эмчилгээ зэрэг өвчтөн гадаад улсад удаан хугацаагаар суурьшин, өндөр өртөгтэйгээр хийлгэдэг хоёр төрлийн эмчилгээг УБ Сонгдо эмнэлэг эх орондоо олон улсын түвшинд хийж байна.
Түүнчлэн зүрхний хэм алдалтын үеийн эмчилгээ болох абляци, гүрээний ба нурууны артерийн нарийсал, бөглөрлийн үеийн мэс засал, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолойн фистул, дунд тархи багана бүтцийн байрлалтай мальформац, өндгөвчний төрөлхийн дутуу хөгжил, эрэгтэйчүүдийн үрийн сувгийн эмгэгээс үүдсэн үргүйдлийн эмчилгээ зэргийг Монголд хийх боломжтой болжээ.
Сүүлийн 2 жилийн байдлаар гадаадад эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн 70 гаруй хувь нь эрхтэн шилжүүлэн суулгах, зүрх судасны мэс засал, мэдрэлийн мэс засал хийлгэхээр гадаадыг зорьсон байна.
Гадагшаа эмчлүүлэхээр явж буй иргэдийн 41 хувь БНСУ-ыг зорьдог гэсэн мэдээллийг мөн ЭМЯ өгч байна.
Эх сурвалж: MED.NETWORK.MN