x

Р.Даваадорж: Үндэсний баялгийн сан нь иргэний биш, даргад давуу эрх олгодог тусгай сангуудын нэг болсон

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржтой ярилцлаа.

-Хувийн хэвшлийн эзэмшилд байдаг стратегийн есөн ордын 34, 50 хувийг төр эзэмшихээр болсон. Нийгмийн тодорхой хүрээнд энэ заалт компаниудыг дампуурал руу хөтөлнө гэх шүүмжлэл өрнөж байгаа. Ер нь байгалийн баялгийн өгөөжийг ард түмэнд хүртээхэд энэ бодлого нь хэр зөв бэ?

-Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.12-д “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг” гэсэн тодорхойлолт бий.

Манайд стратегийн орд гэж нэрлэж байна. Харин дэлхийн улс орнуудад стратегийн түүхий эд гэж нэрлэгддэг. Стратегийн түүхий эд гэдэг нь улс орны эдийн засаг, батлан хамгаалахын тогтвортой байдлыг хангадаг материаллаг үйлдвэрлэлийн үндэс юм. Стратегийн ашигт малтмалын жагсаалтад геополитикийн нөхцөл байдал, гадаад эдийн засгийн харилцаа болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөж болдог. ОХУ-ын стратегийн ашигт малтмалын түүхий эдийн тоонд түлш, эрчим хүчний нөөц, өнгөт болон ховор металлын хүдэр, үнэт чулуу, металл ордог. Стратегийн нөөцөд улс орны хүн амын амьдралын баталгаа болох усны нөөц ч багтаж болно. Тэгэхээр сүүлийн үед стратегийн орд гэж байдаггүй гэх яриа явах болсон нь буруу юм.

Манай улсын хувьд стратегийн 16 ордоос ес нь “хувийн хэвшлийн” мэдэлд байдаг. Тодруулбал, хоёр нь МАК-ийнх, бусад нь Канад, Сингапур, БНХАУ гэсэн эзэдтэй байгаа. Сонгуулийн өмнө Баялгийн сангийн хуулийг баталсан. Тус хуулийн дагуу өнгөрсөн долоо хорногт болсон Засгийн газрын хурлаас стратегийн есөн ордыг эзэмшиж буй хувийн хэвшилд хэлэлцээрийн урилга хүргүүлж 34, 50 хүртэлх эзэмшлийн хувиа тогтоох талаар хэлэлцээрийн ширээнд урьж байгаа гэсэн мэдээлэл хийж байна лээ. Үүнийгээ хувийн бизнест шууд халдаж байгаа гэсэн үг биш хэмээн тодотгож байсан.

Өнгөрсөн жил энэ хуулийг өргөн барих үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд өөр хувилбар дэвшүүлсэн боловч авч хэлэлцээгүй. Одоо бүх процесс батлагдсан хуулийнхаа дагуу явагдаж байна. Олон шүүмжлэл байх шиг байна. Венесуэль улс яг ингэж эхэлсэн гэдэг яриа нийтийн сүлжээнд маш хүчтэй явж байсан. Миний хувьд, Монгол Улсын хөгжил, уул уурхай, гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаар тогтсон бодлого үзэл баримтлал төлөвшөөгүй байна гэж үзэж байна. Гэнэт нэг хууль санаачилж батлаад нэг салбарыг орвонгоор нь эргүүлээд хаячихаж байна. Тиймээс Засгийн газрын бодлогын залгамж чанар муу байгаа нь уул уурхай, гадаадын шууд хөрөнгө оруулалтын бодлогын хэрэгжилтэд сөрөг нөлөөлөх гол нөхцөлийн нэг байх боломжтой байна.

-Энэ хуулиар Баялгийн сангийн хуваарилалтыг хийхэд ямар менежмент хэрэгжүүлэх нь бодитой гэж танай намынхан харж байсан юм бэ?

-Үндэсний баялгийн сангийн хуулийн тухайд манай нам зарчмын зөрүүтэй саналтай байсан. Засгийн газраас өргөн барьсан Үндэсний баялгийн сан нэртэй хууль нь дарга, эрх мэдэлтэнг хамгаалж, давуу эрх олгох, ялгаатай байдал бий болгох хуулийн төсөл байна гэж тухайн үед зөндөө учирласан ч хэн ч сонсоогүй. Сүүлийн найман жилд Монгол Улс авлигын үзүүлэлтээр 50 байраар ухарч, ардчиллын индексээр уруудан доройтож байгааг олон улсын байгууллагын дүгнэлт харуулж байна. Үндэсний баялгийн сан нь иргэн хүний биш, даргад давуу эрх олгодог тусгай сангуудын нэг болсон шүү дээ. Одоо сайд нарын удирддаг 22 тусгай сан бий. ЖДҮ, Боловсролыг дэмжих сан, Хөдөө аж ахуйг дэмжих, Тариалан эрхлэлтийг дэмжих сан зэрэг сангуудын ард юу нуугдаж байсныг монголчууд мэддэг болсон баймаар. Саяхан хэд хоногийн өмнө Эрүүл мэндийн даатгалын сангийн удирдлагыг хуулийнхан баривчлах шиг боллоо.

Тэгвэл Үндэсний баялгийн сангийн хуулиар Хуримтлалын санг Нийгмийн Хамгааллын сайд удирдаж байгаа. Хөгжлийн сан нэртэй төсвөөс гадуур дахин нэг төсөв бий болсон. Уг нь Үндэсний баялгийн санг улстөрчдөөс хараат бус байлгасан тохиолдолд цэцэглэн арвиждаг гэдгийг дэлхий нийтээрээ мэддэг л дээ. Өнөөгийн Үндэсний баялгийн сангуудыг хуулиараа гурван сайд удирдаж байгаа.

Төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгохгүй, “Эрдэнэс Монгол” компанид бүгдийг нэгтгэж, ашиг гарвал хуваарилдаг байх нь иргэнд гоё сонсогдох байх. Гэвч бодит байдал дээр авлигын шинэ сангийн үйл ажиллагаа эхэлсэн гээд хэлчихэд буруудахгүй гэдгийг бидний туулж ирсэн богинохон хугацааны түүх харуулж байна шүү дээ.

-Есөн ордын тодорхой хувийг төрийн эзэмшилд авснаар Баялгийн санд багцаагаар хэчнээн хэмжээний хөрөнгө төвлөрөх бол?

-2025 оны төсвийн төсөл өргөн баригдсан. Тус төсөлд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1-д заасны дагуу АМНАТ ашигласны төлбөрийн орлогоос 1.8 их наяд төгрөгийг Ирээдүй өв санд, тус хуулийн 11.1.2-т заасны дагуу төрийн өмчит хуулийн этгээдийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлогоос 500 гаруй тэрбум төгрөг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр байгаа. Хэрвээ есөн ордын тодорхой хувийг төрийн эзэмшилд авах юм бол Хуримтлалын санд төвлөрүүлэх хөрөнгө нэмэгдэж таарна. Гэхдээ урт хугацаандаа ямар үр дүн авчрахыг би мэдэхгүй байна.

-Төрийн хувь эзэмшлийг төлөөлж компанийн ТУЗ-д орсон төлөөлөгч өөртөө ашиг гаргаж авлига, хулгай хийх, компанийн засаглалыг сулруулах сөрөг талтай хэмээх шүүмжлэл бас гарч байна. Энэ хэр бодитой шүүмжлэл вэ?

-Төрийн өмчит компани дээр л авлига, хулгайн хэрэг гарч байгаа. Хувийн өмчит аж ахуйн нэгжүүд дээр ийм асуудал гардаггүй гэдгийг одоо олон хүн ойлгож байгаа болов уу.

-Ер нь цаашид төр “алга дарам цаасаар улсын өмчийг авсан биз дээ” гээд хувийн хэвшлийн өмч хөрөнгө, эзэмшил рүү халддаг жишгийг үүгээр бий болгож байна уу?

-Манай дотоодын нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг төрийн оролцоотой хуулийн этгээд бүрдүүлж эдийн засаг дахь төрийн оролцоо олон жил өндөр хэвээр явж байна. 2023 оны хувьд гэхэд л төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 43 хувь алдагдалтай ажилласан. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс тавантолгой ХК-ийн ашгаас энэ алдагдлыг хааж яваа. Хувийн хэвшилтэй зэрэгцэн төрийн өмчит компани, үйлдвэрийн газар байгуулж үр ашиггүй ажиллах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх, төрийн болон орон нутгийн өмч үнэгүйдэх төрийн зардал нэмэгдэж байгаа нь улс орны хөгжилд “хорт хавдар” мэт тээг болж байгааг бүгд л мэдэж байх ёстой юмсан.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Өчигдөр 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Өчигдөр 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Өчигдөр 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Өчигдөр 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ Уржигдар 20 цаг 13 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй Уржигдар 20 цаг 00 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ Уржигдар 19 цаг 25 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ Уржигдар 19 цаг 01 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ Уржигдар 18 цаг 07 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна Уржигдар 11 цаг 38 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив Уржигдар 11 цаг 33 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ Уржигдар 11 цаг 24 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Уржигдар 11 цаг 17 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Уржигдар 09 цаг 38 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо Уржигдар 09 цаг 35 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Уржигдар 09 цаг 31 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно Уржигдар 09 цаг 27 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Уржигдар 09 цаг 19 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү Уржигдар 09 цаг 14 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно Уржигдар 08 цаг 51 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло... Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж ...
Top