x

Л.Гантөмөр: МАН худал хуурмагаар хол явахгүй, үнэнээ хэл

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг "ОРЛОГОО НОТОЛ" жагсаал нийлэлийн төв талбай дээр найм дах өдрөө үргэжлжилж байна. Жагсаалын үр дүнд Засгийн газрын бүрэлдэхүүнээс АН-ыг гаргах тухай МАН-ын Бага хурлын тогтоол гарчээ. Тогтоолтой холбоотойгоор Ардчилсан намын дарга, Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгсөн байна.

-Та МАН-ын Бага хурлаас гаргасан шийдвэрт хамтын хариуцлага хүлээнэ гэдэг ганц үг хэлсэн. Энэ яг юу гэсэн үг вэ? Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж байгаа гурван нам гурвуулаа хариуцлага хүлээнэ гэсэн үг үү?

-Гурван намын дарга уулзаад ямар төвшинд хариуцлага хүлээх вэ гэдгээ өнөөдөр шийднэ. Бид ярилцаж, гарсан дүнгээ олон түмэнд хүргэдэг хариуцлагатай. МАН хамтарсан Засгийн газарт Ардчилсан нам байж болохгүй гэж дүгнэсэн, би тэгж ойлгосон. Бага хурлын тогтоолыг албан ёсоор аваагүй байна.

-Гэхдээ иргэд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолчих, огцорчих гэж шаардсан. Гэтэл Ерөнхий сайд хувийнхаа асуудлыг засаг төрийн асуудал болгоод танай намыг хөлдөө чирчихэж байгаа юм биш үү?

-Бага хурлын өчигдрийн мэдээллийг бид авсан. Ерөнхий сайд хамтарсан Засгийн газар байх учиртай. Сонгууль нэгээр дуусахгүй, парламент ажил хэрэгч байх ёстой. Дэлхийн худалдааны дайнаас улбаатай нөхцөл байдалд тэвчээртэй маш тодорхой байх ёстой гэдэг байр суурийг эхнээсээ эцсээ хүртэл Бага хурал дээрээ хэлсэн гэж бид ойлгож байгаа. Тийм  учраас Ерөнхий сайдад АН-ыг гаргачихаад МАН дангаараа засаглъя, эсвэл өөр эвсэл байгуулаад цааш явъя гэдэг байр суурь байхгүй.

Намын дарга нар уулзалт хийнэ, гэрээгээ урдаа тавиад ярина. Нэгэнт МАН гэрээгээ зөрсөн учраас АН Засгийн газарт орохгүй, Засгийн газарт ажиллахгүй.  Гэрээний зөрчил гэдэг нь Бага хурлын шийдвэрийг хэлж байгаа юм. Тэгэхээр гэрээний хариуцлагыг ямар төвшинд, яаж тооцох вэ гэдэг асуудал ярина.

-Гэрээн дээр энэ тохиолдолд хариуцлагын асуудал хөндөгдөнө гэсэн заалт байгаа юу? АН гэрээгээ биелүүлээгүй учраас хамтарсан Засгийн газраас гарах ёстой гэж Бага хурлаас шийдвэрлэсэн шүү дээ?

-Гэрээнд хариуцлагын асуудал байгаа. Гэрээгээ биелүүлж чадаагүй тохиолдолд хамтын хариуцлага хүлээнэ гэсэн заалттай. Гэхдээ Ардчилсан нам гэрээгээ биелүүлээгүй гэдэг бол гүтгэлэг шүү. 

Ардчилсан намын гишүүн Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нарыг гэрээ зөрчсөн гэж нэрлэж байна лээ. Манай гишүүдийн илэрхийлж байгаа байр суурь бол намын байр суурь биш. Намын байр суурь Ардчилсан намын Улс төрийн зөвлөл, Үндэсний бодлогын байнгын хороогоор гардаг. Нам дотроо цөөнх  болсон гишүүд ч үгээ хэлэх эрхтэй. Хамтарсан Засгийн газрын гэрээнд "гишүүдийнхээ амыг барина" гэдэг заалт тусгаагүй, тийм зүйлд би гарын үсэг зурахгүй. Би намынхаа үндсэн араншинг мэдэж байгаа хүн шүү дээ. Шүүмжлэх юмаа шүүмжлээд явна. Өөрсдөө засагласж байхдаа ч сөрөг хүчин хийгээд явдаг. Үгээ ил тод хэлдэг л хүмүүс байхгүй юу. 

Тиймээс Засгийн газар унагаж байгаа учир шалтгааныг Ардын нам нуучихлаа гэж би харж байна, Ардчилсан намыг Засгийн газраас гаргаж байгаа нь шалтаг боллоо. Их ухралт явлаа гэж харж байна. Хамгийн их санаа зовж байгаа зүйл бол утаагаа шийдээсэй, кокс химийн үйлдвэрээ хийгээсэй гэж хүсч байна. Зэсийн үйлдвэрээ яах юм, гангийн үйлдвэрээ яах юм. Асуудлуудаа шийдээд явбал бидэнд гоншигнох юм байхгүй.

Хоёрдугаарт, төрийн албанд 9 хувийн цомхотгол хийнэ гэдэг төлөвлөлтөө ажил хэрэг болгомоор байна. Төрийн өмчит компанид 15 хувийн цомхотгол хийж,  хувийн хэвшилд орон зай гаргаж өгнө гэсэн бодлого ажил хэрэг болох уу? Бизнесийхэнд хэрхэн эдийн засгийн эрх чөлөө олгох вэ? Үгээ хэлэх эрх чөлөөг хэрхэн хамгаалах юм бэ? Сэтгүүлч шүүмжилснийхээ төлөө, үг хэлснийхээ төлөө цагдаагийн хаалга татдаг байдлаас бүрмөсөн салах ёстой. Гэх мэтчлэн энэ зүйлс дээр Ардчилсан нам УИХ дотроо санаачлага аваад явна.

-ХҮН нам жагсаалыг дэмжиж гарын үсэг зурсан Ж.Золжаргал гишүүнд хариуцлага тооцно гэсэн. Хариуцлагын гэрээгээ зөрчсөн учраас хариуцлага тооцно гэж байна. Тэгвэл гурван намын хамтарсан Засгийн газрыг байгуулахад зурсан гэрээнд хариуцлагын ямар зохицуулалтыг тусгасан бэ?

-Хамтарсан гэрээнд дэвшүүлсэн хөтөлбөрөө ажил хэрэг болгохыг л чухалчилсан. Жагсаалтаар орчихоод намынхаа нэрээр гишүүн болсон хүмүүс байгаа, надаас эхлээд. Улс төрийн хүн бол байнга ярьдаг биш шүү дээ. Зарим үед амаа хамхидаг, зарим үед дуугардаг. Гэхдээ нам маань юу гэж бодож байна вэ, нам маань улсын эрх ашгийг нэгдүгээрт тавьсан бол би ч улсын эрх ашгийг нэгд тавъя гэдэг сэтгэлийн хаттай хүмүүс жагсаалтаар сонгогдох учиртай юм байна. Цаашдаа жагсаалтыг хэрхэн тодруулах вэ гэдэг дээр бодлого гаргахгүй бол хамгийн их итгэл эвдэж байгаа хүмүүс нь жагсаалтаар орсон хүмүүс болж байна. Ардын намд ч байна, манай талд ч байна.

Энэ удаагийн үзэгдэл бол нэг л жишээ. Цаашдаа бол Монголын парламент пропорцианаль тогтолцоогоо  хадгалж хамгаалаад, парламентын тогтолцоогоо илүү төгөлдөржүүлж боловсронгуй болгох хэрэгтэй юм байна.

-Ардчилсан нам Засгийн газраас гарсны дараа хэсэг гишүүд намаасаа гараад тусдаа нам байгуулах юм бол Засгийн газарт хамтарч болно. Улс төрийн боломжийг нээлттэй үлдээж байна гэсэн мэдээлэл гарсан.

-Наадах чинь бол Ардчилсан намыг хуваах гэсэн чулуу хаялт. МАН тийм л ажил хийдэг. Би бол энэ намыг нийлүүлэхийн төлөө хоёр жил үйлээ үзлээ. МАН бол Ардчилсан нам болон бусад намыг хуваах улс төрийн стратеги хийдэг, тэрийгээ л хийж байна.

Би намынхнаасаа хүсээд байгаа зүйл нь эе эвээ хичээгээрэй. Өнөөдөр хүртэл тэвчээр гаргаж чадсан шүү бүгдээрээ. Мэдээж болчимгүй алхам хийсэн хүмүүс бий. Олонхи нь тэвчээр гаргаад шүдээ зуугаад "Монголоо босгоод ирье.  Ард түмэн ядуу байна, тийм учраас ядуурлыг арилгая" гэдэг зорилгын төлөө тэвчиж байсан. Тийм учраас Ардчилсан нам тийм амархан хагарч бутарахгүй гэж би итгэдэг. Гэхдээ би хүмүүсийн өмнөөс хэлж мэдэхгүй. Би бол эв нэгдлийг нам дотроо байнга хэлээд явна. Эвлэж нэгдэх нь маш хэцүү гэдгийг хамтарсан Засгийн газар харууллаа. Хамтарсан Засгийн газар хэцүү юм байна. Өөр соёлтой, өөр бодолтой хүмүүс учраас. Тийм учраас эе эвийг хэрхэн сахих вэ, хэрхэн ойлголцох вэ, хэрхэн нэгэндээ хүндэтгэлтэй хандах вэ гээд олон сорилт байдаг юм байна.

Манай нам дотор ч олон ургальч үзэл байдаг. Тэр үзэл болгоныг шигтгэж эвлүүлж авч явна гэдэг амар биш. Зодолдох, хэрэлдэх, салах бол үнэхээр амархан. Нийлэхдээ хүрвэл маш олон давааг давдаг. Тиймээс улсынхаа эрх ашгийг бодоосой. Ялангуяа УИХ-ын гишүүн хүн нэн тэргүүнд улс орныхоо эрх ашгийг бодох ёстой. Ардчилсан нам Монгол төрийн хоёр том баганын нэг гэж итгэж байгаа бол энэ намаа институци болгохын төлөө бүгдээрээ хичээх хэрэгтэй. Бид Монгол төрийн олон мянган жилийн түүхэн дотор өчүүхэн цаг хугацаанд тодорхой үүрэг даалгавартай ирсэн хүмүүс. Энэ цагийн Ардчилсан намынхны үүрэг бол энэ намыг бойжуулах, энэ намыг институци болгох, энэ улсыг ядуурлаас гаргах. Энэ үүргээ нэр төртэй биелүүлэх учиртай.

-Та яриандаа Ардчилсан намыг хамтарсан Засгийн газраас гаргах том шалтгаанаа Ардын нам нуулаа гэсэн. Тэр шалтгаан нь яг юу вэ?

-Том шалтгаан нь яривал асуудал урт удаан хугацаанд үргэлжлэх байх. Ардчилсан нам бол буруутан биш, цаг хугацааны явцад тодорхой болно. Нэг, хоёр цагийн дараа би Л.Оюун-Эрдэнэ дарга, Т.Доржханд даргатай уулзана. Би бол тухайн хурлын бүтэн мэдээллийг сонсоно, гаргах гэж байгаа шийдвэрийг нь сонсоно. Аль ч шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Энэ гүтгэлгээ зогсоо гэдэг шаардлагыг би Л.Оюун-Эрдэнэ даргад тавина. АН-д ямар ч гэрээний зөрчил байхгүй. Гүтгэлэг хийх тусам дараа дараагийн төрийн үйл хэрэгт халтай шүү гэдгийг хэлнэ.

Монголын төрийн гал голомт ариун байх ётсой. Үнэнээ л хэлцгээ л дээ. Ажиллахад хэцүү байгаа бол тэрийгээ хэл. Ардчилсан нам олон албан тушаал аваад бэхжээд байгаа бол тэрийгээ ний нуугүй хэл. Ардчилсан нам Хяналтын сайд авчихаад хүмүүсийг шалгаад байна гэж гомдоллож байгаа юм гэнэ лээ. Тийм бол тэрийгээ ярь. Урт удаан хугацааны тоглоом тоглох гэж байхад нь Ардчилсан нам тэрэнд нь садаа болоод байгаа бол тэрийгээ ярь. Үнэнээ л хэл. худал хуурмагаар хол явахгүй. Ардчилсан намын нэг,  хоёр гишүүнийг шалтаг шалтгаан болг.оод, Ардчилсан нам засгаас гарсанд энэ гишүүд буруутай гэж байгаа бол Ардчилсан нам өөрөө хариуцлагаа тооцно. Тэр хариуцлагыг Ардын нам тооцдог ч юм биш.

-Та Ардчилсан намын даргын ажлаа өгөх үү?

-Би намын даргын ажлаа өгнө. Засаг байгуулчихаад уначихаар намын даргаараа үлдэх ёс зүй алга. Миний хувьд энэ намыг эв нэгдэлтэй болгоё, босгоод ирье, хүний нөөцийг нь сайжруулъя. Дээр нь улс орноо давхар босгоод авъя гэж хүсч зөндөө хараалгаж, зөндөө доромжлууллаа, зүтгэлээ.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан, залуу үед нь итгэж байсан. Хууччуул бид нар зөндөө нийлсэн, салсан энэ түүх үүд хаалгаа хаачихсан байх гэж найдаж байсан. Найман жил засаглахдаа Монгол түмний амьдралын тухай арай өөрөөр ойлгодог болсон болов уу, дангаараа засаглаад чадахгүй юм байна гэдгээ ойлгосон болов уу гэж найдаж байсан. Харамсалтай нь өөр зураг явж байна. Тийм учраас би хариуцлагаа хүлээнэ. Дараагийн намын дарга Ардчилсан намаа эвтэй нэгдэлтэй, хүчтэй байлгах талд илүү их ур ухаан гаргадаг хүн гарч ирээсэй л гэж хүсч байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Oyunaa (66.181.191.185)
    Minii medhiin umnugovid AN bol aimaar namchirhaj buur bagiin hural deer aimag sumiin zasag darga hurliin darga nar ni heden zuun hunii umnu AN-s ner devshih huniig songohgui bol bid hamtarch ajilahgui shuu geel shuud heldiin bilee iim baij hamtarch zasag barina gej baihgui baihaa salaad ami amia bodson l deer baih .Er ni tegeed AN bol huuli turgui met duraaraa baihiig l demjdeg buleglel bolj huvirsan uls turiin nam bish bolson
    2025 оны 05 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 2025-11-07 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-11-07 Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 2025-11-07 Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 2025-11-07 Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 2025-11-07 Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 2025-11-07 Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 2025-11-07 Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 2025-11-07 “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв 2025-11-07 Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна 2025-11-07 Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна 2025-11-07 Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна 2025-11-07 “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана 2025-11-07 Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна 2025-11-07 БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ 2025-11-07 Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ 2025-11-07 Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ 2025-11-07 Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно 2025-11-07 Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно 2025-11-07 Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв 2025-11-07
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top