Цоохор ирвэс нь өндөр уулын экосистемийн оройд орших махчин амьтан бөгөөд байгаль орчны тэнцвэр, биологийн олон янз байдлын илэрхийлэл болдог. Тэрээр хүйтэн цаст оргилд амьдарч, хад асганд нуугдан, өндөр уулын бүхий л бүсэд дасан зохицох чадвартай амьтан учраас “уулын эзэн” хэмээх нэршил зүй ёсны хүндэтгэл болдог.
Монгол Улсад ойролцоогоор мянга орчим ирвэс байдаг бөгөөд үүнээс зуу гаруй нь Увс аймгийн нутагт аж төрдөг. Урт, өтгөн сүүл нь тэнцвэрээ хадгалахад, зузаан хөвсгөр үс нь хүйтэнд амьдрахад нь тусалдаг. Биеийн урт нь ерөнхийдөө 90-115 см, сүүл нь 80-100 см, жин нь 25-55 кг орчим байдаг. Цоохор толбо бүхий арьс нь хад чулууны дунд далдлагдахад дөхөм болгодог.
Ихэнх цагийг ганцаар өнгөрөөж, шөнийн цагаар идэвхтэй хөдөлгөөнд ордог энэ амьтан голдуу янгир, аргаль зэрэг туруутнаар хооллодог. Нэг удаад хоёр гурав хүртэл зулзага төрүүлж, арван найман сар орчим тэжээж өсгөдөг.
Цоохор ирвэсийг хамгаалах ач холбогдол
1. Экологийн ач холбогдол
-
Экосистемийн тэнцвэрийг хадгална: Цоохор ирвэс нь өвсөн тэжээлт амьтдын тоог хянаж, ургамлын зүй тогтлыг хамгаалдаг.
-
“Шүхэр зүйл” болох нь: Ирвэсийг хамгаалснаар түүний амьдардаг орчин дахь бусад олон ургамал, амьтан давхар хамгаалагддаг.
2. Эдийн засгийн ач холбогдол
-
Эко аялал жуулчлал: Байгалийн гоо үзэсгэлэн, ховордсон амьтныг сонирхох жуулчид нэмэгдэж, орон нутгийн орлого өсдөг.
-
Малчдыг дэмжих хөтөлбөр: Ирвэс хамгаалах төсөлд хамрагдсан малчдад нөхөн төлбөр олгож, малаа хамгаалах арга зүйг заадаг.
3. Соёл, танин мэдэхүйн ач холбогдол
-
Монголын бахархал: Цоохор ирвэс нь домог, аман зохиолд дүрслэгддэг, соёлын өвийн нэгэн хэсэг.
-
Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хамгаалалт: Монгол Улс цоохор ирвэсийг хамгаалагч орны хувьд олон улсын нэр хүнд олсон.
4. Хууль, бодлогын ач холбогдол
-
Төрийн бодлогын нэг хэсэг: Цоохор ирвэсийг хамгаалах нь байгаль орчны тухай үндэсний бодлоготой нийцэж, олон улсын гэрээний биелэл болдог.
-
Олон улсын хамтын ажиллагаа: Хил дамнан нүүдэллэдэг тул бүс нутгийн орнууд хамтран хамгаалах шаардлагатай. Монгол, Хятад, Орос, Киргиз зэрэг улс үүнд нэгдсэн.
Цоохор ирвэсийн тоо толгой буурч, амьдрах орчин хумигдсаар байгаа нь хүний буруутай үйлдэлтэй шууд холбоотой. Энэ амьтныг хамгаалах нь зөвхөн биологийн олон янз байдал төдийгүй соёлын өв, эдийн засгийн тогтвортой хөгжлийн нэг хэсэг юм. Тиймээс Төв Азийн 12 улс 10 дугаар сарын 23-ныг “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр” болгон тэмдэглэхээр санал нэгдсэн нь түүний үнэ цэнийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсний илрэл юм.