Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны тавдугаар сарын 21-ний өдрийн 68 дугаар зарлигаар “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнахаар шийдвэрлэжээ.
Тус шагналыг өнөөдөр буюу тавдугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар албан ёсоор уншиж танилцуулан, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Б.Отгонсүх болон удирдлагын багт гардуулан өглөө.
Иргэний нисэхийн салбар нь өнгөрсөн зуун жилийн хугацаанд Монгол Улсын хөгжил, үндэсний аюулгүй байдал, олон улсын харилцаанд жигд нөлөө үзүүлсэн онцгой салбаруудын нэг болж, агаарын тээврийн аюулгүй байдал, технологийн дэвшлийг тасралтгүй хөгжүүлж ирснийг энэхүү одон илэрхийлж байна.
Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар