“Жендерийн тэгш байдал ба Уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд олон улсын хурал Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тус хурал нь жендерийн эрх тэгш байдлыг уур амьсгалын бодлоготой уялдуулах, бодит шийдэл тодорхойлох зорилготой байсан бөгөөд 21 аймаг болон нийслэлд урьдчилсан 27 удаагийн зөвлөлдөх уулзалт хийж, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын төлөөлөгчдийн дуу хоолойг нэгтгэн, нийт 285 санал бүхий уриалгыг боловсруулсан байна.
Хурлын хаалтын ажиллагааны үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан уриалгыг танилцуулан баталгаажуулж, НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн болон Жендерийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Т.Энхбаяр нар хаалтын үг хэлжээ.
Хурал нь дараах үндсэн сэдвийн хүрээнд салбар хэлэлцүүлгүүд өрнүүлж, олон улсын сайн туршлагыг солилцсон байна:
-
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах бодлогод жендерийн хариуцлага хүлээх асуудал
-
Хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулах жендерийн хандлагатай мэдлэгийн платформ
-
Жендерийн хариуцлагатай уур амьсгалын санхүүжилт
-
Эмэгтэйчүүдийн манлайллыг таниулах, тэднээр удирдуулсан уур амьсгалын санаачилгууд
Уг хурлын үр дүнд батлагдсан уриалгыг 2025 оны арваннэгдүгээр сард болох Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Талуудын 30-р бага хурал (СОР30)-д өргөн барьж, мөн зургадугаар сард зохион байгуулагдах шинэчлэгдсэн жендерийн үйл ажиллагааны төлөвлөгөө хэлэлцэх 62-р салбар хуралдаанд санал болгохоор төлөвлөжээ.
Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам