Гватемалын хойд хэсгээс археологичид МЭӨ 800-500 оны үед хамаарах, эртний Майя соёл иргэншлийн ул мөр бүхий томоохон хот сууринг илрүүлсэн тухай тус улсын Соёлын яам мэдэгдлээ. Энэхүү нээлт нь тус бүс нутгийн археологийн судалгаанд шинэ хуудас нээж, Майягийн соёлын үүсэл, хөгжлийн талаар илүү гүнзгий ойлголт өгөхөд хүргэж байна.
16 хавтгай дөрвөлжин километр талбайд орших уг хотод цац суварга, одон орны ажиглалтын байгууламж, хөшөө дурсгалууд илэрчээ. Хотыг “Лос-Абуэлос” хэмээн нэрлэсэн нь хүн дүрстэй хоёр ширхэг амьтны баримал олдсонтой холбоотой юм. Судлаачдын үзэж байгаагаар, эдгээр баримал нь МЭӨ 500-300 оны үед хамаарах бөгөөд өвөг дээдсээ тахин шүтдэг эртний зан үйлтэй холбогдож болох аж. Энэ нь Майягийн соёлын бэлгэдэл, шүтлэгийн тогтолцоог илүү тодорхой харуулж байна.
Үүнээс гадна, тус бүс нутгаас 33 метр өндөр, сонгодог үеэс өмнөх үед хамаарах фреск зураг бүхий пирамид бүхий “Петнал” нэртэй газар илэрсэн бол, ус дамжуулах зориулалттай өвөрмөц инженерийн шийдэл бүхий “Камбраяль” нэртэй өөр нэгэн хотын үлдэгдэл олджээ.
Эдгээр гурван газар нь өнөөг хүртэл огт бүртгэгдээгүй байсан бөгөөд нэгдмэл байдлаар Майягийн эртний хотын гурвалжин бүсийг бүрдүүлж байна. Гватемалын Соёлын яамнаас үзэж байгаагаар энэ гурвалжин нь Петений бүс нутагт Майягийн ёслол хүндэтгэлийн болон нийгэм-улс төрийн тогтолцоо хэрхэн бүрэлдэж байсны талаарх өнөөгийн ойлголтыг дахин эргэцүүлэх, шинэ чиглэлд хүргэх суурь болж байна.
Эх сурвалж: AFP