Монгол Улс, БНХАУ-ын агаарын тээврийн хамтын ажиллагааны хүрээнд “COMAC C919” зорчигч тээврийн агаарын хөлөг энэ сарын 12-нд Бээжин-Улаанбаатар чиглэлийн “CA723” анхны нислэгээ амжилттай хийж, “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардав. БНХАУ-д үйлдвэрлэсэн уг хөлгийн олон улсын анхны тогтмол нислэгийг “Air China” компани гүйцэтгэжээ.
“Энэ бол зөвхөн шинэ төрлийн агаарын хөлөг ашиглаж эхэлж буй хэрэг бус, харин хоёр орны хамтын ажиллагаа, итгэлцэл, харилцан холбогдох хөгжлийн шинэ шатанд гарч буйг илэрхийлсэн үйл явдал гэдгийг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тодотгосон юм.
Монгол Улс, БНХАУ-ын хоорондын агаарын харилцааны эрх зүйн үндэс 1989 онд байгуулсан агаарын харилцааны хэлэлцээрээр тавигдаж, 1991 онд “Air China” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотноо нээн хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэж эхэлсэн түүхтэй. Хоёр улсын хооронд нислэгийн давтамж долоо хоногт 28 болж ийнхүү нэмэгдэж байна.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн бөгөөд Түр хамаарагч Цао Ли хэлсэн үгэндээ, “Энэ хөлгийн олон улсын анхны нислэгээр Монгол Улсыг сонгосон нь хоёр орны иргэдийн харилцаа, харилцан холбогдох байдал гүнзгийрч буйн илэрхийлэл. Өнгөрсөн сарын байдлаар БНХАУ-аас Монгол Улсад ирсэн жуулчны тоо 150 мянга дөхөж, сүүлийн гурван жил дараалан нэмэгдсэн. C919 онгоц хоёр орны иргэдийн зорчих хөдөлгөөн, аялал жуулчлалын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.




