Цас, мөсний хайлалтын улмаас Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн голын усны түвшин нэг өдрийн дотор 115 см-ээр огцом нэмэгдэж, үерийн түвшинг 15-40 см-ээр давжээ. Мөн Буянт гол үерийн аюултай түвшинг 10 см орчим даван хүчтэй үерлэж байна. Үүнээс гадна Хангай, Алтай нурууны сав нутгаар урсах Идэр, Сэлэнгэ, Орхон, Хануй, Гичгэнэ, Хойттамир, Богд, Завхан, Цагаантуруут, Ховд зэрэг голуудын усны түвшин 10-35 см нэмэгджээ.
Иймд дээрх голуудын эрэг хөвөөгөөр нутаглаж буй иргэд, малчид, тариаланчид болон аж ахуйн нэгж байгууллагуудыг болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг УЦУОСМХ-ны Гадаргын усны судалгааны хэлтсээс анхаарууллаа.
Эх сурвалж: УЦУОСМХ