Нийслэлийн Багахангай дүүрэг нь Улаанбаатар хотоос зүүн тийш 107 км зайд орших Монгол Улсын нийслэлийн алслагдсан дүүрэг юм. Өнөөдрийн байдлаар тус дүүргийн насанд хүрсэн иргэдийн 90 хувь буюу 2721 хэрэглэгч төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системийг идэвхтэй ашиглаж байгаа юм.
E-Mongolia системд өнөөдрийн байдлаар нийт 88 байгууллагын 1264 үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэн байгаа бөгөөд үүний 14% буюу 173 үйлчилгээг Нийслэлийн байгууллагуудаас олгодог үйлчилгээ эзэлж байна. Тус 173 үйлчилгээ бүгд 2 шатлалт бөгөөд төлбөртэй үйлчилгээ 77, төлбөргүй 96 үйлчилгээ байна.
“И-Монгол академи” УТҮГ, Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашид бүтээгдэхүүн үйлчилгээний чанарт анхаарах, төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр цахим уулзалт зохион байгууллаа. Уулзалтад “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, СОНХГ-ын дарга Н.Төрбат, тус дүүргийн Тамгын газрын дарга Л.Санжийжамц болон холбогдох мэргэжилтэн алба хаагчид оролцов.
Цахим уулзалтаар нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээг сайжруулах, иргэдэд илүү хүртээмжтэй, түргэн шуурхай болгох тал дээр онцлон анхаарах шаардлагатай бөгөөд нэвтэрсэн байгаа үйлчилгээнүүд дээр дахин загварчлал хийж шат дарааллыг бууруулах, төрийн үйлчилгээний хүсэлтийг хүлээн авч, шийдвэр гаргаж байгаа албан хаагчдыг чадавхжуулах, хоёр шатлалт үйлчилгээг иргэд илүү хялбараар авах боломжийг судлах, Багахангай дүүргийн иргэдийн түлхүү авдаг үйлчилгээнүүдийг сурталчлан таниулж иргэдэд хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, бүрдүүлэх тал дээр анхаарч хамтран ажиллахаар боллоо.