Эдийн засагч, татварын мэргэшсэн зөвлөх Д.Энхсайхантай Сангийн яамны боловсруулсан татварын шинэчлэлийн талаар ярилцлаа.
-Ярилцлагын эхэнд та өөрийнхөө мэргэжил болоод ажлын туршлагаас манай уншигчдад товч танилцуулна уу?
-Би нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, Санхүү эдийн засгийн техникум, МУИС, Удирдлагын академи дүүргэсэн. Сангийн яам, Татварын ерөнхий газарт 1992-2012 оны дунд хүртэл 20 жил ажилласан, энд ажиллахын өмнө САА, ХАА-н нэгдэлд нягтлан бодогчоор ажиллаж байсан, үеийнхнийхээ нэгэн адил эр цэргийн албыг гурван жил хаасан. 2012-2023 онд аудит, зөвлөх үйлчилгээний дэлхийн дөрвөн том компанийн нэг KPMG international-ын Монгол дахь татварын зөвлөх үйлчилгээний KPMG Tax ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж бай
-Нийгэмд татвар их байна, Засгийн газар татвар нэмэхгүй гэчихээд нэмлээ гэсэн шүүмжлэл их гарч байна. Үүн дээр та эдийн засагч хүний хувьд юу хэлэх вэ. Монгол Улс татварын хэр таатай орчинтой улс вэ?
-Үндэсний статистикийн газрын гаргасан статистик мэдээлэлд 2024 оны эхний байдлаар бизнес регистрээр 241 мянга шахам хуулийн этгээд бүртгэлтэйгээс үйл ажиллагаа явуулж байгаа нь 101.8 мянга, үйл ажиллагаа эрхлээгүй нь 34.7 мянга, үйл ажиллагаагаа түр зогсоосон нь 96.2 мянга, үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон 3.2 мянга, сураггүй болсон 5.2 мянган хуулийн этгээд байгааг харж болно. 2024 оны жилийн эцэст дээрх 241 мянган хуулйин этгээдийн 50 хувь нь буюу 120.7 мянган компани тайлан гаргаж өгснөөс 30 хувь нь буюу 31.5 мянга нь ашигтай ажилласан буюу аж ахуйн нэгжийн орлогын татварын ногдолтой тайлан өгсөн мэдээлэл байна.
Хүмүүс компанийн захирал болоод үзье гээгүй, бизнес эрхэлье, өөртөө болон улс оронд хэрэгтэй юм хийе гэж компани байгуулсан байх. Дээрх статистикаас харахаар ашигтай ажиллаж байгаа нь үнэхээр цөөн юм. Энэ бол Монгол Улсад бизнес эрхлэх орчин ямар байгаагийн нэг илрэл гэж бодож байна. Үүнийг татвар талаас нь тайлбарлаж яривал хүмүүст арай илүү ойлгомжтой болох байх. “Татвар төлөгч нь баян байвал улс баян байна” гэж үг байдаг.
2024 оноос өмнөх 5 жил (2019-2023 он)-ийн байдлаар ДНБ-ий хэмжээ ямар байв, татварын орлого ДНБ-ий эзлэх хэдэн хувийг эзэлж байсан бэ гэдгийг харах хэрэгтэй. 2019 онд ДНБ (оны үнээр тооцсон) 37.8 их наяд төгрөг байсан бол 2023 онд 70.4 их наяд төгрөгт хүрч 2019 оныхоос 1.8 дахин өссөн.
Мөн 2023 онд улсын төсөвт 16 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрсөн нь төсвийн нийт орлогын 85.7 хувь, ДНБ-ий 22.7 хувьтай тэнцэж байна. 2023 оны 16.0 их наяд төгрөгийн татварын орлогын 9.6 их наядыг нь буюу 60 хувийг нь том татвар төлөгч 900 гаруй компани төсөвт төлсөн. Татварын орлогын хэмжээ 2019 оныхоос 2.1 дахин өссөн. Харин төрийн өмчийн компаниуд 2023 онд 448.4 сая төгрөгийн ногдол ашиг төсөвт төлсөн бөгөөд энэ нь төсвийн нийт орлогын 2.4 хувийг эзэлж байна. Ер нь ДНБ-д эзэлж байгаа татварын хувиар татварын дарамтыг тодорхойлдог. Манайд татварын орлогын ДНБ-д эзлэх хувь 2019 онд 20.2 хувь байсан бол 2023 онд 22.7 хувь болсон. Өөрөөр хэлбэл, жил ирэх тусам татвар төлөгчдийн нуруун дээрх дарамт өссөөр байгаа.
-Тэгвэл одоо хийх гээд байгаа Татварын хуулийн өөрчлөлтөд нь гэгээтэй зүйл байна уу?
-Манай улстөрчид болохоор Монгол шиг татвар багатай орон байхгүй гэж ярьдаг. Гэтэл яг бодит хөрсөн дээрээ тоогоор аваад үзэхээр бага биш. Ийм үед татварын шинэчлэл хийх гээд Сангийн яамнаас хуулийн төсөл боловсруулаад явж байгаа нь сайн хэрэг, тус яам цахим хуудсандаа НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тавьж санал авч байгаа юм билээ, энэ оны зургадугаар сарын 12-ны өдрөөр санал өгөх хугацаа өндөрлөнө.
Энэ удаагийн шинэчлэлийн хамгийн том нь НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулга. НӨАТ-ын хуулийн тухайд Монгол Улсад оршин суугч бус этгээд (гадаадын аж ахуйн нэгж, хувь хүн)-ээр гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийг гадагш шилжүүлэхэд НӨАТ ногдуулж, төлөх үүргийг НӨАТ суутган төлөгчид үүрүүлдэг ч суутгаж төлсөн татварыг НӨАТ суутган төлөгчийн төсөвт төлөх НӨАТ-аас хасч тооцдоггүй, мөн НӨАТ суутган төлөгчийн барилга, байгууламж худалдан авах, барьж байгуулахад төлсөн НӨАТ-ыг 10 жилээр, тоног төхөөрөмж худалдан авахад төлсөн НӨАТ-ыг таван жилээр хойшлуулж хасдаг байсныг болиулж төсөвт төлөх НӨАТ-аас хасахаар хуулийн төсөлд тусгасан нь нааштай өөрчлөлт юм.
НӨАТ суутган төлөгчөөр бүртгэх босго 50.0 сая төгрөг байсныг 400.0 сая болгох, босгын 20 хувь буюу 80.0 сая төгрөгт орлого нь хүрсэн цаашид босгоос илүү орлого олох нь тодорхой бол сайн дураар бүртгүүлэх хүсэлтээ татварын албанд хүргүүлж НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэх, орлогын хэмжээ 400.0 сая төгрөгт этгээдийг татварын алба татварын бүртгэл, мэдээллийн системээрээ дамжуулан суутган төлөгчөөр бүртгэхээр хуулийн төсөлд заасан байна. Одоогийн хуулиар албан татвар төлөгчийн тухайн сарын худалдан авалтад төлсөн НӨАТ-ын 20 хувийг буцаан олгодог байсныг өөрчилж, сарын 500.000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн татварыг 100 хувь, 500001-800000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн татварыг 50 хувь, 800001 төгрөгөөс дээш худалдан авалтад төлсөн татварыг 20 хувиар хөнгөлж, буцаан олгохоор төсөлд тусгасан байна лээ. Уг нь татвараар дамжуулж халамжийн бодлого хэрэгжүүлэх нь буруу. Эдгээрээс гадна НӨАТ-ын чөлөөлөлтийг нэлээн хумьж, “0”-иар татвар ногдуулах үйлчилгээний хүрээг өргөжүүлсэн, татварын хуулийн даган мөрдөлтийн түвшинтэй уялдуулан НӨАТ-ыг хойшлуулж төлж болох эрх зүйн шинэ зохицуулалт хийхээр төсөлд байгаа.
-Мэргэжлийн хүний хувьд НӨАТ ногдуулах босгыг нэмэгдүүлж байгаатай санал нийлж байгаа юу. Жижиг дунд татвар төлөгчид НӨАТ-ын дарамтаас гарах нь гэсэн ойлголт их байх шиг байна?
-Миний хувьд үүнтэй санал нийлэхгүй байгаа. Би нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэх босгыг хүчингүй болгож, татварын хувь хэмжээг 5 хувь болгож бууруулах асуудлыг судлан үзэх шаардлагатай гэж боддог. Босгоос хамаарсан тэгш бус байдлыг халж, бага хувиар нийтээрээ уг татварыг төлөх нь татварын тэгш шударга байх зарчимд нийцнэ. НӨАТ-ыг босгогүй болгож, ногдуулалтыг 5 хувиар бууруулах нь дараах ач холбогдолтой.
Үүнд: 1. Босгоос хамаарсан тэгш бус байдал буюу НӨАТ суутган төлөгч болсон эсэхээс хамаарч нэг төрлийн бараа, ижил төрлийн ажил, үйлчилгээнээс харилцан адилгүй ашиг олдог байдал арилна. Энэ нь шударга өрсөлдөөн бий болоход тустай. 2. Барааг НӨАТ-тай, эсвэл НӨАТ-гүй үнээр санал болгож, НӨАТ-гүй худалдсан барааны борлуулалтыг тайлагнадаггүй явдал зогсоно. 3. НӨАТ-ын баримтыг хуурамчаар үйлддэг хууль бус үйлдэл арилна. 4. Цахим баримтын системд шивэгдэх баримтын тоо нэмэгдэнэ, татвар төлөгчдийн орлого, зардал бүртгэлжиж, татварын хяналт сайжирна, энэ хэрээр далд эдийн засгийг сааруулахад үр нөлөөгөө өгнө.
НӨАТ-ын босгыг өндөрсгөх нь дээр дурдсан сөрөг нөлөөг улам нэмэгдүүлэхийн зэрэгцээ хэвшиж тогтоод байгаа татварын цахим баримтын системд ч сөрөг нөлөөтэй.
Мэдээлэл болгон дараахь тоон үзүүлэлтийг хэлмээр санагдлаа. 2024 оны эцсийн НӨАТ суутган төлөгчдийн тоо 63 мянга шахуу болж, 2016 оныхоос 2.8 дахин өссөн бөгөөд үүний 7.6 мянга нь хувиараа бизнес эрхэлдэг иргэд байна. 2023 онд улсын төсөвт 5.1 их наяд төгрөгийн НӨАТ төвлөрсөн нь хeуль хэрэгжиж эхэлсэн 2017 оныхоос 2.9 дахин (дотоодын бараа, ажил, үйлчилгээний НӨАТ 2.7 дахин, импортын барааны НӨАТ 3 дахин)нэмэгдсэн. Татварын цахим баримтын систем нэвтэрснээр И-баримтын бичилт эрс сайжирч жилд дунджаар 1 тэрбум гаруй баримт үйлдэгддэг болсон байна.
-УИХ-ын зарим гишүүд нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, өргөн барьсан. Ажил олгогчоос НДШ авдаг нь буруу гэсэн ойлголт нийгэмд их байдаг. Энэ талаар?
-Бизнес эрхлэгчид, тэр тусмаа шинээр эхэлж байгаа бизнест үзүүлж байгаа хамгийн том дарамт бол ажил олгогчид ногдуулдаг нийгмийн даатгалын шимтгэл юм. Энэ нь нийгмийн даатгалын санг зориулалтын дагуу байгуулж ашигладаггүй, төсвийн бүрэлдэхүүн болгон хуульчилж, төсвийн алдагдал нөхөх хэрэгсэл болгосоор байгаатай холбоотой. Нийгмийн даатгалын шимтгэл бол татвар биш, ирээдүйд хэрэглэх гэж төрд итгэн өгсөн өөрсдийнх нь хуримтлал юм. 1960 оноос хойш төрсөн НДШ-ийн нэрийн данстай даатгуулагчдын нэрийн дансыг мөнгөжүүлэхэд 27 орчим их наяд, 1979 оноос оноос хойш төрсөн НДШ-ийн нэрийн данстай даатгуулагчдын нэрийн дансыг мөнгөжүүлэхэд 13 их наяд төгрөг шаардлагатай албан бус мэдээлэл байдаг.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардлын төлөвлөлтийг сайжруулах, зайлшгүй, ирээдүйд нийгэмд үр өгөөжтэй байх төсөл, хөтөлбөрүүдийг л улсын төсвөөс санхүүжүүлэх зарчмыг хэлбэрэлтгүй баримталж, хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, ил тод болгож чадвал нийгмийн даатгалын санг улсын төсвөөс мөнгөжүүлэх боломжтой гэж боддог. Энэ чиглэлд баримтлах төрийн бодлогод шинэчлэл хийж, нийгмийн даатгалын санг зориулалтынх нь дагуу болгоогүй тохиолдолд НДШ-ийн дээр дурдсан дарамтаас гарахгүй, цаашид тэтгэвэр тэтгэмжийг хуулийн дагуу тооцож олгоход улам бүр хүндрэл үүсэх болно.
Төсвийн тухай хуулийн 21.1-д “Монгол Улсын нэгдсэн төсөв нь улсын төсөв, орон нутгийн төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвөөс бүрдэнэ” гэж заасан байдаг. Энэ заалтаас Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв гэснийг хасч нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын санг төсвийн алдагдал нөхөх хэрэгсэл болгож байгааг зогсоох цаг болсон. Гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байгаа.
-Энэ удаагийн татварын шинэчлэлээс бизнес эрхлэгчид, ард иргэд ямар хүлээлттэй байгаа гэж та бодож байна. Тухайлбал, үйлдвэржилтийг татварын бодлогоор дэмжих талаар Аж ахуйн нэгжийн орлогын татварын өөрчлөлтийн төсөлд тусгагдсан уу?
-Сайхан асуулт юм. Иргэд татвараас хөнгөлүүлэх, чөлөөлүүлэхээс илүү ажилтай орлоготой байхыг хүсч байна, нөгөө талаар ямар ч төрлийн татварын хамгийн эцсийн төлөгч нь иргэд байдаг. Ажлын байр бий болж байж хүн ажилтай болно, харин хүнд болон хөнгөн үйлдвэртэй байгуулахгүйгээр ажлын байрыг мөрөөдөөд хэрэггүй, энэ бол энгийн логик.
Одоогийн хүчин төгөлдөр хуульд ч, шинээр боловсруулсан нэмэлт өөрчлөлтийн төсөлд ч үйлдвэржилтийг, импортыг орлох болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг татварын урт хугацааны бодлогоор дэмжих эрх зүйн зохицуулалт бараг байхгүй гэхэд хатуудахгүй. Харин үйлдвэржилтийн эсрэг мэт татварын бодлого Монголд хэрэгждэг. Жишээлэхэд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2021 онд гаргасан мэдээллээр Монгол Улсын хэмжээнд байгаа ашигт малтмалын баяжуулах үйлдвэрийн тоо 127. Үүний 82-ыг нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компаниуд, 45-ыг нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй компаниуд ажиллуулж байсан. Ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй компаниуд алтны ес, хайлуур жоншны 11, зэсийн нэг, нүүрсний найм, төмрийн хүдрийн 15, цагаан тугалганы нэг үйлдвэртэй гэж уг мэдээлэлд дурдсан байсан. Мөн 2019 онд 38 аж ахуйн нэгж нүүрс, 31 аж ахуйн нэгж төмрийн хүдэр болон төмрийн баяжмал, 10 аж ахуйн нэгж хайлуур жоншны баяжмал, гурван аж ахуйн нэгж давс, нэг аж ахуйн нэгж цайр, 2020 онд 33 аж ахуйн нэгж нүүрс, 41 аж ахуйн нэгж төмрийн хүдэр болон төмрийн баяжмал, 14 аж ахуйн нэгж хайлуур жоншны баяжмал, хоёр аж ахуйн нэгж давс, нэг аж ахуйн нэгж гантиг чулуу, нэг аж ахуйн нэгж битум тус тус экспортолсон мэдээтэй.
Гэтэл Ашигт малтмалын тухай хуульд 2019 онд орсон нэмэлт, өөрчлөлтөөр “Ашигт малтмал экспортолсон этгээд”-эд АМНАТ ногдуулах, экспортолсон бүтээгдэхүүний АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг дэлхийн зах зээлийн үнээр тооцож, өсгөн нэмэгдүүлсэн хувиар АМНАТ ногдуулах болсноор дөнгөж ажиллаж эхэлж байсан төмрийн хүдэр, жоншны баяжуулах үйлдвэрүүд бүгд хаалгаа барьсныг энэ салбарынхан ярьдаг. Энэ бол улсын хөгжлийг урагшлуулахад тээг болсон харамсалтай явдал, уг хууль одоо ч хүчинтэй хэвээр. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг экспортлогчид ногдуулж байгааг халахгүйгээр уул уурхайгаас гарч байгаа түүхий эдийг боловсруулах үйлдвэр хөгжихгүй, мөн ашигт малтмалыг боловсруулах үйлдвэрт оруулсан хөрөнгө оруулалттай тэнцэх хэмжээний татварын хөнгөлөлт эдлүүлэх, байгуулагдсан үйлдвэрийг урт хугацаанд орлогын албан татвараас чөлөөлөх бодлого хэрэгжүүлбэл улсын хөгжилд мөн ч тустайсан.
Хөгжсөн улсуудын ихэнх нь үндэсний аж ахуйгаа өөд нь татаж, түүхий эд бэлтгэлийн процессыг механикжуулж, автоматжуулснаар, түүхий эдээ боловсруулж экспортын эцсийн бүтээгдэхүүн болгож дэлхийн зах зээлд борлуулснаараа хөгжлийнхөө өнөөгийн түвшинд очсоныг бид бүгдээрээ мэддэг. Монголчуудын үндсэн аж ахуй бол мал аж ахуй, гэтэл өнөөдөр ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн дийлэнх нь угааж, самнаад л экспортолдог, бэлчээрийн малын экологийн цэвэр махны зах зээл хангалттай байгаа ч махаа экспортолж чаддаггүй, малыг эрүүлжүүлэх цогц бодлого байхгүй, дотоодын махны зах зээлээ хөршдөө алдчихсан, арьс шир, яс, эвэр туурай, дотор мах үндсэндээ хог болж байгааг бүгдээрээ харж байна. Энэ байдлыг халсан, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн татварын бодлого үгүйлэгдсээр олон жил болж байна. Малчид нийгмийн даатгалаа төрөөр төлүүлэхээс илүү мал аж ахуйн түүхий эдийг боловсруулдаг үйлдвэртэй болгож өгөөсэй гэж хүсдэг.
Иймд “Сумын нутаг дэвсгэрт шинээр байгуулах мал аж ахуй, газар тариалангийн анхдагч түүхий эд боловсруулах үйлдвэрт 100 мянган ам.доллараас дээш төгрөгтэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн хувь хүн, аж ахуйн нэгжид оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээр татварын хөнгөлөлт эдлүүлэх, хөрөнгө оруулалтын үр дүнд байгуулагдсан үйлдвэрийг ашиглалтад орсноос хойших эхний 10 жилд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 100 хувь чөлөөлж, дараагийн 10 жилд 50 хувиар хөнгөлөх” заалтыг Аж ахуйн нэгжийн болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд шинээр нэммээр байгаа юм.
Монгол Улс үйлдвэржиж баймааж нь хөгжинө, үйлдвэржсэнээр мэргэжлийн инженерүүд, мэргэшсэн ажилчидтай болно, шилдэг менежерүүд бэлтгэгдэнэ, иргэд ажилтай, орлоготой болно, чухамхүү ингэснээр ярилцлагын эхэнд хэлсэн “татвар төлөгч баян бол улс баян байх” ойлголт амьдралд хэрэгжинэ.
Өдрийн сонин