АНУ, Израил болон Ираны хоорондох дайны улмаас сүүлийн хоёр сарын хугацаанд дэлхийн зах зээлд 1 тэрбум орчим баррель газрын тосны хомсдол үүссэн гэж Саудын Арабын "Saudi Aramco" компани тооцоолжээ.
Тус компанийн захирал Амин Насерийн тооцоолсноор, Ормузын хоолойг бүслэн хаах ажиллагааг зогсоож, нийлүүлэлт сэргэсэн тохиолдолд ч гэсэн зах зээл болон түүхий эдийн үнийг тогтворжуулахад тодорхой хугацаа шаардлагатай. А.Насер онцлохдоо, дайн тулаанаас гадна тус салбарт олон жилийн турш үргэлжилсэн хөрөнгө оруулалтын дутагдал нь хэдийн багасаад байгаа нөөцөд нэмэлт дарамт болж байна гэв.
Дэлхийн газрын тосны нийт нөөцийн 12 орчим хувь нь ногддог "Saudi Aramco" компанийн энэ оны нэгдүгээр улирлын цэвэр ашиг 25 хувиар өсөж, 32.5 тэрбум ам.долларт хүрчээ.
"S&P"-ийн шинжээчдийн тооцоолсноор, дөрөвдүгээр сард эрэлт өдөрт 5 сая баррелиар унасан бол (энэ нь цар тахлын үеийнхээс хойших хоёр дахь том уналт) газрын тосны нийлүүлэлт өдөрт 6.6 сая баррелиар буурчээ.
Нөөц огцом буурсан нь зах зээлд одоогоор нөлөөлөөгүй байгаа тул "газрын тосны үнэ цаашид өснө" гэж шинжээчид үзэж байна.



