Монгол Улсын Үндэсний номын сангийн бүтээл болох “Цогт хунтайжийн санаашрал” баримтат кинонд малчин хүүгийн дүрийг амжилттай бүтээсэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч О.Дүүрэнбаяр өөрийн дүр бүтээсэн киногоо аав, ээж, дүү болон ангийн нөхдийн хамт үзэж, урам зориг авсан байна.
Түүх, нийгмийн ухааны хичээлдээ шимтэн суралцдаг О.Дүүрэнбаяр энэ жилийн Түүхийн улсын олимпиадад амжилттай оролцож, гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль хүртжээ. Энэ амжилтын үр дүнд тэрээр Монгол Улсын их сургуулийн Түүхийн ангид суралцах урилга авсан нь түүний түүх сонирхох чин хүсэл, хичээл зүтгэлийн үр дүнг илтгэж байна.
Тэрбээр “Цогт хунтайжийн санаашрал” баримтат кинонд оролцсон нь өөрийн сонирхдог түүхэн үйл явдал, сэдвийг улам гүнзгийрүүлэн ойлгох боломж олгосон хэмээн сэтгэгдлээ хуваалцаж, Цогт хунтайжийн түүх, түүний шашин соёл, улс төрийн үзэл бодлыг харуулсан түүхэн баримтат кинонд оролцсон нь нэр төрийн хэрэг гэж онцолжээ.
Түүхэн эх сурвалж, судалгаан дээр тулгуурлан бүтээсэн энэхүү баримтат кино өнөөдөр кино театрын дэлгэцнээ үзэгчдийн хүртээл боллоо.
Эх сурвалж: Үндэсний номын сан