x

Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч нарт гох дэгээ болдог заалтуудыг авч хаях хэрэгтэй

Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай Ашигт малтмалын тухай хууль болоод АН-ын талаар ярилцлаа.

-Ашигт малтмалын тухай хуулийг ноднин жилийн хаврын чуулганаар өргөн барина гэж байсан ч өнөөдрийг хүртэл тодорхойгүй л байна. Нэлээд зөрчил байгаа дуулдсан. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Энэ 126 гишүүнтэй парламентад нэг хуулийг бүрэн оруулаад батлуулсан гишүүн бараг алга. Одоо Ашигт малтмалын тухай хууль дээр ч адилхан. Ер нь энэ хуулийг яаралтай оруулж батлуулах хэрэгтэй. Ингэхдээ хөрөнгө оруулагч нарт одоо гох дэгээ болоод байгаа заалтуудыг авч хаях хэрэгтэй байна. Урд талынх нь хувь эзэмшигч баяжуулах үйлдвэр барих гэхээр нэмээд зөвшөөрөл нэхдэг. Зөвшөөрөл өгөх бүрд л цаана нь жижиг оврын авлигач төрүүлээд байгаа юм. Тиймээс аль болох зөвшөөрөл төрүүлдэг механизмаас хол байх хэрэгтэй. Дээрээс нь аль болох татварын давхардалгүй байх тал дээр анхаарч ажиллах ёстой. Жишээлбэл, Эрдэнэс Тавантолгой нүүрс олборлосныхоо төлөө АМНАТ төлж байгаа. Гэтэл тэр олборлосон нүүрсийг нь аваад боловсруулсных нь төлөө боловсруулах үйлдвэрээс АМНАТ аваад байдаг байж болохгүй.

-Хуулиудын уялдаа хамаарал, давхардал зэргийг хуулийн төсөл дээр ажиллаж байгаа нөхдүүд нэг их судалдаггүйгээс үүдээд нэг хуулиар нь зөвшөөрөл авахгүй, нөгөөгөөр нь авна гээд байдаг гэх юм билээ?

-Уг нь энэ парламентад чинь 126 гишүүн, туслах, зөвлөх байна.

Нэмээд УИХ-ын дэргэдэх Ажлын албууд, Засгийн газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам гээд зөндөө хүмүүс байгаа. Даанч шат шатандаа ажлаа муу хийгээд байна. Дээрээс дарга чиглэл өгвөл хийчихээд бусад үед ангайгаад сууж байдаг нөхдүүд их бий. Уг нь тэд л энэ хуулиудын давхардал, хийдэл, цоорхойг олж засаж залруулж байх хэрэгтэй юм.

-Ашигт малтмалын тухай хуулийг бид цаг алдалгүй баталснаар манай улсад ямар үр өгөөж өгөх гээд байгаа хэрэг вэ?

-Одоогийн хууль дээр зарчмын шинжтэй өөрчлөлтүүд хийх хэрэгтэй. Цацраг идэвхт ашигт малтмал, түгээмэл тархацтай, бусад гээд тус тусдаа хайгуулын лиценз өгдөг байдлыг нэг болгох хэрэгтэй. Эрэл хайгуул гэдэг чинь нэг л ажил. Өөр чиглэлээр хайгуул хийж байсан нэг компани нүүрс олсон чинь улс үнэгүй авчихдаг. Тэгснээ тэрийгээ нийслэлд өгчихсөн. Нийслэл одоо уурхайтай байж яах юм. Ийм балай байдлыг таслан зогсоох ёстой. Мөн өнгөрсөн хугацаанд Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ мэтийн популистууд уул уурхайн салбарын нүд рүү хуруугаа хийсэн. Эрэл хайгуул хийх боломжийг өнөө “Урт нэрт” гэдэг хуулиараа зогсоочихсон. Дэлхийд ой дотроо алт олборлоод, түүнийгээ сайхан нөхөн сэргээчихсэн туршлага зөндөө бий. “Урт нэртэй хууль” нэрийн дор Монголын уул уурхайн салбарын хэдэн зуун компани, мянга мянган ажлын байр, олон тэрбумын хөрөнгө оруулалтыг нэг шөнийн дотор царцааж, 1300 гаруй лицензийг эргэлзээтэй байдалд оруулсан нь бодлогын хамгийн том алдаа байсан. Байгаль хамгаалах нэрээр эдийн засгаа боомилж, лиценз олгосон төр өөрөө компаниудаа хууль зүйн тодорхойгүй байдалд оруулсан. Үр дүнд нь жижиг, дунд хайгуулын компаниуд сүйрч, хөрөнгө оруулагчид Монголыг “эрсдэлтэй улс” гэж харж эхэлсэн. Байгаль хамгаалах нь зөв ч шинжлэх ухаангүй, эдийн засгийн тооцоогүй популизм улс орны хөгжлийг тэг зогсоодог хамгийн аюултай жишээ энэ байсан. Үүнээс үүссэн бүх хохирлыг Б.Бат-Эрдэнэ аварга мэтээс нэхэмжлэх хэрэгтэй. Мөн говийг усжуулах төслийн алдагдсан боломжийг ч бас түүний нөхдөөс нэхэмжлэх цаг болжээ. Нэмээд хэлэхэд улсын, орон нутгийн гэсэн маш олон тусгай хамгаалалтуудыг нэг л болгомоор байна. Нийт газар нутгийн 30 хувь нь тусгай хамгаалалтад байна гэж солиорч болохгүй. Компани хайгуул хийгээд, орд илрүүлэхээр нэг сумын ИТХ хуралдаад тусгай хамгаалалтад авчихдаг. Дээрээс нь хилийн бүсэд байгаа тэр ашигт малтмалыг хэнд өгөх гээд байгаа юм. Цаад талын улсад нь өгөх юм уу. Уг нь хамгийн түрүүлж олборлоод улс орондоо хэрэгтэй зүйл хийх хэрэгтэй.

-Тэгэхээр хил орчмын ашигт малтмалыг нэн тэргүүнд олборлох нь хэрэгтэй гэж та үзэж байна уу?

-Монголын хил дагуу орших Орос, Хятадын талд газрын тос, газрын ховор элемент, уран, нүүрс, өнгөт металл зэрэг стратегийн түүхий эдийн хайгуул, олборлолт эрчимтэй явагдаж, эдгээр улс аж үйлдвэр, өндөр технологи, батлан хамгаалах үйлдвэрлэлээ тэтгэж байна. Харин Монголын талд хилийн бүс гэсэн ерөнхий хязгаарлалтаар асар их нөөцтэй байж болзошгүй бүсүүдийг эдийн засгийн эргэлтээс бараг бүхэлд нь тусгаарлачихсан хэвээр байна. Геологийн тогтоц улс төрийн хилээр тасардаггүй. Нэг сав газрын тос, нэг тектоник бүсийн газрын ховор элемент, нэг хүдэржилтийн систем хил даван үргэлжилдэг нь геологи, геофизикийн суурь ойлголт. Өөрөөр хэлбэл, хөрш талд олборлож буй ордын үргэлжлэл Монголын талд байх магадлал маш өндөр. Гэтэл хөршүүд стратегийн эрдсээ олборлон экспортолж, технологийн ноёрхол, валютын урсгалаа нэмэгдүүлж байхад Монгол өөрийн талын баялгийг зөвхөн “болзошгүй эрсдэл” нэрээр хөдөлгөөнгүй хадгалсаар байна. Шинжлэх ухаанд суурилсан хяналттай хайгуул, орчин үеийн мониторинг, үндэсний аюулгүй байдлын ухаалаг зохицуулалтын оронд бүхэл бүтэн бүсийг хориглон царцаах нь хөгжлийн бодлого гэхээсээ илүү стратегийн идэвхгүй байдал мэт харагддаг. Энэ зуунд газрын ховор элемент, уран, газрын тос бол зөвхөн ашигт малтмал биш харин геополитик, технологи, тусгаар тогтнолын асуудал болсон шүү дээ.

-Та яриа эхлэхийн өмнө лицензийн шилжилт хөдөлгөөн царцсан гээд байсан. Энэ нь юу гэсэн үг юм, үүнээс болоод зах зээлд ямар нөлөө үүсч байна вэ?

-Хайгуулын лицензийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, зөвхөн том татвар төлөгчдийн газрын хяналтаар дамжуулдаг болсон зохицуулалт нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын эргэлтийг эрс сааруулж байна. Үүний улмаас зарим лиценз дээр ногдуулж буй татварын үнэлгээ нь тухайн лицензийн бодит зах зээлийн өртгөөс давж, эдийн засгийн хувьд ашиггүй нөхцөл үүсгэх болсон. Олон улсын жишгээр хайгуулын лиценз нь хөрөнгө оруулалт татах, эрсдэлийг хуваалцах чөлөөт эргэлттэй санхүүгийн хэрэгсэл байдаг. Харин хэт төвлөрсөн, зах зээлийн зарчимд нийцээгүй татварын бодлого нь салбарыг царцааж, хөрөнгө оруулагчдыг шахан гаргах “клиник үхэл”-ийн нөхцөл рүү түлхэж байна. Ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийг цацраг идэвхт, түгээмэл тархацтай, бусад гэх мэтээр хэт олон ангилж, салангид лицензийн тогтолцоо бий болгосон нь хөрөнгө оруулалт, геологийн судалгааны үндсэн зарчимтай зөрчилдөж байна. Олон улсын жишгээр хайгуул нь нэг лицензийн хүрээнд бүх төрлийн эрдсийг иж бүрэн үнэлэх боломжтой нэгдмэл тогтолцоотой байдаг. Гэтэл ураны хайгуул хийж байхад нүүрсний илрэл тогтоогдмогц лицензийг хүчингүй болгох, эсвэл өөр ангилалд шилжүүлэн хураах явдал гарч байгаа нь өмчийн эрх, хөрөнгө оруулагчийн итгэлийг ноцтой зөрчиж буй шударга бус бодлого юм. Иймээс Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хайгуулын лицензийн тогтолцоог яаралтай нэг мөр болгох зайлшгүй шаардлагатай гэж хэлээд байгаа юм.

-Ардчилсан нам энэ жил нэлээд шинэчлэл хийсэн. Танай намын энэ шинэчлэл дээр та гишүүний хувиар юу хэлэх вэ?

-Улс төрийн намын тухай хуулийн дагуу хийсэн Ардчилсан намын шинэчлэл гэдэг бол нэгдүгээрт, нийт ҮБХ-ны гишүүний 50-иас дээш хувь нь 37-гоос доош насны хүмүүс сонгогдлоо. Хүнийхээ хувьд шинэчлэгдэж байна. Дээрээс нь хуулиар намын дотоод сонгуулиа хийж бүх зүйлээ шинэчлэх ёстой. Энэ дагуу сум, дүүрэг, аймаг, нийслэл, Төв нам гээд бүгд шинэчлэгдлээ. Сүүлийн 10-аад жил хаалттай байсан бол цонхоо нээж цус сэлбэсэн. Одоо зохион байгуулалттай холбоотой бүх ажил цэгцэрсэн. Сая намын дарга ч хэлсэн үгэндээ бид одоо бүрэн бэлэн боллоо, гадагшаа улс төр хийхэд ямар нэгэн асуудалгүй гэсэн шүү дээ. Үүнтэй би санал нэг байгаа.

-АН-ын ЕНБД-аар сонгогдсон С.Баярцогтын талаар элдэв зүйл яригдлаа. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Өнгөрсөн, одоо, ирээдүй гэдэг шиг зөв харьцаа байх ёстой. Тэр утгаараа төрийн болон улс төрийн туршлагатай, унаж боссон, олон жилийн санах ойтой хүн манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга боллоо. Энэ хүн рүү Оюу толгойн алдааг л чихээд байдаг. Гэтэл зүй нь бол тэр үед ганцхан энэ хүн байгаагүй юм аа. Оюу толгойн гэрээг хийхэд хамтарсан засаг байсан. УИХ олонхоороо дэмжсэн, тэд яах юм. Муулбал бүгдийг нь муулж, нүдвэл нүдэх хэрэгтэй. Ганцхан С.Баярцогт руу халдаагаад байх ямар ч шаардлага байхгүй. Харин нэгэнт хийгээд өгсөн гэрээг байнга засаж, сайжруулж явж чадаагүй. Сүүлийн 10 жилд засаж сайжруулсан зүйл байна уу. Тэднээс бас нэхэх ёстой шүү дээ.

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэр хоёр яагаад ингэтлээ муудчихсан юм бэ?

-Тэр талаар мэдэх юм алга. Хувь хүмүүсийн хоорондын л зүйл байдаг байх.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Cindy (149.40.50.210)
    Сайн байна уу онлайн үзэгчид, би АНУ-аас ирсэн Синди байна. Би энд нөхрөө эргүүлэн авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлээ хуваалцах гэж байна. Би луйварчин байсан, нөхөр маань намайг хэд хэдэн удаа барьсан. Би өөрийгөө засах гэж оролдсон бөгөөд тэр болгондоо дахин дахин хуурдаг. Тэр намайг ганцааранг минь орхихоос нааш түүний миний хувьд юу гэсэн үг болохыг ойлгоогүй байх. Би түүнийг буцааж авах арга хайж эхэлсэн боловч дэлхийн олон хүмүүст харилцаагаа сэргээхэд нь тусалсан DR EDETANLEN-ийн тухай нийтлэлийг олж унштал юу ч бүтсэнгүй. Би түүнтэй холбоо тогтоосон бөгөөд нөхөр маань 48 цагийн дотор өөрийн хүчирхэг ид шидээрээ над дээр эргэж ирнэ гэж надад итгүүлж, ажилд шаардлагатай материалд доллар төлсөн. Гайхалтай нь нөхөр маань надад хайртай хэвээрээ байна гээд 2 хоноод гэртээ ирээд би дахиж хэзээ ч хуурахгүй гэж тангарагласан. DR EDETANLEN-д баярлалаа. Та түүнтэй dredetanlensolutioncente@gmail.com цахим шуудангийн хаягаар чатлах эсвэл түүний фэйсбүүк хуудсанд зочилж болно. https://www.facebook.com/Spiritual_spell_temple_1111-100570192704287
    2026 оны 05 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа Өчигдөр 14 цаг 37 мин М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэлдгээс болж Монгол Улс яг хэдэн сая малтай вэ гэдэг эргэлзээтэй болсон Өчигдөр 11 цаг 27 мин Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам хаагджээ Өчигдөр 11 цаг 22 мин Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажиллаж байна Өчигдөр 11 цаг 18 мин Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо Өчигдөр 10 цаг 26 мин Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ Өчигдөр 09 цаг 29 мин Ялбагийн хөндийг байгалийн төрхөнд нь орууллаа Өчигдөр 09 цаг 14 мин Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ өртөх бол? Өчигдөр 08 цаг 57 мин УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланг Азийн парламентуудын усны асуудал хариуцсан Зөвлөлдөх зөвлөлд урив Өчигдөр 08 цаг 43 мин Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 08 цаг 36 мин Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулжээ Өчигдөр 08 цаг 23 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа Өчигдөр 08 цаг 15 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган болно Өчигдөр 08 цаг 11 мин Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурлын УЗ-ийн 45-р хуралдаан эхэлнэ Өчигдөр 08 цаг 06 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан. Үүлшинэ, бороо орно Өчигдөр 08 цаг 01 мин АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцсон амжилт ба сургамж Уржигдар 20 цаг 08 мин О.Цогтгэрэл: АН өнөөдрөөс сонгуулийн бэлтгэлдээ орлоо Уржигдар 18 цаг 52 мин Сэлэнгэ аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг агаарын хөлгөөр гүйцэтгэж байна Уржигдар 17 цаг 31 мин Сэргээгдэх эрчим хүч, цаг уурын тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөллөө Уржигдар 17 цаг 31 мин Нийгмийн түншлэлийг бэхжүүлэх төслийн гурван талт уулзалт боллоо Уржигдар 17 цаг 30 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс... Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохио... Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” о... Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам ... Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ... Монгол, Хятад, Оросыг дамнасан "Цайны замын авто ралли-2026"... Даншиг наадмын өдрүүдэд Хүй долоон худаг руу автобус үнэгүй ...
Top