Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан “Салбарын хөгжилд — Бидний манлайлал” онол, практикийн бага хурал энэ долоо хоногт амжилттай болж өндөрлөлөө. Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан тус хуралд төр болон хувийн хэвшлийн 16 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн оролцож, өөрсдийн хийсэн судалгаа, нийтлэлээ танилцуулсан байна.
Хурлын тэргүүн байрт “Асгатын дов” эмнэлгийн захирал, уламжлалтын их эмч Т.Дуламсүрэн-гийн “Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн хам шинжийн үеийн амьдралын чанарт нөлөөлөх зүү эмчилгээний үр дүн” сэдэвт судалгаа шалгарсан бөгөөд түүний ажлыг анагаах ухааны доктор, дэд профессор Б.Лагшмаа, зөвлөх доктор Ж.Энхцэцэг нар удирджээ.
Дэд байрт Мандал сумын “Хэрх” ЭМТ-ийн нүүр амны их эмч Б.Намуунбайгаль-ийн “Мандал сумын ерөнхий боловсролын сургуулийн 9-12 насны хүүхдүүдийн дундах шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2023–2025 оны ажлын үр дүн” судалгаа шалгарсан байна. Ажлын удирдагчаар ЭМБУ-ын магистр, докторант О.Анар ажилласан.
Гутгаар байрт Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн лабораторийн их эмч Б.Элбэгзаяа-гийн “Шээс, БЗДХ-ын шинжилгээний хариунд дүн шинжилгээ хийх нь” судалгаа орсон бөгөөд түүний зөвлөхөөр Мандах Их сургуулийн багш Б.Золзаяа ажиллажээ.
Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын гавьяат багш, доктор Н.Сүмбэрзул, Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од, гавьяат эмч С.Сарантуяа, доктор профессор П.Цэдэн, аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Э.Санаа-Амар нар оролцож, шилдэг судлаачдад шагнал гардуулсан байна.
Тус хурал нь нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэх, орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг туршлагыг солилцох, манлайллыг дэмжих зорилготой бөгөөд салбарын хөгжилд шинэ санаа, үнэт хувь нэмэр оруулсан үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар