x

С.Баярцогт V/S Я.Содбаатар

АН-ынхан ерөнхий нарийн бичгийн даргаараа С.Баярцогтыг сонголоо. Уул нь: Намын ерөнхий нарийн дарга гэдэг бол төрийн албан тушаал биш. Гэвчиг: С.Баярцогт энэ албан тушаалд сонгогдсоноор эдүгээгийн улс төрд олон өөрчлөлтийг дуншуулж, улс төрийн чиг хандлагыг эргүүлж эхлэв.

Нэн тэргүүнд: АН 17-18 оны үеэс тарж бутраад нэгдэж чадалгүй саяхан болтол явсан. Энэ нь МАН өрсөлдөгчгүйгээр засаглах боломжийг өгч байж. Тэр нь яаж илэрч байна гэхээр АН-ын шинэ ерөнхий нарийн бичгийн даргын сонгуулийн дараа МАН-ын жин илтэд хөнгөрөөд ирж байгаа нь хэнд ч мэдрэгдэж байна. Гэтэл нь: С.Баярцогт ерөнхий нарийн бичгийн дарга болоод ердөө л дөрөв хонож байдаг. Тэрээр ерөнхий нарийн бичгийн дарга болсон оройдоо АН дахь МоАХ буюу Женко фракцынхантайгаа уулзалт хийсэн. Тэр уулзалтаар гурван юм тохирсон байна.

Нэгдүгээрт: МоАХ-ны байрыг хөндөхгүй.

Хоёрдугаарт: С.Баярцогт 27 онд Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй. Харин хамгийн өндөр рейтингтэй буюу Ерөнхийлөгчид шанстай улстөрчөө хамтдаа дэмжинэ.

Гуравдугаарт: Хамтдаа улс төрийн захиалгаар хилс хэрэгт шалгуулж, шийтгүүлж байгаа журмын нөхдөө хамгаална.

Дөрөвдүгээрт: АН-ын цааших улс төр хэн нэг хүн, аль нэг намын явуулга, ятгалгаар явахгүй. Нам доторх үзэл бодлын цайзаа бататгаж бэхжүүлнэ. Гэж тохиргоогоод гар барьжээ.

Базах нь ээ: С.Баярцогт ерөнхий нарийн бичгийн дарга болоод нэг ч хонолгүй фракцуудаа нэгтгэж АН-ын хагарлыг цавуудаж орхиж. Хэвлэлийнхэнтэй уулзаж хамтран ажиллах зарчмаа ч ярьж танилцуулж. Мөнхүү: Монголын том компаниуд 27, 28 оны сонгуулиудад АН-ыг дэмжиж ялалтад хүргэхэд хамтарч ажиллахаа илэрхийлж эхэлж. Базах нь ээ: АН-д С.Баярцогт ерөнхий нарийн бичгийн дарга болсноор ийм юм болж, энэ нь МАН-ын эдүгээ хүртэл явсан бодит жинг гаргаад ирж байна. Сөрөг хүчингүй л байсан учир том, хүнд харагдаж байж. МАН-ынхан өөрснөө ч энийг мэдэрч байгаа даг. Нэн ялангуяа С.Баярцогттой ижил албан тушаал хашиж байгаа Я.Содбаатарыг сүхээр цохиод авсантай адил юм өнгөрч байгаа өдрүүдэд болж байх шиг. Уулаасаа: Я.Содбаатар сүүлийн үест нам дотроосоо шанаа аваад байх болсон. Жишээлэхэд: гуравдугаар сарын 29-нд болсон МАН-ын бага хурлын үеэр УИХ, Засгийн газрын гишүүнээр олон жил ажилласан, тус намын архаг гишүүн Ц.Нямдорж Я.Содбаатарыг нэрлэж байгаад эвгүй үг хэлсэн.

Тэрээр: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, Г.Занданшатарын Засгийн газар хоёр огцорсонд Я.Содбаатар буруутай. Чи энэ хорыг хутгаж байгааг мэдэж байгаа шүү. Энэ бага хурлаар Я.Содбаатарт хариуцлага тооцох асуудлыг ярих ёстой гэсэн. Дараагаар нь дөрөвдүгээр сарын 24-нд Нийслэлийн МАН-ын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн асан, Уул уурхайн сайд асан, Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар: Д.Амарбаясгалан бид хоёрын хооронд хэн ийм заваан юм хийсэн, би Я.Содбаатарыг гэж бодож байгаа. Над дээр явсан технологи Л.Оюун-Эрдэнэ дээр явсан, одоо Х.Нямбаатар дээр явж байна. Энэ манай намынхан шүү. Бид Нийслэлийн Засаг дарга дарга Х.Нямбаатарыг бүх талаас нь дэмжих хэрэгтэй. Том төслүүдийг авч чадаагүй бүлэглэл шинжтэй компаниуд хорссондоо акц хийдэг, дарга цэрэг солих гэдэг. Ийм зовлонг би өөрөө туулаад гараад ирсэн. Ялангуяа ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нам хагалж байна гэдэг үнэн гэж ярьсан. Энэ байдлаар Я.Содбаатар дараалсан шүүмжлэлийн шанаа хүртээд байгаа. Ухах нь ээ: Энийг зөвхөн Ц.Нямдоржийн, эсхүл Д.Сумъяабазарын үг төдийхнөөр хүлээж авах нь өрөөсгөл. Ерөөсөө л Я.Содбаатарын талаар МАН-д нэг иймэрхүү уур амьсгал бүрдчихэж. Гэтэл нь: Дараалсан хоёр том сонгууль болох гэж байхад намын ерөнхий нарийн бичгийн дарга ингүүлж байна гэдэг тэр намд маш хортой. Үтэр түргэн өөрчлөхгүй бол болохгүй. Учир юм нь: Намын ерөнхий нарийн бичгийн дарга нь улс төрийн намын өдөр тутмын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, санхүүжилт, сонгуулийн кампанит ажлыг удирддаг хамгийн чухал албан тушаалтан.

Задлах нь ээ: Намын Үндсэн дүрмийн хэрэгжилт, бүтэц зохион байгуулалтыг хариуцаж, намын хөтөлбөрийг хуульд нийцүүлэх ажлыг гардан гүйцэтгэдэг. Сонгуульд намаа авч орох, намын гишүүдийн оролцоог хангах, сурталчилгааг зохион байгуулах гол хүн. Удирдах зөвлөл, Улс төрийн зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх, намын дотоод хэрүүл маргааныг зохицуулах, эв нэгдлийг хангахад чухал үүрэгтэй. Тэрүүгээрээ: Аль ч намд ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бол намын өнгө байдаг. Сүсэгтэйхэн хүмүүст бол хийморь нь ерөнхий нарийн бичгийн дарга. Тэрүүгээр нь дүгнэх нь ээ: Я.Содбаатар гэдэг ерөнхий нарийн бичгийн даргатай МАН өнгө муутай, сүр сүлд тааруу байх болж. Гэтэл нь: Сөрөг хүчин АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга нь С.Баярцогт болчихдог. Хувь заяаны шоглоом гэлтэй, Я.Содбаатар С.Баярцогтын эсрэг үзнэ. Ажил, улс төрийн хувьд Я.Содбаатарыг С.Баярцогттой харьцуулах аргагүй нь. Энийг С.Баярцогт 3-4-хөн хоногт харууллаа. Цаашаагаа улам чангарна гэж бод.

Ийнхүү ядаж байтал нь МАН-ын сүүлд байгуулсан Н.Учралын Засгийн газар гэж хэрэг алга. Сайд нар нь гэж баларсан дүрүүд. Эдүгээ төсвийн мөнгө үрээд салбартайгаа танилцсаар л явцгаах. Ярих нь дандаа бүтэлгүй. Голдуу: Болохгүй, чадахгүй гэсэн үгтэй сайд нар Н.Учралын Засгийн газрыг бүрдүүлж. Эд нартай рейтинг бол яриад нэмэргүй. Итгэх гэж үзээд боломжгүй. Хоног өдөр өнгөрөхөөр чангарах болов уу гэсэн итгэл төрүүлэхүйц бяд ч алга. Энэнээс болоод УИХ-д байгаа гишүүд нь урам муутай хэдэн хүн болж. Намаас нь өгч байгаа чиглэл бүр 27, 28 онд ялагдъя, хэдүүлээ гэж байгаа юм шиг байх боллоо гээд хоорондоо шивнэлдэх. Явж байсан том төслүүд ээлж дараалаад зогслоо. Энэнээс болоод сонгууль болохоор тойрогтоо очоод ярих юмгүй боллоо. Гэх зэргээр шивнэж байгаа сонсдож байна. Гэвчиг: Энэ бүгдийг хараад үнэний тухай дуугардаг, үзэл санаагаа илэрхийлдэг хүн МАН-д алга. Энэ бол МАН эвгүйтсэний шинж.

Тиймийн учраас: 27 оны Ерөнхийлөгчийн, 28 оны УИХ-ын сонгуулиудад АН ялах нь тодорхой болчихож байна. Гэлээ гэхдээ: АН энэ хоёр сонгуульд ялаад айхтар хариуцлага, ачаа үүрнэ. МАН-ынхны нураасан эдийн засгийг босгоно. Данхар төрийг цэгцэлнэ. Татвар бууруулна. Төрийг өмчгүй болгоно. Энэ хэдийг хамгийн түрүүнд хийх үүрэг хүлээнэ. Тэгж улсыг өөд татна. Тэгж чадах уу?

Энэнээс улбаалаад өөр нэг том юм гараад ирж байна. Ер нь энэ МАН хэмээх посткоммунист нам цаашаагаа энэ улсад байгаад байх хэрэгтэй юу? Онолын практикын үүднээсээ: МАН аль хэдүйнэ нам гэдэг институцийн чанараа гээчихсэн. Эдүгээ нэг хүний компани төлий болчихсон. Ядах нь ээ: Монголоо бодоод ч болов, бодлого үйл ажиллагаа нь АН-тай хэзээ ч нийлэхгүй. АН-ын бодлогын дайсан л болж байна. Жишээлэхэд: Ирэх сонгуулиар АН ялаад, арайхийж хэдэн юм хийе. Гэтэл нь дараагийнхаар нь МАН ялъя. Бүгдийг нь сөнөөнө. Эсрэгээр нь хийнэ. Эдүгээ өөрсдийнхөө 16 оноос хойш хийсэн бүгдийг тарааж буулгаад, гацааж зогсоогоод байгаа МАН-ынхан АН-ын ажлыг: Төрийн залгамж чанар хэмээгээд үлдээх үү, үргэлжлүүлэх үү? Гэвэл үгүй юм. МАН-ын Монголд хийсэн лай ланчиг хангалттай дүүрлээ. 16 оноос хойш засаглаад эдүгээ Монголыг юу болгож орхив?

Өрд баригдсан иргэд, ард нийт, үүдээ барьж байгаа компаниас их юм Монголд алга. Бүх юмны үнэ дэлхийн хамгийн өндөр өртөгтэй амьдралтай улсуудаас давж одлоо. Мөнгөний урсгал том төслүүдийг дагаж сайжирдаг. Том төслүүд найдвартай хөрөнгө оруулалтыг татдаг. Эдүгээ тэр эх ундаргууд ширгэсэн. Тэрүүгээр нь бодвол МАН-ыг татан буулгах нь АН-ын хийх нэг том ажил. Үгүй бол цаашаагаа хоёр нам ээлжилнэ. Өнгөрсөн олон жилийн зовлон ээлжлэн давтагдсаар л байх болно. Басхүү: Монголын посткоммунист МАН-ыг хэвээр үлдээвэл 28 оны сонгуулийн дараа хоёр нам үлдэж, ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвсэл босго давалгүй үлдэж, улс төрөөс арчигдах зам руугаа орно. Парламентын ардчилал тэнд дуусна. Энэ дуусах нь Монгол Улсын Үндсэн хууль хэрэгжилт тэг зогсоно. Тэрүүгээр хамгаалагддаг монгол хүний бүх эрхэд цэг тавигдана...

Ө.Батбилэг /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Бат инженер (202.9.40.74)
    Айхавтар бичиж шүү. Посткоммунист МАН-ыг татан буулгаж Гаагийн олон улсын шүүхэд өгч 100 мянган хүний амь насаа, нурж унасан хөгжлөө нэхэх хэрэгтэй шүү.
    2026 оны 05 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 9 цаг 42 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 10 цаг 19 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 10 цаг 45 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 10 цаг 56 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 11 цаг 2 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 11 цаг 8 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 11 цаг 13 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 11 цаг 17 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 14 цаг 48 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 14 цаг 52 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 14 цаг 53 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 14 цаг 58 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 15 цаг 1 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 15 цаг 4 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 16 цаг 15 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 17 цаг 9 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top