Пакистаны Хайбер-Пахтунхва мужид террорист халдлага болсны улмаас цагдаагийн 15 ажилтан амиа алдаж, 3 хүн шархаджээ.
Dawn сонинд мэдээлснээр, амиа золиослогч этгээд автомашинаа тэсрэх бодисоор дүүргээд Банну тойрог дахь цагдаагийн шалган нэвтрүүлэх цэгийн байр руу дайрсан байна. Тухайн үед уг байранд 18 албан хаагч байжээ.
Дэлбэрэлт болсны дараа бүлэг террористууд янз бүрийн чиглэлээс цагдаагийн пост руу хүнд зэвсгээр гал нээжээ. Постны байр бүрэн эвдэрч нурсан бөгөөд ойролцоо байсан хуягласан автомашин дэлбэрэлтэд өртсөн байна. Ойр орчмын байшингууд багагүй эвдэрчээ.
Сүүлийн үед ийм зэвсэгт халдлагууд Афганистантай хил залгаа орших Хайбер-Пахтунхва ба Белуджистан мужуудад цөөнгүй удаа гарч байгаа юм. Эдгээр мужид амьдардаг пушту, белужи зэрэг үндэсний цөөнхүүдийн эрхийг хамгаална гэж мэдэгддэг зэвсэгт бүлэглэлүүд Пакистаны аюулаас хамгаалах хүчнийхэн болон энгийн иргэд рүү халдан довтолсоор байна.
Пакистаны эрх баригчид мэдэгдэхдээ, Афганистанд байрлаж буй Пакистаны талибууд халдлагуудыг үйлдэж байна гэсэн бол Афганистаны тал үүнийг няцаажээ.
Белужистан мужид “Белужистаныг чөлөөлөх арми” гэдэг бүлэглэл идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус мужийг Пакистанаас салган тусгаарлах, белужи үндэстний өөрийгөө удирдах эрхийг сэргээхийг шаарддаг байна.



