УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр Үндэсний аудитын газар, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны төлөөлөлтэй уулзаж, хөдөлмөр, нийгмийн түншлэлийн өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр салбарын төлөөллүүд УИХ-ын 2021 онд баталсан Хөдөлмөрийн тухай хуулиар нийгмийн түншлэлийн эрх зүйн үндсийг бүрдүүлж, төр, ажил олгогч, ажилтны төлөөллийн гурван талт хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэн талаар мэдээлэв. Мөн хамтын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилттэй холбоотой хөдөлмөрийн маргаан нэмэгдэж байгаа болон талуудын хөдөлмөрийн хууль тогтоомжийн талаарх ойлголт, мэдлэгийг сайжруулах шаардлагатай байгааг хэллээ.
УИХ-ын дарга С.Бямбацогт талууд хуулиар хүлээсэн чиг үүрэг, эрх хэмжээнийхээ хүрээнд ажиллаж, аль нэг салбарын эрх ашгийг түлхүү тавихаас илүү хөдөлмөр эрхэлж буй иргэд болон нийт талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах, Монгол Улсын нийтлэг эрх ашгийг нэн тэргүүнд тавих шаардлагатайг онцлов. Мөн асуудлыг маргаан, зөрчилдөөнд хүргэхээс илүүтэйгээр хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомжийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг үр дүнтэй хийх нь чухал гэв.
Хэрэв гурван талт улсын хэлэлцээрээр хэлэлцэх асуудлыг хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн зохицуулалтын хүндрэл байгаа бол маргаан үүсгэхээс илүүтэйгээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа тодорхой боловсруулж, УИХ-д ирүүлэхийг зөвлөлөө. Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох бодит санал, санаачилгыг хүлээн авч, хамтран ажиллахад УИХ нээлттэй гэдгийг тэмдэглэлээ.
Түүнчлэн улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед ажил олгогч, ажилтан харилцан ойлголцож, эрх, үүргээ хүндэтгэн, асуудлаа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах суурь нөхцөл болохыг дурдлаа.
Уулзалтад УИХ-ын гишүүн П.Ганзориг, А.Ариунзаяа, Т.Аубакир, С.Эрдэнэбат болон албаны бусад төлөөлөл оролцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



