x

С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт”

Өнгөрөгч долоо хоногт “Оюутолгойн бүлэг ордод Монголын талын ашиг сонирхлыг нэмэгдүүлэх тухай” нэртэй УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсгол болсон. Сонсголд дуудсан 300 гэрчээс 70 гаруй хувь нь сонсголд оролцсон гэдгийг Түр хорооны дарга О.Батнайрамдал мэдээлсэн байсан.

Тэдгээр гэрчүүдээс хамгийн “ач холбогдолтой” буюу “нөлөө бүхий” этгээд нь С.Баярцогт байсныг нуухгүй. Товчхондоо, хэрэв С.Баярцогт гэдэг хүн энэ удаагийн сонсголд оролцоогүй бол сонсгол хэрхэн яаж өндөрлөх, ямар үр дүнд хүрэх байсныг таашгүй. Энэ хүн сонсголд оролцсоны үр дүнд, ямартай ч Оюутолгойн гэрээг хийсэн нь Монголын эрх ашиг байсан юм байна. Тийм ч муу гэрээ байгаагүй юм байна. Тухайн үеийн улс төрийн, гадаад, дотоод нөхцөл байдлаас болоод гэрээнд дутагдалтай талууд байсан юм байна. Жишээ нь 34 хувийг эзэмшсэн явдал юм байна.

Гэвч гэрээ байгуулагдсанаас хойш ажилласан үе үеийн Засгийн газрууд, ажил хариуцаж байсан хүмүүс ажлаа хийгээгүйн улмаас гэрээг засах, сайжруулах ажил хийгдээгүй юм байна. Цаашид энэ талын ажлыг хийх нь гэрээний талууд болох Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто группэд нээлттэй байгаа юм байна. Зарим талаар ажиллаад эхэлчихсэн юм байна гэдэг мэдээллийг олон нийт авсан. “Олонхи нь авсан” гэж хэлж чадахгүй ч олон нийт бол авсан. “Олонхи нь” гэж хэлж чадахгүй байгаагийн учир нь гурван өдрийн сонсголыг зурагтынхаа өмнө суугаад яс үзсэн нь манай иргэдийн хэдэн хувь юм гэдгийг бид мэдэхгүй. Гэхдээ нийгмийн сүлжээгээр бол маш том хэлэлцүүлэг явсан. Олон дайсныг тодруулсан, зарим талаар “баатруудаа” ч тодруулсан. Баатруудын нэг нь яах аргагүй С.Баярцогт гэдэг Сангийн сайд байлаа л даа. Одоо хэр нь олон нийтийн сүлжээнд С.Баяр, С.Баярцогт хоёрт чиглэсэн алга ташилт зогсоогүй л байна.

Яг үүний “халуун мөр дээр” буюу өчигдөр Оюутолгойн гэрээний автор С.Баярцогт NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгчээ. Сайн ярилцлага, бүр маш сайн ярилцлага. С.Баярцогт гэдэг хүн 1990 оноос хойш тоолбол өөрийн улс төрийн амьдралын 35 жилийн түүхэнд ийм илэн далангүй байсан түүх үгүй. Нэгдүгээрт, Оюутолгойн гэрээ буюу яригдаж байгаа асуудал нь өөрөө түүнийг тойрч эргэж байгаа учраас. Хоёрдугаарт, сүүлийн 8-9 жил улс төрөөс авсан завсарлага, туулсан зам нь энэ хүнийг ийм илэн далангүй байхад хүргэсэн байх. Гуравдугаарт, энэ удаагийн ярилцлагаар С.Баярцогт гэдэг хүн их улс төрд эргэн ирж байгаагаа зарлалаа. Зарлах цаг нь болсон ч гэж үзсэн байх.

Ярилцлагад УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсголтой давхцаж Калининградын арбитрын шүүх хурал, түүний шийдвэр, мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Ерөнхийлөгч болонгуутаа Оюутолгойн гэрээг байгуулсан хүмүүс дээр хэрэгжүүлсэн ялын төлөвлөгөө гэх мэт олон баримт, хуучраагүй түүхүүд яригдсан. Эдгээрийн дотор “эргэлзээтэй” гэмээр хоёр сэдэв хөндөгдсөн. Эхнийх нь Дубайн гэрээ.

С.Баярцогт өөрөө ярьсан. 2009 онд онд гэрээ байгуулахад Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө 5,1 тэрбум доллар байсан. 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдахад зардлын хэтрэлт нь 2 тэрбум доллар болчихсон, төсөл санхүүжилтгүй зогсчихсон байсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газар гарч ирээд төслийг явуулахын тулд хөрөнгө оруулагч талд давуу байдал олгосон. Жишээ нь, “Менежментийн гэрээ” гэдэг зүйлээр. Одоо төслийн нийт хөрөнгө оруулалт 32 тэрбум доллар болсон. 16 тэрбум ам.долларыг олборлолтоос буюу үйл ажиллагаанаасаа санхүүжүүлсэн, 16 тэрбум ам.долларыг хөрөнгө оруулагч тал гаргасан. /Монголын тал нэг ч долларын хөрөнгө оруулалт хийгээгүй/.

Дубайн гэрээг байгуулснаар Оюутолгой төсөл үргэлжилсэн, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас хөрөнгө оруулалт татаж чадсан. Ер нь бол уул уурхайн том төслүүдийн зардал угаасаа анхны төлөвлөлтөөс хэтэрч явдаг. Төсөл хэрэгжих үе шатанд их хэмжээний нэмэлт зардал гардаг, хайгуул шинжилгээ хийдэг. Оюутолгойн хөрөнгө оруулалтын зардал анх төлөвлөснөөс дөрөв дахин өссөн. Дэлхийн зах зээл, олон улсын түвшинд авч үзвэл тийм өндөрт орохгүй. Тэгж яривал “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардал зургаа дахин өссөн шүү дээ. Тэрийг яагаад хэн ч ярьдаггүй юм...

С.Баярцогт ингэж ярьсан. Тэгсэн хэрнээ “Дубайн гэрээний ард хэн байгаа юм бэ?” гэдэг сэтгүүлчийн асуултад гурвантаа “ҮАБЗ-ийн гурван гишүүн” гэж хариулсан. Ц.Элбэгдорж, З.Энхболд, Ч.Сайханбилэг гурвыг хэлж байгаа юм. ҮАБЗ чиглэл өгсөн учраас Дубайн гэрээ хийгдсэн, Оюутолгой төсөл үргэлжилсэн, гэхдээ Засгийн газар гэрээ байгуулаагүй, хоёр компанийн хооронд гэрээ байгуулсан гэж. Тэгэхээр энэ гэрээний төлөө ҮАБЗ-ийн гурван гишүүнээс ял асуух ёстой юм уу, яах ёстой юм? Энэ эхний асуулт. С.Баярцогт бол зүгээр болсон процессийг л ярьсан байх л даа. Хоёр дахь нь 2023 онд болсон АН-ын даргын сонгууль.

С.Баярцогт энэ ярилцлагад маш олон улстөрчидтэй, тэр дундаа МАН /МАХН/-ынхантай сайхан харилцаатай явж ирснээ ярьсан. Жишээ нь, Залуучуудын эвлэлийн ерөнхийлөгч байхад нь Н.Энхбаяр, У.Хүрэлсүх нар түүний тэргүүлэгчид байсан. Н.Энхбаярыг 2003 онд “их өрийг” тэглэсэн явдалд нь маш их талархдаг, хэрвээ тэгээгүй бол монголчууд уул уурхайн том төслүүдээ бие дааж хөдөлгөж чадахааргүй байсан гэдгийг ярьсан. С.Баяр гэдэг хүн маш их алсын хараатай хүн байгаад, хэдийгээр нам нь үнэмлэхүй ялалт байгуулсан ч гэсэн АН-ыг Засгийн газартаа урьснаар Оюутолгойн гэрээг байгуулсан. МАН /МАХН/ дангаараа байхдаа энэ гэрээг хийж чадахгүй байсан гэж ярьсан.

Харин АН-ын дарга, удирдлагуудын хувьд нэг ч таатай үг хэлсэнгүй. Н.Алтанхуягийн Засгийн газрыг бүр “дөрвөн Ерөнхий сайдтай” байсан гэв. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр гэх мэтчилэн. Тэр ч бараг ортой л доо байх. Х.Баттулга бол Ерөнхий сайдаа даваад Ерөнхийлөгчтэй шууд харьцдаг, асуудлаа дэмжүүлдэг байлаа. Н.Батбаяр гэж “Чингис бонд”-ын мөнгийг захиран зарцуулдаг, төсвийн асар их эрх мэдэлтэй хүн байлаа.

Мөн Л.Гантөмөрийг 2024 оны сонгуульд анхнаасаа “ялах бодолгүй орсон” гэв. Баримтгүй л зүйл. Гэхдээ 2023 онд С.Баярцогт, Л.Гантөмөр хоёр АН-ын даргад өрсөлдөж, С.Баярцогт нь 13 хүний саналаар ялагдсан нь бол үнэн. Санал тэнцээд, бараг С.Баярцогт нь ялчих гээд байсан чинь “Женко”-гийнхон арван хэдүүлээ орж ирээд Л.Гантөмөрийг дэмжээд гаргаад ирсэн л гэж ярьдаг юм. Хэн мэдлээ, нам бол нам.

Л.Гантөмөр нь намын дарга болоод С.Баярцогтыгоо “генсек”-ээр урьсан. Тэр үед “Бодлогын түвшинд ажиллана, техникийн шинжтэй ажил хийхгүй” гээд өөрөө татгалзсанаа ч хэлсэн. Тэгээд Л.Гантөмөр нь С.Баярцогтод зориулж Тэргүүн дэд дарга гэдэг албан тушаал бий болгоод, Улс төрийн зөвлөлийг удирдуулсан. Гэвч 2024 оны УИХ-ын сонгуулийн нэр дэвшүүлэлт дээр дахиад “хагарал” гарсан. Жагсаалтын 3-т бичигдсэн С.Баярцогтыг хасаад, С.Батсуурийг оруулж ирээд, Х.Тэмүүжин 9 дээр орж ирсэн. С.Баярцогт дарга үүнийг "Улс төрийн намын тухай хуулиар нэр дэвшигчдийг нууц санал хураалтаар гаргах ёстой байхад ил санал хураалт явуулсан, тухайн үеийн эрх баригч нам "нүдээ аниад" өнгөрсөн” гэж ярив. Ингээд хоёр дахь зөрчил.

Яг үнэндээ С.Баярцогт АН-ын даргаар сонгогдсон бол МАН-тай хамгийн түрүүнд тохироо хийх хүн. Л.Гантөмөрийн оронд С.Баярцогт Эдийн засгийн хөгжлийн сайд хийх байсан. Өөр юу ч өөрчлөгдөхгүй. Магадгүй одоо ч гэсэн АН хамтарсан Засгийн газар байж байх байсан байх. Хэрвээ “Женко”-гийнхон С.Баярцогтыг дэмжсэн бол С.Баярцогт АН-ын дарга болох байсан байх. Харин АН ялах байсан гэдэг бол худлаа байх аа. Яваагүй зам бүхэн сайхан байдаг.

Гурван жил АН-ын Тэргүүн дэд даргаар ажиллахдаа нэг ч удаа дуугараагүй хүн Оюутолгойн сонсголын гэрчийн хувиар олон нийтийн өмнө гарч ирээд их улс төрд эргэн ирж буйгаа зарлалаа. Ирэхдээ жаахан эвгүй, “хажуугийн цохилт”-той /хавирга руу цохихыг хэлдэг билүү/ орж ирлээ. Эргэн ирэх болсон шалтгаан нь АН-ын дарга О.Цогтгэрэл гэж харуулахыг хичээлээ. Гэхдээ О.Цогтгэрэлээс илүү У.Хүрэлсүх гэдэг хүн л ойрхон санагдлаа. Арай жаахан яарчихав уу даа л гэж...

Б.СЭМҮҮН

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Бат инженер (202.9.40.123)
    Намуудын үгүй ээ МАН, АН-ын талцал гээч Монголын хор-дайсан байгаагүй бол Баярцагт, Да Ганболд, Нарангэрэл багш, Худалдаа үйлдвэрийн танхимийн Лхагважав мэтийн толгойнуудаа Монголы төр ашиглах байсан юм сан даа. Хайран юм. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэж үнэн л юм даа.
    2025 оны 12 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлэв 2 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 2 цаг 8 мин Арктикт сүүлийн 125 жилийн хамгийн халуун жил тохиов 2 цаг 9 мин Бразилын Сенат Ж.Болсонаругийн ялыг бууруулах хуулийн төслийг баталлаа 3 цаг 47 мин “Warner Bros.”-ын зөвлөл “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгов 3 цаг 49 мин Луврын музей ажил хаялтын үеэр хэсэгчлэн нээгдлээ 3 цаг 50 мин АНУ, ОХУ-ын төлөөлөгчид Майамид уулзах төлөвтэй байна 3 цаг 51 мин Нэтфликсийн “Монголд тавтай морил” тусгай дугаар тун удахгүй үзэгчдийн хүртээл болно 3 цаг 53 мин Говь-Алтай аймгийн Цогт сумын заган ойг нөхөн сэргээнэ 3 цаг 56 мин Олон улсын жендэрийн стандартад нийцүүлэх суурь бүрдүүлнэ 3 цаг 57 мин Нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2.7 сая төгрөг байна 3 цаг 58 мин Волейболын дээд лигийн аялан тоглолт Дархан хотод болно 4 цаг 0 мин Халал аргаар бэлтгэсэн махыг Катар Улсад экспортлоход хамтарна 4 цаг 2 мин Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос YouTube-ээр шууд дамжуулна 4 цаг 3 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол судлаач Шимамүра Иппэйг хүлээн авч уулзав 4 цаг 4 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй сэргээгдэх эрчим хүчний төслүүдээр хамтран ажиллах талаар санал солилцов 4 цаг 10 мин УИХ СЕХ-ны дарга, гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв 4 цаг 11 мин Төрийн албаны хүнд суртал, ёс зүйн зөрчилд АТГ хяналт тавив 4 цаг 12 мин Улаанбаатар хотын хөгжилд Канадын туршлага нэвтрүүлэх талаар ярилцав 5 цаг 39 мин Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 5 цаг 44 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ...
Top