x

Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 саяд хүргэх боломжтой

“Хүртээмжтэй хөгжил хүрээлэн” ТББ-ын тэргүүн, эдийн засагч Н.Туяатай ярилцлаа.

-Багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж, ажил хаяж, ахмадууд тэтгэврээ нэмүүлье гээд жагсаж байна. Эрүүл мэндийн даатгалын сан нь хоосорч, эмнэлгүүд хүнд байдалд орлоо. Эмч, багш нарын цалин, тэтгэвэр нэмэх ямар боломж байна вэ?

-Бид алсын хараагүй олон жил явсаар зүй ёсны асуудлыг ужгируулсны хор уршиг өнөөдөр гарч байна. Хөгжлийн тэргүүлэх чиглэлээ боловсрол, эрүүл мэнд гэж тодорхойлсон хэрнээ төрийн бодлогоор энэ салбаруудаа нэн тэргүүнд тавиагүй, төсвийн төлөвлөлт зорилготойгоо уялдахгүй явснаас өнөөдрийн нөхцөлд хүрсэн. Жил бүрийн төсвийн тухай хуульд Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлт гаргадаг. Үндэсний аудитын газар 2026 оны Төсвийн төсөлд өгсөн дүгнэлтдээ “2026 оны төсөв нь улсын хөгжлийн төлөвлөгөө хэрэгжүүлэхэд бүрэн чиглээгүй байна” гэж дүгнэсэн байна.

Өөрөөр хэлбэл, бидэнд эх үүсвэр дутсан гэхээс илүү ухаалаг төлөвлөлт, үр ашигтай зарцуулалт дутаж байна. Төлөвлөлт, амьдрал хоёр алд дэлэм зөрж, мөнгөний үнэ цэнийн бууралтаас үүдээд амьдралын чанар доройтож буй учир багш, эмч нар ажил хаяж, тэтгэврийнхний суулт болж байна. Улсын төсвийн зарлага 2022 онд 18.1 их наяд төгрөг байсан бол 2025 оны тодотголоор 31.5 их наяд төгрөг болж 74 хувиар өссөн байхад цалин, тэтгэвэр жилийн зургаан хувь буюу дөрвөн жилийн хугацаанд 24 хувиар нэмэгдсэн байх жишээтэй. Инфляци дунджаар жилийн 8-12 хувьтай байгаа. Тэгэхээр бодит цалин жил ирэх тусам буурч байхад улсын төсвийн зарлага түүнээс 7-8 дахин өсч байна.

Мэдээж эдийн засгийн тэлэлт энд байгаа. Төсвийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгарч байна. Шинэчлэл төсвийн орлого, зарлага хоёр талдаа зэрэг хийгдэх ёстой. Өөрөөр хэлбэл, төсвийн орлого бүрдүүлэлт талд шударга ёс алдагдсан, зарлага талд үр ашиггүй байдал хавтгайрсан. УИХ Засгийн газар бодитой судалгаа тооцоонд суурилахгүй, өмнөх алдаатай зарлагын бүтэц дээрээ өм цөм популизм, эсхүл тэгшитгэсэн таналт хийх маягаар маш идэвхгүй, залхуу, аргацаасан маягтай явж ирлээ. Орлого тал дээр бүүр концепцийн шинжтэй, тэгш шударга тогтолцоо загварчлах шаардлага, боломж байгааг огт хөндөхгүй байна.

Бид зөвхөн татварын орлогод анхаараад баялгийн ашиглалтыг огт үнэлэхгүй, зориуд гэмээр орхиж байна. Энд асар их боломж бий.

-Та сая орлого талд концепцийн өөрчлөлт, шинэ загварчлал хийвэл боломж байгаа гэлээ. Яаж тэр вэ. Гэтэл төсөвт цалин, тэтгэвэр нэмэх боломжгүй, эх үүсвэр байхгүй гээд байгаа шүү дээ?

-Төсвийн орлого бүрдүүлэлтийн загварыг урт дунд хугацаанд төсвийн тоон үзүүлэлт, статистикт суурилаад харахаар ерөнхий дүр зургаар иргэд бизнесийн татварын ачаалал нэмэгдээд, эсрэгээрээ төрийн өмч, баялгийн ашиглалт, төрийн байгууллагуудын орлого үр ашиг буурсаар ирсэн нь маш тодорхой харагддаг. “Иргэдээс их татварлаж, нийтийн баялгийг үнэгүйдүүлсэн” авлигажсан загвараас “Нийтийн өмчөөс ахиу, хөдөлмөрөөс хөнгөн” татварлах “тэнцвэртэй, үр ашигтай” загварт шилжүүлэх суурь шинэчлэлийг цаг алдалгүй хийх ёстой гэсэн дүгнэлтэд хувьдаа хүрсэн. Тодорхой тоо баримтаар тайлбарлая.

Сүүлийн найман жилийн үзүүлэлтийг харахад, 2019 онд нэгдсэн төсвийн орлогын 90 хувийг татвараар, 10 хувийг төрийн өмчийн ногдол ашиг, төсвийн байгууллагуудын орлого, газрын тосны орлого гэх мэт татварын бус орлогоор бүрдүүлдэг байсан бол 2026 оны төсвийн төслөөр татвараар 94 хувийг, татварын бус орлогоор 6 хувийг бүрдүүлэхээр байна. Татварын орлогыг дотор нь анализ хийгээд үзэхээр хүмүүс тэр бүр анзаардаггүй бодлогын гажуудал, явцуу хүрээнд ашигтай лоббины үр дагавар тодорхой харагддаг. Тухайлбал, хөрөнгийн татварын орлогын нийт орлогод эзлэх хувь 2019 онд 6.0 хувь байсан бол 2026 оны төслөөр 2.1 хувь болж бараг гурав дахин буурсан байх жишээтэй.

Хөрөнгийн татвар бол цалингаараа гэхээс илүү хөрөнгийн үр шимээрээ амьдардаг хөрөнгөлөг хэсгийн төлдөг татвар. Энэ татварыг бүр хүчингүй болгох санаачилгууд ч явж байгаа. Иргэдэд татвар бууруулна гэхээр сайхан сонсогддог ч цөөнхөд ашигтай, нийт дүнгээрээ үр ашигтай зарим татварыг зориудаар лоббидож унагадаг. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр, улсын төсвөөр хийсэн хайгуулын нөхөн төлбөр, түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр, лицензийн төлбөр, ус бохирдуулсны төлбөр гэх мэт байгалийн нөөцийн ашиглалт, нийтийн эрх ашигт хамаатай нөхөн төлбөрүүдийн орлого 2019 онд 9.3 хувийг бүрдүүлж байсан бол 2026 онд 8.3 болж нэг хувиар буурсан байх жишээтэй. Энэ нь жил ирэх тусам иргэд бизнесийн татварын ачаалал нэмэгдэж, харин төрийн өмчийн үр ашиг, төрийн үйл ажиллагааны үр дүн, баялгийн ашиглалтын орлого буурсаар ирснийг илтгэнэ.

2026 оны төсвийн орлогод АМНАТ 687.4 тэрбум төгрөгөөр, байгалийн нөөц ашигласны төлбөр хураамжийн орлогыг 15 тэрбум төгрөгөөр, газрын дуудлага худалдааны орлогыг 8.5 тэрбум төгрөгөөр, төрийн өмчийн ногдол ашгийн орлогыг 55 тэрбум төгрөгөөр, газрын тосны орлогыг 18 тэрбум төгрөгөөр 2025 оны тодотголоос тус тус бууруулж төлөвлөсөн нь анхаарал татаж байгаа юм. Засгийн газар төрийн өмч, байгалийн баялаг ашиглалтаас төсөвт төвлөрдөг орлогыг ийнхүү нийт 783.9 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн байх юм. Үүний цаана өнөө яригдаад байгаа баялгийн хулгай, ард түмний баялгийг үнэгүйдүүлж завших лобби яваад байгаа юм биш биз гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Зах зээлийн үнэ өсөж байгаа нөхцөлд ямар үндэслэлээр төрийн өмчит компаниудын ашиг буурдаг юм, түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөж байхад ямар үндэслэлээр АМНАТ, газрын тосны орлого буурсан бэ гээд тодруулах, нягтлах зүйлс их байна.

-Засгийн газраас эмч, багш нарын цалин, тэтгэвэр нэмэхэд 831 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцсон. Улсын төсөв одоогоор ямар бүтэцтэй байгаа бол. Цалин, тэтгэвэр нэмэхэд төсвийн орлого хүрэлцэх үү. Эсвэл зайлшгүй таналт хийх шаардлагатай юу?

-Өргөн барьсан төслөөр Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд, зарлагыг 32.9 их наяд төгрөгөөр, тэнцлийг 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай төлөвлөсөн байна. Монгол Улс цөөн хүн амтай, жижиг эдийн засагтай. Энэ онцлогоо бодитоор дүгнэх юм бол бид боловсролоор буюу чадамж, инноваци, бүтээмжээр л сул талаа нөхнө. Энэ зорилгодоо хүрэх ганц зам бол боловсролтой, мэргэшсэн, чадвартай, бүтээмжтэй ажиллах хүчин. Дунджаас доош цалинтай иргэдийнхээ цалинг татвараас бүрэн чөлөөлөх, багш эмч нарын дундаж цалинг 3.5 сая төгрөгт, тэтгэврийн доод хэмжээг 1.5 саяд хүргэх зэрэг шаардлагуудыг санхүүжүүлэх боломжтой. Төсвийн төлөвлөлтийг нарийвчлан шинжвэл нэг талаас ашиглаагүй нөөц буюу орлогоо дутуу төлөвлөх, нөгөө талаас нэн шаардлагагүй хөрөнгө оруулалт, үр ашиггүй, тэвчиж болох зардлууд байна. Миний тооцоолсноор дор хаяж 1.1 их наяд төгрөгийн боломж байна. Дээр хэлсэнчлэн өмнөх оноос бууруулж төлөвлөсөн АМНАТ, төрийн өмчийн ногдол ашиг, газрын тос зэргээс 783.9 тэрбум төгрөгийн орлого нэмж төлөвлөх, аудитын дүгнэлтээр хуульд нийцээгүй 89.2 тэрбум төгрөгийн урсгал зардлыг хасах, хөрөнгө оруулалтаас хамгийн багадаа 240 тэрбум төгрөг хэмнэх боломж байна.

Тухайлбал, Байгаль орчны сайдын багцад НҮБ-ын суурь конвенцийн XVII бага хурал зохион байгуулахтай холбоотой барилга байгууламж 150 тэрбум төгрөг, тоног төхөөрөмжид 67.1 тэрбум төгрөг тусгасан байсан. Нэг удаагийн хуралд зориулж барилга барих, тоног төхөөрөмж худалдан авах шаардлагагүй, Улаанбаатар хотын зочид буудал, хурлын танхимуудыг түрээслэх хэрэгтэй. Энэ нь төсөв хэмнэнэ, хувийн хэвшлээ дэмжинэ. Мөн Булган аймагт гурван тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Цөцгийн тосны үйлдвэр барих, үүнээс 2026 онд 120 сая төгрөг, Сэлэнгэ аймагт 13.5 тэрбум төгрөгийн өртөгтэй төмс хүнсний ногооны зоорь, үүнээс 2026 онд 6.4 тэрбум төгрөг, цэргийн ангийн автогаражид 2.6 тэрбум, сумдад мэдээллийн төвийн байр 14 тэрбум гэх мэтчилэн төсвөөр хийх шаардлагагүй, хойшлуулж болох, хэт өндөр өртөгтэй хөрөнгө оруулалтын зардлууд байна. Мөн байнга хэл ам дагуулдаг тойргийн мөнгө, хурал форум, томилолтын гэх мэт зардлуудыг танах боломж бий. Урсгал зардалд цалингийн зардлыг өмнөх оноос 2.1 хувиар өсгөсөн бол гадаад дотоод томилолтын зардлыг 14.4 хувиар өсгөсөн байна. Шинэ хоршоо гэх сонгуулийн жил гэнэт баталсан улс төрийн авлигын шинжтэй хөтөлбөрийг зогсоох хэрэгтэй. Хоёр жилийн төсвөөс бараг хоёр их наяд төгрөг зарцуулж байна.

Энэ мэтчилэн баялгийн ашиглалтыг сайжруулах, шаардлагагүй зардлын таналтаас багш, эмч нарын цалингийн нэмэгдлийг хангалттай гаргах боломжтой. Нийт тэтгэвэр авагчдын 50 орчим хувь нь 689.0 мянган төгрөгийн, 70 гаруй хувь нь нэг саяас бага тэтгэвэр авч байна. Тэгэхээр тэтгэвэр нэмэх шаардлага зүй ёсных. Даатгалын сан сангийн журмаар ажиллаж, даатгуулагчдын хөрөнгийг арвижуулахгүй байна. Даатгалын сангаас Капитал банкинд хадгалуулаад алдсан 67 тэрбум төгрөгийг барагдуулаагүй. Мөн төрийн тусгай албан хаагчдын даатгалыг төсвөөс төлдөг. Малчдын нийгмийн даатгалын 50 хувийг ч төсвөөс төлж байгаа. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан ахмадуудын тэтгэврийг төсвөөс хариуцах ёстой боловч популист бодлогын дарамтаас шалтгаалж төр энэ үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй ахмадуудыг хэцүү байдалд байлгаж байна. Энэ бүх бодлогын алдааг засвал өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлэх боломж гарна.

-Ард түмэн татварын дарамт, үнийн өсөлтөд туйлдаж байна. Татвар бууруулах ямар боломжууд харагдаж байна вэ?

-Эдийн засаг өсөхийн хэрээр татварын орлого нэмэгдэж төсөв тэлж байгаа боловч нөгөө талдаа төсвийн зарцуулалт үр ашиг муутай, татварын урамшуулал бага, далд эдийн засгийг илрүүлэх,татварын бааз суурийг нэмэгдүүлэх захиргааны санаачилга муу байгаа нь бизнес, ажил эрхлэгчдийн урмыг хугалж татвар төлөх санаачилгыг бууруулсаар байна. Нэмээд инфляци бодит цалин орлогыг үнэгүйдүүлж байгааг бид анхаарах ёстой. Бид хувь хүний орлогын албан татварын системээс гэр бүлийн орлогын албан татварын системд шилжих ёстой гэж би үздэг. Энэ нь гэр бүлийн орлогын ялгааг ойртуулж, ядуурлаас хамгаалах бодлого болно. Өөрөөр хэлбэл, дөрвөн хүүхэдтэй айл байлаа гэхэд зургаан хүний амьжиргааны орлогыг татвараас чөлөөлөх. Энэ нь гэр бүлийг дэмжсэн, бага орлоготой иргэдээ ядуурлаас хамгаалсан маш үр дүнтэй бодлого болно.

Татварын шинэчлэл гээд ганц нэг татварын хувь хэмжээг хөдөлгөх хэмжээнд жижиг засвар хийдэг нь системийн түвшинд дорвитой үр дүн авчирдаггүй. Бид гэр бүлийн бодит орлогод бодитой мэдэгдэхүйц өөрлөлт хийж байж хөдөлмөрлөх идэвхийг сэргээж, гэр бүлийг ядуурлаас хамгаална. Сүүлийн үед нийслэлийн иргэдийн татвар, хураамж торгууль огцом нэмэгдсэн. Автомашины татвар гурав дахин, замын хураамж тав дахин нэмэгдсэн. Эдгээр татварыг өсгөж байгаа шалтгаанаа түгжрэлийг бууруулах, замын нөхцөл байдлыг сайжруулах гэж тайлбарласан. Гэвч яг үнэндээ хүн хэвийн амьдрах хэмжээний дэд бүтэц, зам харгуйтай хот байгуулах хэмжээний орлогоо газрын авлига, бодлогын хомсдлоор яаж алдаж байгааг дээр баримтаар хэллээ. Авлигын үнийг ард түмэн төлдөг гэж үг бий. Яг ийм байдалд бид орчихоод байна.

-Хэрэв НӨАТат-ын хувийг бууруулвал үнийн дарамт багасч, иргэдийн бодит орлого нэмэгдэнэ гэсэн байр суурь нийгэмд байдаг. Харин та үүнтэй санал нийлэх үү?

-Санал нийлнэ. НӨАТ бол худалдан авалтаар суутгуулж төлдөг шууд татвар. Тиймээс үнэ өртгийг өсгөж, бодит орлогыг шууд бууруулдаг татвар юм. НӨАТ-ын босгыг хүчингүй болгож нийтээрээ төлж, харин хувь хэмжээг 5-7 хувь хүртэл бууруулвал системийн хэмжээний шинэчлэл болно. Татвар тэгш шударга байх зарчимтай, бас дарамт бага байх нь нийгмийн үр ашигтай. Нийтээрээ 5-7 хувиар төлөөд хоёр хувийн буцаан олголттой байж болно. Ингэснээр татварын бааз суурь нэмэгдэж, нэгж татвар төлөгчид ногдох ачаалал, бараа бүтээгдэхүүний өртөг буурна. Улмаар өрхийн бодит орлого өсөх сайн үр дагавартай. Томоохон зах худалдааны төвүүд и-баримтын систем нэвтрүүлээгүй байгааг бүгд мэднэ. Тэгэхээр татварын дарамтыг бууруулах орон зай, бааз суурь байна гэсэн үг.

-НӨАТат-ыг хасаад татвараа нэмэхгүйгээр иргэдийн бодит орлогыг өсгөх ямар шийдэл байж болох вэ?

-Нийт иргэдийн дийлэнхийн гол орлого нь цалин, ажлын хөлс. Гэтэл цалингаас нийгмийн даатгалын шимтгэл 11.5 хувь, орлогын татвар 10 хувь шууд суутган авч байгаа. Нэмээд бид гар дээрээ авсан цалингаараа хүнс бараа, цахилгаан дулаан гэх мэт өргөн хэрэглээний бараа үйлчилгээ авахдаа НӨАТ 10 хувь төлж байна. Ингээд нийт дүнгээрээ 31.5 хувийг нь шууд болон шууд бус татварт өгчихөж байна. Бас нэмээд инфляци бидний орлогыг иднэ. Инфляциа тооцох юм бол бодит цалин маань 40 гаруй хувиар буурчихаж байна. Тэгэхээр цалин орлогыг хамгаалахын тулд инфляцийг нам түвшинд барих, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулмаар байгаа юм.

Нийгмийн даатгал нь дотроо тэтгэврийн, ажилгүйдлийн гээд олон төрлөөс бүрддэг. Ихэнх нь ажилгүйдлийн болон хөдөлмөрийн чадвар түр алдсаны даатгалын үйлчилгээ авдаггүй. Тэгэхээр эдгээрийг сайн дурын даатгал руу шилжүүж, зөвхөн тэтгэврийн даатгалыг үлдээх замаар цалингаас суутгадаг даатгалын зардлыг бууруулах боломжтой. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн орлого зарлагыг сайн шинжвэл ихээхэн гажуудал харагддаг. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны гүйцэтгэлээр ажил эрхлэгчдийн даатгалын орлого сангийн орлогын 42.4 хувийг бүрдүүлж байгаа ч сангийн зардлын 7.9 хувийг зарцуулсан. Харин төрөөс шимтгэлийг нь хариуцдаг иргэдийн шимтгэл сангийн орлогын 16.8 хувийг бүрдүүлж, сангийн зардлын 41.8 хувийг зарцуулсан талаар аудитын дүгнэлтэд дурдсан байна. Энэ гажуудал биз.

Сая есдүгээр сараас даатгалын мөнгө дууссан гэх шалтгаанаар даатгуулагчид үйлчилгээ авч чадахгүй байгаа. Гэтэл сангийн засаглал нь буруу явж ирснээр нийгмийн хямрал болон гүнзгийрч байна. Нэмж хэлэхэд, бодит орлогыг нэмэгдүүлэхийн тулд иргэдэд хуулиар олгогдох 0.07, 0.5 га газрыг нь ядаж олгох хэрэгтэй. Газрын наймаачид Монгол Улсыг 35 жил цөлмөлөө шүү дээ. Мөн “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг амь оруулж, нээлттэй хувьцаа болгох ёстой. Иргэд хувьцаагаа зах зээл дээр зарж, бас авч, ногдол ашгаа хүртдэг баймаар байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Anna (216.131.82.41)
    i want to share to the whole world how Dr masako the Great of all the Spell Caster, that helped me reunite my marriage back, my Ex Husband broke up with me 3months ago, I have been trying to get him back ever since then, i was worried and so confused because i love him so much. I was really going too depressed, he left me with my kids and just ignored me constantly. I have begged him for forgiveness through text messages for him to come back home and the kids crying and miss their dad but he wont reply, I wanted him back desperately. we were in a very good couple and yet he just ignores me and get on with his life just like that, so i was looking for help after reading a post of Dr masako on the internet when i saw a lady name SHARRON testified that Dr masako cast a Pure love spell to stop divorce. and i also met with other, it was about how he brought back her Ex lover in less than 24 hours at the end of her testimony she dropped his email, I contacted Dr masako via email and explained my problem to Dr masako and he told me what went wrong with my husband and how it happen, that he will restored my marriage back, and to my greatest surprise my Ex husband came back to me, and he apologized for his mistake, and for the pain he caused me and my children. Then from that day our marriage is now stronger than how it was before, Dr masako you’re a real spell caster, you can also get your Ex back and live with him happily: Contact Email doctormasako@gmail.com or Call/whatsapp +2349047144277 Visit his Website: doctormasako2.wixsite.com/drmasakospelltemple
    2025 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (59.153.115.144)
    Энэ эдийн засагч маш сайн мэргэжилтэн байна. Ийм шудрага мэдлэгтэй хүмүүсээр л төсвийн бодлогыг бариулмаар байна. Даанч монголд мэдлэгтэй мэргэжилтэй хүмүүсийг төрд оруулахгүй юм даа.
    2025 оны 10 сарын 29 | Хариулах
  • Natasha Thompson (212.32.49.47)
    My name is Natasha Thompson from the USA/Texas.. Am so overwhelmed with gratitude to let the world know how Dr Kachi, the great spell caster changed my life for good. It all started when I lost my job and I was down financially and emotionally because I couldn’t be able provide for my two kids and staying home all day Jobless it’s not easy until I was checking on the internet when I saw a series of testimonies hearing people winning the Powerball lottery, I didn’t believed, but being poor no job you have no option. I gave it a try and I contacted Dr Kachi who told me what i have to do before I can become a big lottery winner and I accepted. He made special prayers for me in his temple and gave me the required numbers to play the lottery game and when I used the numbers to play it, I won a massive $344.6 million Powerball jackpot. I was so happy and I choose to review my winning in any platform, I would love other people to seek help from Dr Kachi through Text and Call: +1 (209) 675-7342 or email drkachispellcast@gmail.com by his website: https://drkachispellcaster.wixsite.com/my-site
    2025 оны 10 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Монгол эрэгтэйчүүдийн 57, эмэгтэйчүүдийн 53 хувь нь илүүдэл жинтэй байна 12 мин Чөлөөт бөхийн "Шилдэг-8" тэмцээний эхний өдрийн аваргууд тодорлоо 14 мин Мөсний даац ба температурын өөрчлөлтийн нөлөө 15 мин Эрчүүдийн эрүүл мэнд, нийгмийн оролцоог дэмжих бодлого хэрэгтэйг онцоллоо 16 мин "Хотула" аппликейшнээр автомашины торгууль төлөх боломжтой боллоо 19 мин Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон хүн шүүхийн шийдвэрийн талаар буруу мэдээлэл тараавал зөрчил гэж үзнэ 23 мин Шадар сайд 21 аймгийн удирдлагуудад үүрэг өгч, улсын нөөцөөс дэмжлэг үзүүллээ 24 мин “Атлетико”, “Реал Сосьедад” багууд Испанийн цомын финалд шалгарлаа 1 цаг 32 мин УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Францын хөгжлийн агентлагийн бүсийн захирлыг хүлээн авч уулзлаа 1 цаг 34 мин Булган аймагт хамтарсан төслийн сургалт эхэллээ 1 цаг 36 мин "American Airlines" Венесуэл рүү нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа 1 цаг 50 мин Ихэнх нутгаар энэ сарын 6-наас дулаарна 1 цаг 59 мин Орон байрны архидалтын онцгүй түүх 2 цаг 32 мин Монгол, Японы компаниуд өндөр технологийн салбарт хамтран ажиллах боломжийг хэлэлцэв 17 цаг 16 мин Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ 17 цаг 18 мин Дархан-Уул аймагт менингококкт халдвар бүртгэгджээ 17 цаг 27 мин "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг өвлүүлэх, шинээр эзэмшүүлэх шийдвэр ирэх долоо хоногт гарна 17 цаг 28 мин ЗГ: Дотоодын агаарын тээвэрлэгчид Болгар болон Европын зах зээлд гарах боломж бүрдлээ 17 цаг 29 мин ЗГ: "Албаны нууц"-д хамаарах 894 мэдээллийг ил болгоно 17 цаг 30 мин "Шивэр хандгай" агнасан иргэнд 2 жилийн хорих ял оногдуулав 17 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Монгол сэрдэг Морин жил Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өг... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэ... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлө... Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эх...
Top