Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ОХУ, БНХАУ, БНСУ-аас авах шатахууны нийлүүлэлт болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад тулгамдаж буй асуудлыг хэлэлцээд, хууль тогтоомжийн гацааг арилгах чиглэлээр сайд нарт үүрэг өглөө.
Тухайлбал,
-Газрын тосны үйлдвэрийн татвар өр төлбөртэй холбоотой үүсэх харилцаа, зээлийн шугам, хэмжээг нэмэгдүүлэх
-Төслийг үйлдвэр технологийн парк хэлбэрээр хөгжүүлж үйл ажиллагааг нь жигд, хурдацтай явуулах
-Үйлдвэрийн бүтээн байгуулалт, талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авах
-Үйлдвэрт ажиллах алба хаагчдыг мэргэшүүлэх, сургах төлөвлөгөө, тооцоо гаргахыг Эдийн засаг, хөгжлийн сайд болон Боловсролын сайдад үүрэг болгох
-Иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах
-Үйлдвэрээс ирүүлсэн зөвшөөрөл, бусад албан бичгийн хариуг албаныхан яаралтай өгөх зэрэг 14 асуудлыг шийдвэрлэж, долоо хоног бүр хэрэгжилтийг хянахаар болов.
Мөн газрын тос, шатахууны нөөцийн агуулах сав барих 21 ААН-ийн 26 төсөлд Монгол банкнаас 360 гаруй тэрбумын зээл гаргасан бөгөөд 23 өдрийн нөөцийг бүрдүүлэх агуулахын ажлын явцын талаар мэдээлэл сонслоо. Ерөнхий сайд шаардагдах албан бичгийг эс үйлдэхүй гаргаж гацаахгүй байх, төслүүдэд олгох санхүүжилтийг тухай бүр мэдээлж, шийдвэрлэх, дууссан төслийг Улсын комисс шуурхай хүлээн авах, стандартыг мөрдүүлэх үүргийг тус тус өглөө гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.



