Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг 37 дахь удаагийн номын баяр энэ жил Дорноговь аймгийн Сайншанд хотын Хүүхдийн ордонд амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаагийн баяр нь “Үндэсний бичиг соёлоо дээдэлье” уриан дор зохион байгуулагдаж, аймгийн 14 сумын соёлын байгууллагууд, номын сангууд өргөнөөр оролцлоо. Номын баярын үеэр:
-
Аймгийн номын сангийн ховор, хуучин ном, үндэсний бичиг соёлын үзэсгэлэн,
-
Аймгийн зохиолчдын гар бичмэл бүтээлүүдийн үзэсгэлэн,
-
Уламжлалт мал аж ахуйн өв соёлыг харуулсан боловсролын үзэсгэлэнг орон нутгийн Соёлын төвийн ажилтнууд дэлгэсэн байна.
Түүнчлэн Соёлын яамны шагнал болох “Нацагдорж” тэмдгээр номын шилдэг уншигч хүүхдүүдийг урамшуулсан. Шагнал хүртсэн Сайншанд сумын ЕБС-ийн III сургуулийн 5а ангийн сурагч Алтанболдын Энхнаран сэтгэгдлээ хуваалцахдаа, сардаа 30 гаруй ном уншдаг бөгөөд уран зохиол, танин мэдэхүйн номд дуртай гэдгээ онцолжээ. Тэрбээр ном уншсанаар түргэн ойлгох, цэгцтэй сэтгэх, зөв бичих чадвар нэмэгддэгийг үеийнхэндээ захиж байлаа.
Энэхүү баяр нь соёлын өв, үндэсний бичиг соёлыг дээдэлсэн үйл ажиллагаа болж, хүүхэд багачууд, иргэд өргөнөөр оролцсон оюуны баялагтай өдөр боллоо.
Эх сурвалж: Соёлын яам, Дорноговь аймгийн ЗДТГ