x

С.Зулпхар: Хуулийг зүгээр л батлаад орхичихдог зүйл ерөөсөө биш

Улсын Их хурлын гишүүн С.Зулпхартай ярилцлаа.

-Энэ зун та нутаг руугаа явав уу?

-Миний хувьд одоогоор орон нутгийн томилолтоор хараахан яваагүй байна. Баян-Өлгий аймагт маань шүлхий гарсантай холбоотойгоор энэ сарын 1 хүртэл хөл хорио тогтоосон. Олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарласан шийдвэр гарсан. Тун удахгүй нутаг руугаа явах бодолтой л сууна.

-Тэгвэл хаврын чуулган завсарласан энэ хугацаанд ямар, ямар ажлыг амжуулж байна вэ?

-Нэгэнт орон нутаг руугаа явж чадаагүй учраас хотод голцуу ажлаа амжууллаа. Долоо хоногийн тодорхой өдрүүдэд өрөөндөө байж иргэд, олон нийттэй уулзаж байна.

Салбар, салбарын төлөөллүүд ирж уулзаж байгаа. Бид “Нээлттэй парламент” гэсэн арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Энэ санаачилгын хүрээнд парламентын үйл ажиллагаатай холбоотой, иргэдийн оролцоог хангахад чиглэсэн нэгдсэн уулзалтууд зохион байгуулагдсан.

Иргэд батлагдсан хуулиудтай холбоотой мэдээллийг авах гэж их ирж байна. Мөн хуулийн хэрэгжилтийг хангахтай холбоотой саналуудаа илэрхийлж, саналуудаа хэлж байгаа. Хаврын чуулганаар Нийгмийн даатгалын тухай хуулийг баталсан. Энэ талаар хүмүүс их сонирхон асууж, санал хэлж байна. Гол зүйл бол бид олон шатлалтай буюу гурван шатлалтай нийгмийн даатгалын тогтолцоо руу шилжсэн. Энэ шинэчлэлээр тэтгэвэр нийгмийн даатгалын түвшинд шударга байх, тухайн иргэний өөрийнх нь төлсөн шимтгэл, хугацаатай уялдах байдлаар олгогдох ёстой болсон шүү гэдгийг иргэдэд бүрэн ойлгууллаа. Үүнийг сайн хүлээж авч, бүгд адилхан тэтгэвэр авч болохгүй гэдгийг ойлгож байна. Урд нь бүгдээрээ адилхан 1.5 саяас тэтгэвэр авч эхлэх хэрэгтэй гэдгийг ярьдаг байсан. Гэтэл тийм боломж санд нь байдаггүй.

-Тийм зүйл ерөөсөө байж болохгүй биз дээ?

-Сан чинь өөрөө орлого болон зарлагатай. Гэтэл бүгдээрээ 1.5 саяас эхлэх юм бол бусад нь төлсөн шимтгэлийнхээ хэмжээгээр түүнээс өндөр болчихно. Үндсэн тэтгэвэр ч гэсэн энэ зарчмаар явна гэдгийг ойлгууллаа. Ямар ч байсан тэтгэвэр зохих хэмжээнд нэмэгдэнэ. Үүнээс гадна ажил олгогч нар их ирж уулзаж байна.

-Тэдний ярьж, хэлж байгаа зүйлүүд юу байна вэ?

-Гол зорилго нь зарим ажил олгогч төрийн худалдан авах ажиллагаанаас тодорхой ажлуудыг авчихдаг. Гэтэл төлбөр мөнгө нь ордоггүй, гацдаг гэдгийг хэлж байна.

Мэдээж хэрэг төр энэ зарчмаар ажил гүйцэтгүүлдэг боловч нэгэнтээ гэрээлчихсэн байгууллагуудад шаардлага тавьж ажлаа хийлгэхийн зэрэгцээ төлбөр мөнгийг нь хугацаанд өгдөг байх хэрэгтэй гэдэг зүйлийг ярьж байна. Энэ ер нь хоёр талтай. Зарим нь ажил авчихаад хийдэггүй, зарим нь хийчихээд төлбөрөө авч чаддаггүй. Бид чинь “Чөлөөлье” гэдэг том аян эхлүүлчихсэн явж байгаа. Аль болох төрийн хүнд суртлыг чөлөөлье. Төрөөс иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулахад хамгийн хурдан шуурхай үйлчилгээ үзүүлдэг байдлаар ажиллана гэж байгаа. Тийм ч болохоор хаврын чуулганы төгсгөлд энэ аяны зорилттой уялдсан томоохон хуулийг баталсан.

-Ямар хуулийг хэлж байна вэ?

-Эдийн засгийн эрх чөлөөний тухай болон Төрийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг баталсан. Энэ хоёр хууль бол манай эдийн засгийг сэргээхэд чиглэсэн томоохон алхам болно гэж харж байгаа. Бидэнтэй ижил нөхцөлтэй гараанд байсан улсууд өнөөдөр ямар байна. Бид хэр явна гэдэг дээр анхаарах ёстой. Зарим зүйл дээр бид үнэхээр хоцорсон. Хамгийн чухал нь эдийн засгийн шилжилтийг хийхдээ зарим хязгаарлалтыг хувийн хэвшилд тогтоосон. Төв Ази болон Балтын орнууд эдийн засгийн эрх чөлөөг маш тодорхой либераль эдийн засгийн бодлоготой уялдсан байдлаар шинэчлэлтүүдээ хийснээр өнөөдөр хувийн хэвшил нь маш хүчтэй байр суурь оруулдаг болсон. Үүнийг хийхийн тулд бид сая Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг баталсан. Би энэ хуулийн Ажлын хэсэгт байсан. Ардчилсан нам бол либераль үзэлтэй, манайх социал демократ нам. Гэхдээ социал демократ намын эдийн засгийн бодлого нь хоёр янзын шинж чанарыг агуулдаг. Нэг нь нийгмийн чиг баримжаатай байдаг бол нөгөө нь либераль эдийн засгийн давуу талыг заавал чухалчилдаг. Энэ нь хувийн хэвшлийг дэмжинэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр МАН, АН гэлтгүй эдийн засгийн бодлого нь ижилхэн байгаа. Ингээд ирэхээр бидний гадаадын хөрөнгө оруулагчтай холбоотой эрх зүйн харилцааг бүрэн нээж өгөх хэрэгтэй юм.

-Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах хуулийг хаврын чуулганаар баталчихсан биз дээ?

-Баталсан, бүр долдугаар сарын 3-нд баталсан. Энэ хууль их чухал. Дагалдаад холбогдох хуулиудад нэмэлт орсон. Тухайлбал, ажлын хүчний тухай асуудал байна. Одоо чинь манай тодорхой салбарууд ажиллах хүчний хомсдолд орчихоод байна шүү дээ. Бид үүнийг богино хугацаанд гадаадын ажиллах хүчээр нөхдөг. Хуулиар бол гадаадын ажиллах хүчинд дотоодын хоёр хүртэл ажилчныг дагалдуулж сургах ёстой. Гэтэл гаднаас ажиллах хүчин оруулаад ирэхээр нь төлбөр авдаг. Энэ төлбөр нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний байдаг. Ийм байхаар ажил олгогчдод маш хүнд тусдаг. Тийм болохоор дээрх хуулийг дагалдуулж, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хөнгөн үйлдвэр, аялал жуулчлалын чиглэлийн салбарт ажиллах хүчин оруулж ирвэл уг төлбөрөөс бүрэн чөлөөлөхөөр болсон. Мөнгө банк санхүүгийн байгууллагууд маань гаднаас зээл оруулж ирээд тодорхой ашиг олохоор тэндээс нь 20 хувийн татвар авдаг байсан. Үүнийг багасгаж таван хувь болгосон.

Учир нь гаднаас хэдий хэмжээний зээл оруулж ирнэ төдий хэрээр манай улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээлд бага зардалтай зээлүүд бий болдог. Бидэнд одоо хамгийн олдохгүй байгаа зүйл чинь хямд төсөр зээл шүү дээ. Бид эдийн засгаа бол либеральчилсан. Дэлхий нийт ямар өөрчлөлт хийж байна, тэрний араас явах ёстой. Ноднин жилийн аравдугаар сард УИХ-ын дарга Казахстан улсад төрийн айлчлал хийсэн. Миний бие бүрэлдэхүүнд нь багтаж явсан. Тэндээс хөрөнгө оруулалтын орчныг сайн нээх юм бол ямар хурдтай эдийн засгийн өөрчлөлт бий болдгийг харсан. Бидний хувьд ч ийм байхаас өөр аргагүй. Манай улс улс төрийн болон нийгмийн либеральчиллаа маш сайн хийсэн. Гэтэл эдийн засгийн эрх чөлөөнд хүссэн түвшиндээ хүрч чадаагүй. Хэдий хэр хүчтэй хувийн хэвшилтэй байна, төдий хэрээр эдийн засаг өсөх, төсөв бүрдэхэд их чухал. Тиймээс энэ хууль их чухал хууль боллоо гэж хэлээд байгаа юм.

-Та ярианыхаа эхэнд иргэд, олон нийт хуулийн хэрэгжилтийн тухай асуудлыг хөндөж байна гэсэн. Тэгвэл энэ асуудал дээр хэрхэн анхаарах вэ. Сануулахад, УИХ-аас Замын хөдөлгөөний тухай хуульд өөрчлөлт оруулж, суррон, мопидын асуудлыг цэгцлэхээр болж, өнгөрсөн сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гэвч гадаа гудамжинд тэр бүр хэрэгжихгүй байгаагаас хүний алтан амь эрсэдсэн харамсалтай хэрэг хүртэл саяхан гарлаа шүү дээ?

-Энэ маш чухал. Хуулийн хэрэгжилт хэрвээ хангагдахгүй байх юм бол батлагдсан хуулийн үр дүн гарахгүй байна уу гэсэн эргэлзээ төрнө. Сүүлийн үед ийм эргэлзээ нийгмийн олон харилцаан дээр гарч байна. Хууль батлагдсан талаар мэдээлэл өгч байх үеэрээ яг таны хэлсэн зүйлийг би хэвлэлийнхэндээ хандаж хэлж байлаа. Хуулийн хэрэгжилтийг хангуулахад тал талын оролцоо их чухал байдаг. Жишээлбэл, тухайн хууль ямар нийгмийн бүлэг, салбарт зориулагдсан бэ гэдгээс хамаараад төрийн байгууллага мэдээлэл өгөх үүрэгтэй. УИХ-ын гишүүд ч гэсэн ийм үүрэгтэй. Бидний гол үүрэг энэ. Иргэд өөрсдөө шаардлагатай хуулийнхаа талаар л мэдээлэл авахыг хүснэ. Нөгөө талдаа үүн дээр хэвлэл мэдээлэл буюу дөрөв дэх засаглалынхан маш чухал үүрэг хүлээдэг.

Саяны сурронтой холбоотой асуудал бидэнд бодит кейс болчихлоо. Хуулиа долдугаар сарын 1-нээс эхлээд хэрэгжүүлээд эхэлсэн. Би ч гэсэн явган зорчигч. Зам дээр үнэхээр айдастай байлаа шүү дээ. Хууль хэрэгжээд эхэлсэн ч гэсэн хуульгүй юм шиг байлаа. Үүнээс болоод харамсалтай зүйл болсон. Ноднин жил өмнөх жилээсээ тав дахин их хүн суррон болон мопидоос болж осолд орсон байна. Үүнээс 2400 орчим хүн бэртэж гэмтсэн. Тэр хүн гэмтэнэ гэдэг тэр хэмжээгээрээ хөдөлмөрийн чадвараа алдана. Энэ чинь хувь хүний эрүүл мэндээс гадна нь цаана нь маш том нийгэм, эдийн засгийн өртөг байгаа. Ажил хийж байгаа хүн бэртвэл нийгмийн даатгалаас мөнгө авна. Ингэхээр Нийгмийн даатгалын санд ч гэсэн ачаалал тодорхой хэмжээгээр үүсэж байгаа л гэсэн үг. Аливаа зүйлийг бүхэлд нь бодож шийдвэр гаргачихаад тэрнийхээ хэрэгжилтийг хангуулах дээр тал талаасаа л оролцох ёстой.

-Ингэхэд хуулийн хэрэгжилт хэр байгаа дээр УИХ-аас шалгалт, судалгаа явуулдаг уу?

-УИХ-д өөрт нь үүрэг байгаа. Хуулийн хэрэгжилттэй холбоотой үнэлгээ хийлгэдэг. Үүнийг гурван жил тутамд нэг удаа мэргэжлийн байгууллагуудаар хийлгэдэг юм. Нөгөөтэйгүүр, хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотойгоор парламент жил бүр хяналт, шинжилгээ, үнэлгээгээ өөрөө хийж байдаг. Өнгөрсөн хугацаанд баталсан бүхий л хууль, тогтоомжууд хэр биелэж байгаа юм гэдэг дээр үүнийг хийдэг. Мөн Засгийн газар хяналт хэрэгжүүлэх тодорхой бүтэцтэй. Энэ бүтэц нь салбар салбарт байдаг. Тэгэхээр хуулийг зүгээр л батлаад орхичихдог зүйл ерөөсөө биш. Энэ чинь амьд органик зүйл. Хэрэгжиж байж үр дүн гардаг. Үр дүн гарахгүй бол хамтдаа шаардаж, хэрэгжүүлэх ёстой. Нийслэлийн Засаг дарга хуулийн хэрэгжилтээ хангуулна. Бид хяналтаа чангатгана гэж маш тодорхой хэлсэн байсан. Үүнээс би бас нэг зүйлийг нэмж ярьмаар байна.

-Ямар зүйл вэ?

-Төрийн өмчит компаниудын тухай анхдагч хуулийг баталсан. Би мөн зургаан сарын турш Ажлын хэсэгт нь орж ажилласан. Манай эдийн засагт эзлэх төрийн өмчит компаниудын эзлэх хувь жин дарсан хэвээр байгаа. Гэвч хэдэн хувь нь үр өгөөжтэй ажиллаж байгаа юм гэдэг асуудал. Аваад үзэхээр асуудал үнэхээр байна. Төрийн болон орон нутгийн өмчит компаниуд дотор үр ашиггүй, алдагдалтай ажилладаг нь олон байгаа. Энэ чинь эргээд эдийн засаг, төсөвт маш том ачаа болоод байгаа юм. Тийм болохоор үүн дээр судалгаа хийж үзсэн. Гадна, дотнын бүх зүйлийг авч үзээд бид өнгөрсөн хугацаанд бусад улс оронд байхгүй жишиг тогтоочихсон. Тэр нь өнөөгийн ийм байдлыг бий болгосон. Зарим тохиолдолд төрийн өмчит компани гэдэг чинь улс төрийн сонгуулийн үр дүнгээр хэсэг улсыг ажилтай, дарга болгодог зүйл боллоо гэдгийг олон хүн хэлсэн. Бодит байдал нь энэ. Тийм ч учраас үүн дээр хуулийг нь олон улсын жишгээр нь дахиж баталсан. Ерөөсөө л компанийн засаглалаар явах ёстой. ТУЗ-д мэргэжлийн хүмүүсийг нээлттэй сонгон шалгаруулалтаар оруулдаг байх нь зөв. Гаднын жишгүүд яг л ийм байна. Тэнд гүйцэтгэх удирдлага, ТУЗ- нь бүгд мэргэжлийн учраас төрийн болон орон нутгийн өмчит компаниуд нь ашигтай ажиллаад байна.

-Тэгэхээр төрийн өмчит компанийн ТУЗ-д төрийг төлөөлж байгаа хүмүүс нь заавал мэргэжлийн байх тухай асуудлыг ярьж байна уу. Одоо бол хэн нэг дарга давхар хийдэг шүү дээ?

-Төр төлөөллөө бас л тодорхой түвшний сонгон шалгаруулалтаар оруулна. Бусад төлөөлөл нь нээлттэй сонгон шалгаруулалтаар мэргэжлийн хүмүүс орно. Компани гэдэг чинь өөрийн стратегитэй байдаг. Тухайлбал, гол стратегиа хүний нөөц, эсвэл төлөвлөлт гэж үзэж болно. Харин энэ зүйлүүдийг хийж чаддаг мэргэжлийн хүмүүсийг л ТУЗ-дөө авах тухай асуудал яригдаж байгаа юм. Түүнээс гадна зөвхөн ТУЗ-ийн гишүүн болоод зогсохгүй давхар хариуцлага хүлээнэ. Өнөөдөр манайд ямар нэгэн төрийн өмчит компани алдагдалтай ажиллалаа гэхэд Гүйцэтгэх захирал нь хариуцлага хүлээж байгаа зүйл байхгүй. Харин шинэ хуулиар хариуцлага хүлээнэ. Ингэж байж тэр компани үр ашигтай болно. Гэхдээ нийтийн эрх ашгийн төлөөх компаниуд гэж бий. Үр ашигтай ажиллах боломж нөхцөл хомс байдаг. Тодруулбал, Ус суваг, дулаан, нийтийн тээвэр гээд байдаг л даа. Үүн дээр ялгаатай байдал байж болно. Гэхдээ ямар ч байсан үр өгөөжтэй ажиллах хамгийн сайн менежментийг хэрэгжүүлнэ гэдэг талаас нь авч үзэж байгаа.

Бид төрийн байгууллагууд төсөвт их ачаалал болж байна гэж яриад байдаг. Гэтэл энэ ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниуд чинь ч гэсэн маш их ачаалал болж байгаа. Төрийн албан хаагчдын тоо 215 мянга болчихсон байсныг 205 болгож бууруулсан. Үүнээс ч багасах бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Нөгөө талдаа төрийн болон орон нутгийн өмчит компаниудын хэдий хэр хүмүүс ажиллаж байгаа билээ. Тэд ч гэсэн эргээд ачаалал болдог. Энэ үүднээс нь аваад үзвэл эдийн засгийн үр өгөөж гарахгүй, зарим тохиолдолд эдийн засгийн эрх чөлөө хангагдахгүй байгаа учраас үүнийг халах хууль орж ирлээ гэсэн үг. Цаашдаа төрийн болон орон нутгийн өмчит компаниуд цэвэр олон улсын зарчимд нийцсэн бизнесийн зарчмаар өөрийгөө удирдаад аваад явдаг, менежментээ хийдэг, үр өгөөжтэй ажилладаг байдал руу шилжих боломжийг сая хуулиар нээж өглөө. Маш нарийн хяналттай, төлөвлөгөөтэй, үнэлгээтэй. Түүнийхээ дагуу хариуцлага тооцдог хэлбэр рүү орж байгаа юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байна 21 мин С.Зулпхар: Хуулийг зүгээр л батлаад орхичихдог зүйл ерөөсөө биш 42 мин Трипл-даблын дээд амжилтын эзэн Р.Уэстбрук зодог тайлжээ 52 мин COP17-г үр дүнтэй явуулахад үнэтэй дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв 58 мин ОХУ, БНХАУ, БНСУ-аас АИ-92 бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ 1 цаг 0 мин Мөнгөний бодлогын хүүг 12.5 хувьд хүргэнэ 1 цаг 10 мин ПСЖ баг УЕФА-гийн Супер цомыг дахин хүртлээ 1 цаг 13 мин Хятадын шинэчлэлийн архитекторчдын нэг Жү Рүнжи таалал төгсжээ 2 цаг 0 мин Газар хөдлөлтийн улмаас Колумбийн кофены экспорт зогсжээ 2 цаг 4 мин Бээжин-Улаанбаатарын чиглэлд олон улсын тогтмол нислэгийг эхлүүлэв 2 цаг 18 мин COP17-гийн үеэр нийтийн тээврийн тодорхой чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ 2 цаг 22 мин СОР17-г бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарахыг үүрэг болгов 15 цаг 50 мин “Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав 16 цаг 0 мин Японы засгийн газрын өр түүхэн дээд хэмжээнд хүрчээ 16 цаг 58 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг ирэх сард ашиглалтад оруулна 19 цаг 2 мин Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 19 цаг 7 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ 19 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 19 цаг 20 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 19 цаг 24 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 19 цаг 34 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Шатахууны хямрал ба бодит байдал Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой
Top