“Зүчийн Улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулах, олон нийтэд түгээх ёслол өнөөдөр Гадаад харилцааны яаманд боллоо.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг нээлтийн үеэр хэлэхдээ уг бүтээлийг туурвих, эмхэтгэх, орчуулах, хэвлүүлэхэд оролцсон эрдэмтэн судлаачдад талархал илэрхийлж, цаашид Монголын түүх, өв соёлтой холбоотой эх сурвалжийг судлан нийтлэх, олон нийтэд сурталчлан таниулах хамтын ажиллагааг өргөжүүлэхийн ач холбогдлыг онцлов.
“Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” номыг эмхэтгэсэн Бүгд Найрамдах Турк Улсын монголч эрдэмтэн, профессор Илиас Кемалолу, профессор Айше Мелек Өзиэтгин болон бүтээлийг монгол хэлнээ орчуулсан Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотноо суугаа Ерөнхий консул Д.Анхбаяр нар нийт 31 улсад хадгалагдаж буй түүхэн баримт бичиг, эх сурвалжаас бүрдсэн тус номын агуулга, ач холбогдлыг энэ үеэр танилцуулж, санал сэтгэгдлээсээ хуваалцлаа.
Их Эзэн Чингис хааны ууган хүү Зүчийн нэрээр нэрлэгдсэн Алтан орд улсын төрийн түүхийг баримтжуулсан тус ном Зүчийн Улсын үеийн монголчуудын төр, захиргаа, дипломат харилцаа, бичиг соёлын түүхийг судлахад ихээхэн ач холбогдол бүхий эх сурвалж төдийгүй Монгол, Турк болон олон улсын эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааны үр дүнд бий болсон судалгааны үнэ цэнтэй бүтээл юм.





