Норвегийн Нобелийн хороо Япон улсад ирэх долоодугаар сард цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх асуудлаар олон улсын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгааг NHK телевиз мэдээллээ. Энэ арга хэмжээ нь өнгөрсөн онд Нобелийн Энх тайвны шагналыг хүртсэн “Nihon Hidankyo” байгууллагын үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулагдахаар төлөвлөгджээ. Тус байгууллага нь Хирошима, Нагасаки хотуудад хаясан атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийг төлөөлдөг юм.
Нобелийн хорооны мэдээлснээр уг арга хэмжээг Токио хотод долоодугаар сарын сүүлчээр зохион байгуулж, цөмийн зэвсгийг бууруулах, дэлхий нийтээр энх тайвныг сахин хамгаалах чиглэлээр хэлэлцэх аж. Мөн Нобелийн хорооны дарга Йорген Фриднес Хирошима, Нагасаки хотод албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байгаа бөгөөд өмнө нь Нобелийн хорооны дарга нар Япон улсад албан ёсны айлчлал хийж байгаагүй тул Й.Фриднес анхны хүндэт зочин болох юм.
Йорген Фриднес өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон Нобелийн Энх тайвны шагнал гардуулах ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг цогцлоох үйл хэрэг хэчнээн урт, хэцүү байхаас үл хамааран бид “Nihon Hidankyo”-гоос суралцах ёстой. Бид хэзээ ч бууж өгөх ёсгүй” хэмээн онцолсон нь энэ удаагийн арга хэмжээг зохион байгуулах гол үндэслэл болж байна.
Түүхэн талаасаа чухал ач холбогдолтой энэ үйл ажиллагаа нь Хирошима, Нагасаки хотууд атомын бөмбөгдөлтөнд өртсөний 80 жилийн ойтой давхцаж байгаа бөгөөд Нобелийн хороо дэлхий нийтийг цөмийн зэвсэггүй болох үйл явцыг түргэсгэхэд анхаарлаа төвлөрүүлж буйг илэрхийлж байна.
Эх сурвалж: NHK